Хойд Солонгосын ЗХУ-ын үед зээлсэн өрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тухай Төрийн Думын цахим хуудаст мэдээлжээ. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Хойд Солонгосын ОХУ-д төлөх ёстой байсан нийт 11 тэрбум ам.долларын өрийн 90 хувийг нь хүчингүй болгосон байна.
Хоёр улсын Засгийн газар уг асуудлыг өнгөрсөн 20 жилийн турш хэлэлцсэний дүнд хоёр орны улс төр, эдийн засаг, санхүүгийн онцлог нөхцөл байдлыг харгалзан үзэж, өрийн 90 хувийг тэглэх асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Хэлэлцээр ёсоор Хойд Солонгос өрийн үлдсэн 10 хувь болох 1.09 тэрбум ам.долларыг ирэх 20 жилийн хугацаанд төлж барагдуулах ёстой аж. Түүнчлэн гэрээнд заасны дагуу, Хойд Солонгос ирэх 20 жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг зэрэг улсын байгууламж барихаар болбол “Оросын хөрөнгө оруулалт” хэмээн нэрлэх ёстой юм байна.
Тиймээс энэ нь ОХУ-ын хувьд алдагдалтай боловч хамгийн зөв бодлого болж байгаа юм. Одоогийн байдлаар Орос улс сүүлийн 13 жилд хуучин социалист орнуудад нийт 100 тэрбум долларын өрийг нь өршөөсөн байна. Тухайлбал, ОХУ-д хамгийн их буюу 32 тэрбум ам.долларын өрөө өртэй байсан Куба улсын өрийн 90 хувийг хүчингүй болгож 10 жилийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон билээ.
Д.Амар