“Шүүгч Америкийн алдарт дуучин Бритни Спирсийн эцэг Жеймс Спирсийг асран хамгаалагчийн статусаас нь хасах хүсэлтийг татгалзах шийдвэр гаргалаа” гэж “Variety” сонин мэдээлэв. 39 настай дуучин бүсгүй өмнө нь Лос-Анжелесийн шүүх хуралдаан дээр виртуал утсаар ярьж, аав Жеймс Спирсийг асран хамгаалагчийн статусаас нь хасахыг хүссэн удаатай. Мөн гэр бүлийнхнийхээ үйлдлийг шүүмжилж, сэтгэл санаагаар унан, аз жаргалгүй байгаагаа тэмдэглэжээ.
“”Бессемер Траст” санхүүгийн компани томилогдсоны дараа Жеймс Спирсийн асран хамгаалагчийн статусыг нэн даруй түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээж аваагүй” гэж шүүхийн бичиг баримтад дурдсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Спирс одоог хүртэл санхүүгийн эх үүсвэрээ үр дүнтэй удирдаж, хэт их нөлөөллийг эсэргүүцэх чадваргүй хэвээр байгаа гэсэн ч бүсгүй шинэ хүсэлт гаргах эрхээ хадгалж үлдсэн юм.
Бритни Спирс бол хамгийн алдартай дуучдын нэг агаад эхний хоёр пянзынх нь дараа (1999-2000) АНУ-ын арван жилийн хамгийн их борлуулалттай дуучин болсныг хүлээн зөвшөөрч, дэлхийн шоу бизнесийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад 12-р байрт орсон юм.
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг дуучны сэтгэцийн эрүүл мэнд 2007 онд нөхөр Кевин Федерлайнаас салсны дараа донсолж эхэлсэн гэдэг. Тэдний гэр бүлийн амьдрал 2004 оны аравдугаар сараас 2007 оны долдугаар сар хүртэл үргэлжилж, хоёр хүүтэй болсон билээ. Дуучны аав 2008 онд шүүхийн шийдвэрээр түүнийг асран хамгаалалтад авсан агаад Бритни үүнийг цуцлахын төлөө тэмцэж буй ч өнгөрсөн оны 11-р сард Лос-Анжелесийн шүүх Ж.Спирсийн талд орсон юм. 2020 оны 11-р сард шүүхийн шийдвэрээр эцгийнхээ асран хамгаалах эрхийг хасуулах талаар Б.Спирс дахин хүсэлт гаргасны дараа “Bessemer Trust” санхүүгийн компани дуучны асран хамгаалагч болжээ.