Сэтгүүлч О.Бат-Ундрах, Б.Гандолгор нарын нийтлэл “Хамтын эрэн сурвалжилга-2024” хөтөлбөрийн шилдэг бүтээлээр шалгарлаа

Монголд анх удаа хэрэгжүүлсэн “Хамтын эрэн сурвалжилга-2024” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг бүтээлээр Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг”холбооны гишүүн, эрүүл мэндийн сэтгүүлч О.Бат-Ундрах, Б.Гандолгор нарын “Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог” нийтлэл шалгарлаа.

Тус хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийслэл, орон нутгаас 18 сэтгүүлч тэнцэж, тэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эрэн сурвалжлах сэтгүүл зүйн багц сургалтуудад хамрагдаж, олон улсын туршлагыг судалжээ.

Оролцогчид сургалтын явцад таван багт хуваагдаж, сонгосон сэдвийн хүрээнд дадлага, менторын дэмжлэгтэйгээр судалгаа хийж, бүтээл туурвихад шаардлагатай арга зүйд суралцсан байна. Үүний хүрээнд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг”холбооны ТУЗ-ийн гишүүн О.Бат-Ундрахын ахалсан “Дархлаа” багийн бүтээл ийнхүү шилдгээр тодорсон юм.

“Дархлаа” багийн “Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог” нийтлэлд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаагүй, эмчилгээний зааварт оруулаагүй, олон улсад ч үр дүн нь нотлогдоогүй “хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” гэх ангиллын 111 нэр, төрлийн эмд Эрүүл мэндийн даатгалын сангаас 17 тэрбум төгрөг хууль бусаар олгосон асуудлыг олон нийтэд ил болгожээ. Уг “хэрэгт” одоо болтол эзэн холбогдогч байхгүй, хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг”холбооны ТУЗ-ийн гишүүн, “Өнөөдөр” сонины тоймч О.Бат-Ундрах нь эрүүл мэндийн чиглэлээр сүүлийн 10 орчим жил ажиллаж буй. Өнгөрсөн хугацаанд түүний бэлтгэсэн цөөнгүй бүтээл, цуврал нийтлэл нь үр дүнд хүрч, салбарын хэмжээний бодлого, шийдвэр гаргагчдад нөлөөлөн ажиллаж иржээ. Тухайлбал, бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүүгийн тархалт үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрснийг “Улаан тарианы үе эргэн ирлээ” цуврал нийтлэлээрээ анх олон нийтэд анхааруулж байв. Уг нийтлэлийн мөрөөр ЭМЯ-наас үндэсний хэмжээнд “Улаан тариа-2” аяныг хэрэгжүүлж байжээ.

Тэгвэл Холбооны идэвхтэн гишүүн Б.Гандолгор нь 10 гаруй жил эрүүл мэндийн сэтгүүл зүйгээр мэргэшиж, энэ чиглэлээр олон арван нийтлэл, сурвалжилга бэлтгэсээр байна. Түүний цөөнгүй бүтээл нь ч үр дүнд хүрч байлаа. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлаас үүдэлтэй хүний эрүүл мэндийн асуудлыг хөндсөн “Үхэл дагуулсан хөх савнууд” бүтээл нь эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхны “чихэнд” хүрч, улмаар Засгийн газраас “Сав, баглаа, боодол үндэсний хөтөлбөр” боловсруулан, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ. Үүний хүрээнд аймаг, сумын иргэд, тэр дундаа малчид химийн хортой хуванцар савыг ашиглахаас татгалзсаар байна.

Ташрамд, “Хамтын эрэн сурвалжилга-2024” хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэнгийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнгээс хагас жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амийг аварч, 74 гал түймрийг унтраажээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.30-10.06/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, …