Жирэмсэн үеийн фолийн хүчлийн хэрэглээ

blog-cover-3-1

ФОЛИЙН ХҮЧИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Фолийн хүчил буюу B9 амин дэм нь хүний биеийн эсийн хэвийн өсөлт хөгжилд чухал нөлөөтэй. Байгалд фолийн хүчил нь гүн ногоон өнгөтэй хүнсний ногоо, жүрж, үр тариа, хөрөнгө, үхрийн маханд агуулагддаг.

Зарим гурилан болон бүхэл үрийн бүтээгдэхүүн, маргаринд фолийн хүчлийг үйлдвэрийн аргаар нэмж өгсөн байдаг бөгөөд ийм бүтээгдэхүүн дээр “F” гэсэн үсэгтэй дугуй тэмдэглэгээ байдаг.

ФОЛИЙН ХҮЧИЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Фолийн хүчил нь урагт мэдрэлийн ширхгийн гаж хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлдэг бөгөөд хүүхэд тагнайн цооролт, сэтэрхий уруултай төрөх эрсдэлийг бууруулдаг.

Фолийн хүчил нь эхийн эрүүл мэндэд ч мөн тустай. Учир нь B12 амин дэмтэй хамт цусанд эрүүл улаан эс үйлдвэрлэхэд оролцдог.

Фолийн хүчлийн дутмагшил нь цус багадалттай болоход нөлөөлдөг байна.

УРГИЙН МЭДРЭЛИЙН ШИРХГИЙН ГАЖ ХӨГЖИЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Мэдрэлийн ширхгийн гаж хөгжил гэдэг нь ургийн нугас мэдрэл бүрэлдэж байх үед хамгаалалтын давхарга нь бүрэн битүүрэхгүй байхыг хэлэх бөгөөд энэ нь төрөлхийн мэдрэлийн гэмтэл, саажилттай төрөх эрсдэлийг үүсгэдэг.

Жирэмсний эхний 12 долоо хоногт хүүхдийн тархи болон мэдрэлийн тогтолцоо эрчимтэй бүрэлдэж эхэлдэг. Тиймээс жирэмсний эхний 3 сард фолийн хүчлийг тогтмол хэрэглэх хэрэгтэй байдаг. Мэдээж жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн хугацаанаасаа ууж эхэлбэл илүү сайн.

Жирэмсний 13 долоо хоногтой болмогцоо фолийн хүчил хэрэглэх шаардлагагүй ч, үргэлжлүүлэн уух нь урагт ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй.

ХЭР ИХ ФОЛИЙН ХҮЧИЛ УУХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн хугацаанаасаа эхэлж өдөрт 400 микро грамм фолийн хүчил уухыг зөвлөдөг бөгөөд жирэмсний 12 долоо хоног хүртэл ууна. Түүнчлэн фолийн хүчил агуулдаг хүнсний зүйлсийг давхар хэрэглэх хэрэгтэй.

Бодит байдал дээр нийт жирэмслэлтийн 50% нь төлөвлөгдөөгүй байдаг учраас мэргэжилтнүүд төрөх насны бүх эмэгтэйчүүдийг өдөр бүр фолийн хүчил уухыг зөвлөдөг.

Ямар үед фолийн хүчлийн өндөр тунгаар уух шаардлагатай байдаг вэ?

Дараах тохиолдолд эмч танд фолийн хүчлийг илүү өндөр тунгаар уухыг зөвлөдөг. Үүнд:

  • Хэрвээ таны хүүхэд өмнө нь тархи мэдрэлийн хөгжилтэй төрж байсан бол дараагийн хүүхэд ийм гажигтай төрөх магадлал өндөртэй байдаг байна. Энэ тохиолдолд эмч танд илүү өндөр тунтай фолийн хүчил бичиж өгдөг.
  • Хэрэв жирэмсэн эх таталтын эсрэг эм уудаг бол Фолийн хүчлийн тунг мөн нэмэгдүүлэх шаардлагатай. Учир нь энэ төрлийн эм нь биед фолийн хүчил шимэгдэхэд саад болдог байна.
  • Хэрэв жирэмсэн эх илүүдэл жинтэй буюу Биеийн Жингийн Индекс нь 30-аас дээш бол
  • Чихрийн шижинтэй бол
  • Цусны эмгэгтэй бол

ЯМАР ХҮНСНИЙ ЗҮЙЛС ФОЛИЙН ХҮЧЛЭЭР БАЯЛАГ ВЭ?

Фолийн хүчлийг бэлдмэлээр болон хүнсээр зэрэг авах нь өндөр үр дүнтэй байдаг. Тиймээс эдгээр фолийн хүчил ихтэй хүнсний зүйлсийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглээрэй.

  • Брюссель байцаа
  • Хар шош
  • Хэрээний нүд буюу аспарагус
  • Брокколи
  • Жигнэсэн төмс
  • Хивэг
  • Чанасан өндөг
  • Яргай загас
  • Жүрж
  • Бор будаа
  • Бүхэл үрийн хар талх

Фолийн хүчил нь усанд уусдаг тул, хүнсний ногоог буцалгаж биш жигнэж хэрэглэх хэрэгтэй. Хэт болгох нь мөн фолийн хүчлийг устгадаг гэдгийг санаарай.

Эх сурвалж: www.babycenter.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …