Москва Крым дэх хяналтаа чангатгаж буйтай зэрэгцэн Украинд үндэсний эв нэгдлийг дэмжигч болон Оросын талыг баримтлагч олон арван мянган иргэн зэрэгцэн жагсацгааж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Оросыг дэмжигч жагсагчид Крымын Севастополь хотод өрсөлдөгчдөө “бут цохижээ”. Зүүн бүсийн Луханск хотод Оросыг дэмжигчид бүсийн захиргааг эзэлж, захирагчийг огцрохыг шаардаж эхэлсэн байна.
Мөн Донецк хотын захиргааны барилга дээрээс Украины далбааг авч Оросынхыг мандуулжээ. Энэ бүхэн тайван, баярын жагсаал маягаар эхэлжээ. Учир нь, тэд Украин хэлний эцэг гэгддэг алдарт яруу найрагч Тарас Щевченкогийн 200 насны ойг тэмдэглэж жагссан бөгөөд ихэнх оролцогчид дунд эргэм насны эмэгтэйчүүд байсан байна.
Ойн баяр дээр үг хэлж байсан шинэ Ерөнхий сайд Арсений Яценюк “Украины газар нутгаас сантиметрийг ч ОХУ-д өгөхгүй” хэмээн амлажээ. Гэвч удалгүй Оросыг дэмжигч жагсагчид баярын жагсаалыг үймүүлж, сөргөлдөгч талуудын бие биеэсээ илүү гарах гэсэн тэмцэл болгож хувиргажээ. Талуудын аль аль нь Крымыг булаацалдаж маргаан дэгдээсэн байна. Удалгүй тэд ойр хавийн машин, бусад эд хогшлыг эвдэж сүйтгэн танхайрч эхэлжээ. Крымын автономит бүсийн захиргаа ОХУ-д нэгдэх шийдвэр гаргаж, уг шийдвэрээ энэ долоо хоногт бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулахаар болсон нь байдлыг улам хурцатгаад байгаа юм.
Энэ дашрамд Их Британи, Германы удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин руу утас цохиж, Крымээс цэргээ татахыг дахин сануулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ерөнхий сайд Арсений Яценюкийг Цагаан ордонд урьсан нь түүнийг Вашингтоноос дэмжихээ илэрхийлсэн хэрэг хэмээн ажиглагчид үзэж байна.
Д.Амар