Хятадын нөлөө бүхий бизнесмэнээр толгойлуулсан мафи маягийн бүлэглэлийг өрсөлдөгчдөө хороосон болон авлига, хээл хахуулийн хэргээр шүүх хурал эхэлсэн талаар “Синьхуа” мэдээллээ.
Сяннинд эхэлсэн энэхүү шүүх хурлаар Хятадын уул уурхайн томоохон компаниудын нэг тооцогддог “Sichuan Hanlong Group”-ийн гүйцэтгэх захирал асан Лю Хан, түүний дүү Лю Вэй болон бусад 34 хүнд холбогдох хэргийг авч хэлэлцэх юм байна. 1993 оноос хойш идэвхтэй ажиллаж буй гэх тус бүлгийг БНХАУ -ын дарга Си Жинпинийн санаачилсан авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 15 зүйл гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.
2012 онд “Форбес”-оос гаргасан Хятадын хамгийн баян бизнесмэнүүдийн 148-д жагсч байсан нэгэн болох Лю Хан өнгөрсөн оны гуравдугаар сард баривчлагдсан байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тус бүлэглэл улстөрчидтэй ойр дотно холбоотой байсан бөгөөд Лю Хан Сычуань мужийн улс төрийн зөвлөх байгууллагын төлөөлөгчөөр нэгэнтээ томилогдож байжээ. Тиймээс энэ хэрэг Сычуаньтай холбоотой нөлөө бүхий улстөрчид, тэр дунд БНХАУ -ын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчооны гишүүн асан Жоу Юнкантай холбогдож болзошгүй байгаа аж. Учир нь, тэрээр 2003 он хүртэл Сычуань мужийн Коммунист намын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.