Хилээр зорчигчийг хил зөрчигч болгодог байдлаа зогсоохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

32_28a097b27081f515c9de434d1d00a56253f18a93Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна гэж лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хилээр зорчигчийг хил зөрчигч мэт болгодог байдлаа зогсоох ёстой гэлээ.

Энэ уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурорын газрын дарга М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж нар оролцлоо.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаадын иргэдийн олонх нь манай хоёр хөрш болон БНСУ-ын иргэд. Мөн хилээр гарахыг хориглосон монгол иргэдийн тоо ч цөөн биш байна. Хилийн хорио ихэдвэл хөл хорио болно. Хөл хориотой айлд хөрөнгө оруулалт, хөгжил, технолгийн дэвшил зэрэг ч хориотой болно. Ингэж дур мэдэн хориглох нь ажлын байр, авах цалин, ашиг орлого, шинэ технологи Монголд нэвтрүүлэхийг хориглож байгаатай адил юм. Монголын, гадаадын иргэд ялгаагүй хөлдөө ийм чөдөртэй байж болохгүй, хүний эрх ч зөрчигдөж байна.

Hotel Mongolia гэдэг хоч монгол хүн бүрт хортой. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаадаас авдаг манай улсад долларын ханш өсөх нь хүн бүрийг торгож буйтай адил юм.

Хөрөнгө оруулагчид бизнес, ашиг хайж ирдэг, адал явдал хайж ирдэггүй. Айдсын төлөө хөрөнгө оруулалт хийхгүй, ашгийн төлөө хөрөнгө оруулалт хийдэг зарчимтай гэж Ерөнхий сайд хэллээ.

Гадаад, дотоодын иргэдийг хилээр орж, гарахыг хориглож байгаа нь манай байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаатай холбоотой. Уг нь хууль, дүрмээр зохицуулагдсан асуудал. Энд цугласан бид нэг ойлголтод хүрч энэ асуудлыг цэгцлэх боломжтой. Өнгөрсөн онд Улсын Ерөнхий прокурорын тушаал гарсан. Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан хүний зорчин явах эрхийг шүүхийн шийдвэрээр, эрүүгийн хэрэг үүссэн тохиолдолд мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрээр хориг тавихаар болсон. Харамсалтай нь энэ хэрэгжихгүй байна. Прокурор шүүхийн шийдвэргүйгээр яаралтай баривчлах, саатуулах тохиолдол бий. Ийм тохиолдолд дараа нь шийдвэрээ гаргаад баталгаажуулдаг байх учиртай. Гэтэл яам, тамгын газар, татварын газар, хувь хүний өргөдөл гомдлоор хүртэл хүний хилээр зорчих эрхийг хязгаарласан тохиолдол гарч байна.

Манай яаманд хамаарч байгаа энэ асуудлыг цэгцлэх тушаал шийдвэр гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулъя гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ. Мөн тушаал шийдвэр гаргаж хүнийг хилээр гарахыг хориглочихоод хэргийг шалгаж дууссан хойноо эргэж мэдээлж албан бичиг явуулдаггүйгээс хохирсон хүмүүс ч байна гэлээ.

“Энэ асуудлаар Ерөнхий прокурорын зөвлөлийн хурал маргааш хийхээр товлосон. Хурлаар хэлэлцээд ямар тушаал, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал боловсруулна” гэж Ерөнхий прокурор хэллээ.

Татварын хууль, тогтоомжтой холбоотой асуудлаар Засгийн газар ажиллаж байгаа. Татварын багц хуулийн өөрчлөлтөд олон улсын стандарт тавьдаг, бусад улс орнуудтай адилхан байх ийм орчныг бий болгох чиглэлд ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэлээд Ерөнхий прокурорын тушаалыг хэрэгжүүлж, хууль хяналтын байгууллагынхан уялдаа холбоогоо хангаж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …