Дэлхийн байгаль хамгаалах сангаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригт зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн хувьд “Уур амьсгалын өөрчлөлтийг бид сааруулж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог юмаа. Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагаа, чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж өнгөрсөнд тохиолдсон харамсах сэтгэлдээ зул болгон өргөх гэх мэт бэлгэдэлтэй юм байна.
60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.
Эх дэлхийн цаг арга хэмжээнд Ховд аймгийн 2000 гаруй хүн эх дэлхийн цагт нэгдсэнээс гадна эх дэлхийн цаг арга хэмжээнд зориулсан гүйлт, дугуйн уралдаан, лаатай урлан уур амьсгалын өөрчлөлт оюутан залуусын нүдээр гар зургийн уралдаан зэргийг зохион байгуулснаараа нэлээд онцлог арга хэмжээ болж өнгөрлөө.