Домгоор бол хүмүүс анх эр эм гэж байгаагүй, нэгдмэл нэг буюу Адам, Ева хоёр бие биенийхээ толины тусгал байв. Гэтэл тэд нүгэл үйлдэж, “толь”-ио хагалсан тул Адам, Ева нарын удам бие биеэ танихаа байж. Тэгээд агуу хайрын дүнд үүссэн жинхэнэ гэр бүлд ахин нэгддэг гэнэ.
Хамгийн гэгээн, романтик энэ баярын өдөр дурлалт хосууд бэлэг солилцдог заншилтай. Сарнай, тагтаа, хилэн дэр, дурлалын сахиусан тэнгэр, гоёлын зүүлт, гинж, шоколад, чихэр, бээлий гээд юу ч бэлэглэж болно. Ганцхан бүгд зүрхний хэлбэртэй байх ёстой. Дээр үед хайрын зурвас, захиа, ил захидлаа торго, атлас, хээ угалз, цэцэг, сүлжээсэн хөвөө, тогосын өд, шилэн сувсаар чимэглэж, мөн үнэртэй ус шингээдэг байсан. Бүр алтаар урлаж байсан гэнэ. Ихэнх захиа нэргүй, буцах хаяггүй, солгой гараар баруунаас зүүн тийш бичсэн байдаг тул Валентины баярын дараа хувийн мөрдөгчид эзнийг нь олох захиалгад дарагддаг байжээ. Харин орчин үед интернэт, цахилгаан шуудангаар баяр хүргэж, SMS, дуут илгээмж явуулдаг болов. Гэтэл нэг сөрөг тал нь хүмүүсийн есөн хувь нь андуураад хамт ажиллагч буюу даргадаа, гурван хувь нь төрсөн эцэг эхдээ, хоёр хувь нь хуучин амрагтаа Валентины мэнд хүргэдэг гэнэ. Та энэ өдөр дурлалт хүндээ сэтгэлээ нээ, бүтэн жил илчилж чадаагүй хайраа илчилж, сүй тавих, гэрлэхэд Гэгээн Валентины өдөр л тохирно. Хайрлана, хайрлуулна гэдэг үнэхээр их аз жаргал шүү!
Валентины баярын тухай домог
XVIII зуунаас эхлээд дурлалт хосуудын баярыг тэмдэглэж ирсэн. Гэхдээ уг баярын гарал үүслийн талаар бараг улс үндэстэн бүрт өөрийн гэсэн домог байдаг. Манай эриний III зуунд Ромын император Клавдий III гэр бүл болохыг хориглосон зарлиг гаргажээ. Тэр дайн тулааны талбарт цэргүүд эрэлхэг зоригтой тулалдахад гэр бүл саад болж, тэд эзэнт гүрний алдар цуугийн төлөө бус гэр бүлээ хэрхэн тэжээхэд санаа тавьж байна гэж үзжээ. Харин ганцхан Валентин лам хааны зарлигийг зөрчиж, нууцаар дурлалт хосуудыг гэрлүүлсээр байв. Энэ тухай император сонсч, ламыг баривчилж, цаазаар авах тушаал буулгав. Шоронгийн хуягийн охин залуу ламтны эрэлхэг зоригийг биширч улмаар дурлажээ. Лам ч бас хариу дурлав. Тэд уулзах аргагүй тул захиагаар харилццаг байв.
МЭ 269 оны хоёрдугаар сарын 14-нд Валентин цаазаар авахуулахын өмнө хайртдаа сүүлчийн зурвасаа бичиж, “Валентинаас чинь” хэмээн гарын үсгээ зуржээ. Түүнээс хойш энэ өдрийг хүмүүс Гэгээн хайрын өдөр болгон тэмдэглэдэг болсон ажээ. Ромын гэгээн Праксидисын сүм дэх Валентины шарилын дэргэд үнэнч хайрын бэлгэ тэмдэг ягаан бүйлсний мод хавар болгон цэцэглэдэг гэнэ. Өөр нэг домгоор бол Валентины баярыг эртний Ромын Lupercalia баяраас гаралтай гэж үздэг. Энэ баярын зорилго нь өөрийн нөгөө хагасыг олох, иймээс баярын дараа олон гэр бүл шинээр үүсдэг байна. Зарим нутагт бүсгүйчүүд хайрын зурвас бичиж, вааранд хийдэг. Эрчүүд сугалаагаар оногдсон бүсгүйгээ эргүүлж, хамтдаа баярладаг ажээ.Эртний Грект тус баярыг мал, ой, тал хээрийн бурхан, хөгжилтэй, хүүхэмсэг Панурги бурхны баяр гэж үздэг байв.
Францчууд энэ баярыг Орлеаны герцог Чарльз санаачилсан гэж үздэг. Тэр 1415 оны 2-р сарын 14-нд шоронд байхдаа хайрт гэргийдээ зориулж, романтик шүлэг бичсэнээр францчууд анх удаа дурлалын дөрвөн мөрт зурвас илгээдэг заншил бий болгожээ. Дараа нь энэ моод Европ даяар тархсан байна. Орост хайрын баярыг анх 7-р сарын 8-нд Петр ба Феврони нарын хайрын өдөр гэж тэмдэглэдэг байжээ. Тэд үхтлээ бие биеэ хайрлаж, нөгөө ертөнцөд одсон хойноо ч хамт байсан гэдэг. Тэд 7-р сарын 8-нд хоёулаа нас барахдаа нэг шарилд оршуулахыг гэрээслэв. Гэвч хүмүүс хос хоёрыг тусад нь өөр өөр сүмд оршууллаа. Гэтэл маргааш нь тэд нэг бунханд цуг байжээ. Хүмүүс дахиад салгасан ч дахиад л нийлчихжээ. 100 жилийн өмнө Англид хүүхдүүд том хүн шиг хувцаслан айл хэсч, Гэгээн Валентины тухай дуу дуул, томчууд нь гэрийн тэжээмэл амьтад, ялангуяа нохой, моринд дурлалын захиа бичдэг байв.