ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2014 ОНЫ 03 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХ АСУУДЛААР ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ
2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү эрх зүйн шинэчлэлийг хийхдээ Үндсэн хуульд нийцүүлэн эрхийн зөрчлийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг өмнөх нөхцөлөөс дордуулахгүй байх, хуульч нь иргэний хувьд гомдол гаргаж, маргаанаа шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхийг хуульд тусгах, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин парламент хууль хэлэлцэх явцад харьцуулсан судалгааг хийлгэж, хуулийн хувийн хэрэг болон хуралдааны протоколд хавсаргах, хууль тогтоомжид хууль тогтоогчийн дэвшилтэт үзэл санааг тайлбарласан бичилтийг тусгаж байх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуулийн суурь зарчим, бүтцийг эргэн харах, хуульчтай холбоотой гарсан маргааныг хараат бус шүүхийн журмаар эцэслэн хянан шийдвэрлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хууль тогтоох үйл явцад Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг харгалзан үзэж байх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар хуулийн төсөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр өргөн хүрээтэй хэлэлцэж байх, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд шүүгч, хуульч нь зөвхөн хуульд захирагдаж, хүний хувь заяаг шийдвэрлэдэг онцгой эрхтэй тул төрөөс хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь хуульчтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар гаргасан иргэний гомдлыг шүүхээр эцэслэн хянан шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаж болохгүй гэсэн саналыг тус тус гаргаж байсан болно.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалтыг үндэслэн “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “…Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “…Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно…”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл …шүүхийн шийдвэрийг давж заалдах …эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “…Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6-д заасныг үндэслэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоол болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталж өгөхийг Та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт
2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар
Шүүхийн тухай багц хуулийн холбогдох зүйл, заалттай нийцүүлэх зорилгоор дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тухайлбал эрүүгийн хэргийг зохих шатны журмаар хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг шүүгчдийн зөвлөгөөний хурлаар тогтоосон дарааллыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбоотой харилцааг зохицуулсан зүйл заалтуудыг хүчингүй болгож, хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн байхаар, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх тойргийн журмаар ажиллах болсонтой холбогдуулан харьяалал тогтоох, аль ч шатны шүүхэд аливаа хэрэг, маргааныг шүүгчид хэрхэн хуваарилах түүнийг албажуулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхийг оролдсон тохиолдолд холбогдох байгууллагад нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж хүргүүлэх, шүүх хуралдааны явцыг дуу, дүрс бичлэгээр баталгаажуулан архивт шилжүүлэх, мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл аль шатны шүүхэд хандан маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж байсан ажиллагааг хэвээр үлдээх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой зүйлүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлснээс гадна Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй гэдэг нь Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн зөвлөгөө авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх, дадлага туршлага бүхий бусад этгээдээр төлөөлүүлэх эрхийг хөндөж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөхөөр оролдох, нөлөөлсөн гэж үзсэн бол хариуцлагын асуудлыг тодорхой болгох зэрэг саналыг хэлж байсан болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН
ХОРООНЫ ДАРГА Ш.ТҮВДЭНДОРЖ