“CNN”-ийн нэвтрүүлэгч хоёр Солонгосоор аялж байгаад нэгэн сонирхолтой зүйлийг олжээ. Тэрээр Өмнөд Солонгост ердөө 50 центийн үнээр борлуулагддаг “Choco- Pie” жигнэмэг Хойд Солонгосын хар зах дээрх хамгийн үнэтэй, хамгийн их гүйлгээтэй байдаг бүтээгдэхүүн болохыг анзаарчээ. Хойд Солонгосын энгийн иргэдийн сарын дундаж цалин 100-200 ам.доллар байдаг. /CNN/ Гэвч тэд цалингийнхаа 10 ам.долларыг Өмнөд Солонгосын үйлдвэрлэдэг нэг ширхэг “Choco-Pie”-д зарцуулчихдаг байна. Хоёр улсын хамтарсан Кэсон дахь үйлдвэрлэлийн цогцолборт ажилладаг хойд солонгосууд , тэдэнд өдрийн норм болгон өгдөг “Choco Pie”-r нутгийнхаа хар зах дээр өндөр үнээр дамлан наймаалдгаас энэ бүхэн үүсчээ.
Кэсонд бизнес эрхэлдэг Өмнөд Солонгосын компаниуд ажилтнууддаа урамшуулал болгон өдөрт 4-10 ширхэг “Choco Pie”, “Сoca Cola” ундааг хоолны хооронд өгдөг аж. Харин сүүлийн жилүүдэд эдгээр ажилчид өдрийн нормоо ажил дээрээ идэхийн оронд гэр рүүгээ авч явж, хар зах дээр наймаалдаг болсон байна . Хойд Солонгос өмнө нь пицца, гамбургер, шарсан төмс зэрэг гадаад хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьж байсан бол хоёр жилийн өмнө Кэсоны ажилчдад өгөх “Choco Pie”-ийн хэмжээг бууруулсан юм. Гэвч энэ нь одоо ч Хойд Солонгосын зах дээрх хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг байсаар л байгаа аж. Өмнөд Солонгос дахь хүний эрхийн төлөөх хөдөлгөөнийхөн Хойд Солонгос руу үе үе агаарын бөмбөлгөөр “Choco-Pie” явуулдгийг нэвтрүүлэгч тэмдэглэжээ . Нэг хэсэг Пхеньян Кэсон аж үйлдвэрлэлийн цогцолборын үйл ажиллагааг хаах үеэр хар зах дээр “Choco-Pie”-ийн үнэ 23 ам.долларт хүрсэн байжээ.