“Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клуб энэ удаагийн “Өглөөний цагийг өөртөө” уулзалтаараа Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо, Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны төлөөллүүдийг урьж “Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой өсөлт” сэдвээр ярилцлаа.
Тус уулзалтад Хүнсчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул, Р.Сансармаа, “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр нар оролцлоо.
Монгол Улс Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны бүсэд нэгдэх нь эерэг хийгээд сөрөг ямар үр дагавартай талаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчидтэй ярилцлаа.
Уулзалтын эхэнд Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай хойд хөрш ОХУ, Беларусь зэрэг улс жилдээ 100-150 сая тонн улаан буудай үйлдвэрлэдэг. Өнгөрсөн зургаадугаар сараас гурилын квотгүй болгосноор 5-6 үйлдвэр хаагдсан. Ийм байдлаар экспортын бүтээгдэхүүн улаан буудай үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлдөг. Хэдэн сая тонноор улаан буудай экспортолдог улс орнуудтай манай улсын хэдхэн үйлдвэрлэгч өрсөлдөнө гэхэд амаргүй.
Гурил бол стратегийн бүтээгдэхүүн. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барих нь хамгийн чухал. Орц бордоо нийт зардлын 28 хувийг эзэлдэг учраас үнэ хямдруулж чаддаггүй. Төр засаг татвар, валютын зөрүү дээр анхаарч өгмөөр байна. Хойд хөршөөс их хэмжээний улаан буудай оруулж ирэхэд л үндэсний компаниудад хүнд цохилт өгдөг. Улаан буудай чанаргүй цавуулаггүй байна гэдэг бордоотой холбоотой. Иймд төр бордоог татваргүй болгох тал дээр л анхаарах хэрэгтэй байх. Бид урд хөрш рүү гурил үйлдвэрлэх боломжгүй. Ер нь аль ч улс руу газар тариалангийн бүтээгдэхүүн экспортлох боломж байхгүй.
Зөвхөн дотоодын зах зээлээ хангадаг учраас үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого барих нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна” гэлээ.
“Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр: “Яагаад та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн импортын бараанаас үнэтэй байгаа юм бэ гэж. Тийм, үнэтэй байгаа нь үнэн. Манайх бол хөгжиж буй статустай орон. Ийм шилжилтийн үед үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр гаднын бүтээгдэхүүнээс үнэтэй тусаад байна. Гэтэл иргэд хямд бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй байдаг. Энэ зовлонг даван туулж чадсан улс орнууд хөгжлийн зам руугаа ордог. БНСУ л гэхэд ган болон техник технологийнхоо үйлдвэрлэлийг аварч үлдэхийн тулд татварын уян хатан бодлого барьж үйлдвэрлэлээ бойжуулсан.
Үнэхээр үйлдвэрлэгчид татварын дарамтад туйлдаж байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэхээр татварын дарамт өндөр учраас зах зээлд борлуулах өртөг нь импортын бараанаас өндөр тусаад байдаг. ОХУ-ын арилжааны зээлийн татвар 6-12 хувь, Монголынх 11-21 хувь байгаа.
Цахилгаан эрчим хүч нь манайхаас хамаагүй хямд. Зарим мужуудаа тарифаас бүрэн чөлөөлсөн байдаг. Татвар нь хамгийн дээд хязгаар нь 6 хувьтай байна. Гэтэл манай улс цэвэр ашгаас 25 хувийн татвар татаж байна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл яаж хямд байх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Экспортын тэргүүлэх орон болно гэсэн бодлогоо тодорхойлоод удаж байгаа. Ийм байхад хөгжихөөс яах вэ. Манайх эсрэгээрээ татварын дарамтад байгаа шүү дээ. Евроазийн холбоотой ямар нэгэн гэрээ байгуулбал үйлдвэрлэл элгээрээ унана шүү.
Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва: Манай холбоо 400 гаруй гишүүнтэй, 20 000 хүн ажиллаж байна. Бид газар тариалангаа дэмжих бодлогоо сайжруулах хэрэгтэй. Намайг үг дуугарахаар чи ч гэсэн хамтран буруутан биз дээ гэдэг. Би ч гэсэн энэ асуудалд буруутайгаа зөвшөөрнө. Гэхдээ зөв голдирол руу оруулахын тулд бүгдээрээ хичээх хэрэгтэй биз дээ. Үйлдвэрлэл эрхлэгчид рүүгээ дайрдаг байдлаа болих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж улс орон оршин тогтоно. Мах махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой.
Гэхдээ гулуузаар авдаггүй заавал халууны боловсруулалт хийж байж авдаг. Ер нь хөдөө аж ахуйн салбараа мэддэг хүн л хэлэлцээр хийх ёстой. Цаасны араас хэлэлцээр хийх гэж зүтгэвэл сайн зүйл болохгүй. Хэлэлцээр хийхээс өмнө бид дуу хоолойгоо хүргэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзул: Чөлөөт худалдааны хэлэлцээр нь үйлдвэрлэгчдийнхээ эсрэг болох байгаа учраас нэлээн бодолтой хандаж, зарим зүйлийг засаж залруулаасай гэж бодож байна. Илүү ул суурьтай хандаасай гэж бодож байгаа. Ковидын үед үйлдвэрлэж чадаж байгаа улс орнууд өөрсдийн боломжоороо даваад гарсан. Гэтэл дотоодын үйлдвэрлэгчид байгаагүй бол ямархуу байдлаар даван туулах байсан бол гэдэг асуудалтай тулгарах байлаа. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” аяныг хэрэгжүүлсэн байх. Хүнсний салбарынхан хичээгээрэй, бид боломжоороо дэмжье гэсэн. Бид ч гэсэн чадлаараа хичээж байна. Хийж бүтээнэ гэдэг бэлэн бараа импортлохоос хамаагүй хэцүү. Гэвч улс орон оршин тогтнож илүү их хөгжихийн тулд үйлдвэрлэгч байх ёстой.
Оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Үндэсний үйлдвэрлэгчдийн тогтвортой хөгжил, найдвартай үйлдвэрлэлтэй холбоотой асуудал ганц үйлдвэрлэгч компанийн эздийн асуудал биш юм. Тиймээс ч бид өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд олон талын байр суурь, бодит нөхцөл байдлыг сонсож, ярилцаж, мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорилоо. Зөв шийдвэр гарахад олон талын оролцоо, дуу хоолой чухал. Энэ уулзалт үүнд тодорхой үүрэг гүйцэтгээсэй гэж “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубийн ерөнхий зохицуулагч Д.Даваадулам мэдэгдлээ.