Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 40 хувь нь архинаас шууд хамааралтай, тэр дундаа эрчүүдийн 22 хувь нь архинд донтох эмгэгтэй байна гэж судалгаагаар тогтоожээ. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 6 хувь болоход үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа гэж үздэг байна. Түүнлэн, ДЭМБ-ын гаргасан үзүүлэлтээр нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8 литрээс давсан улс үндэстнийг мөхлийн ирмэгт тулсан гэж тооцдог, харин манай улсын идэвхтэй хүн тутамд 50 шахам литр согтууруулах ундаа ногдож байна. Иймд хүн амын архины хэрэглээг бууруулахын тулд энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх орчинг өөрчлөх нь чухал гэж ДЭМБ-аас манайд зөвлөсөн байдаг.
Хүн амаа архинаас холдуулахын тулд улс орнууд олон хэлбэрийн бодлого хэрэгжүүлдэг. Скандиновын орнуудад архи, согтууруулах ундааг зөвхөн төрийн өмчит компанийн дэлгүүрээр борлуулдаг бол Европын олон оронд 3,5% градусаас дээш согтууруулах ундааг хүнсний дэлгүүрт зарахыг хориглодог. Манайд энэ талаар тусгайлсан хориг байхгүйгээс хүн амын талаас илүү хувь амьдарч байгаа нийслэлд гэхэд 300-500 хүний дунд архи зардаг нэг хүнсний дэлгүүр ногдож байна. Хэт задгай энэ байдлаас шалтгаалан архидалт гэх нийгмийн өвчин Монголын ирээдүй рүү хурдтай довтолсоор байна. 2009 онд өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар 14-16 настнуудын 70 хувь нь нэгээс дээш удаа согтууруулах ундаа хэрэглэсэн дүн гарсан нь үүний тод илрэл юм.
Архидалттай тэмцэх нь нийгэм, эдийн засагт олон хэлбэрээр өгөөж өгнө. Зөвхөн хувь хүний амьдралаар авч үзэхэд, архинд донтсон хүн амьдралынхаа туршид 20-100 сая төгрөгийг согтууруулах ундаанд зарцуулдаг гэнэ. Архидалтаас улбаатай нийгмийн бухимдал, үзэл хандлагыг өөрчлөх ажил алхам алхмаар урагшилж байна.