Шумбагчид болон нисэх онгоц, усан онгоцны мэргэжилтнүүд лхагва гарагт Индонезийн Ява тэнгист эрлийн ажиллагааг шинээр эхлүүллээ. Үүнээс нэг хоногийн өмнө “AirAsia” компанийн QZ8501 нислэгийн онгоцны үлдэгдэл олдсон юм. Энэ мэдээ зорчигчдын гэр бүлд хүнд цохилт болж, хоёр ч хүн ухаан балартан эмнэлэгт хүргэгджээ.
Онгоцны үлдэгдэл хэсэг онгоцны хамгийн сүүлд тогтоогдсон байршлаас 100 гаруй километрийн зайтай уснаас олдсон гэж аврах багаас мэдээлжээ. Одоогийн байдлаар, 40 гаруй хүний цогцос олдсон байна. Мөн онгоцны үйлчлэгчийн хувцас өмссөн эмэгтэй хүний цогцос олдсон гэж Индонезийн эрлийн багийн дарга Бамбан Соелистё лхагва гарагт мэдэгджээ. Одоо эрлийн багийнхан онгоцны хар хайрцаг болон бусад зорчигчдын цогцосыг хайж байгаа аж.
Шинжээчид онгоцны хар хайрцгаас ням гарагт болсон ослын шалтгааныг илрүүлэх боломжтой юм. Иймээс цууриа хэмээх дуу авиа хэмжигч төхөөрөмж ашиглан усны гадаргуугаас доош 40-50 метр буюу тэнгисийн гүнийг шалгаж байна. Мөн Индонезийн Сурабаяа хотод олон тооны түргэний тэрэг хохирогчдын цогцсыг зөөхөөр ирсэн гэнэ.
Үүний зэрэгцээ цаг агаарын таагүй байдал нь үзэгдэх орчинд нөлөөлж, эрлийг хүндрүүлж байна гэж аврагчид мэдээлжээ. Эрлийн багийнхан мягмар гарагт онгоцны их бие байж магадгүй объектийн сүүдрийг олж харсан боловч хүчтэй шуурга тэдний эрлийг саатуулжээ. Эрх баригчид зорчигчдын гэр бүлийн гишүүдтэй холбоо тогтоогоогүй байхад онгоцны сэг, хүний цогцосны дүрсийг ямар ч сануулгагүй цацсан нь буруу гэж албаны хүмүүс зарим телевизүүдийг зэмлэж байна.
А.Дэлгэрмаа