Баян-Өлгий, Ховд аймагт нэгдсэн шалгалт хийлээ

03ece249fa74e545bb57c29f5bfdb74cМэргэжлийн хяналтын ерөнхий газраас Баян-Өлгий, Ховд аймагт 2015 оны 04 дүгээр сарын 20-30-ны  өдрүүдэд МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалангаар ахлуулсан 13 улсын байцаагч хүнс, мал эмнэлэг, хилийн боомтын ажиллагаа, ургамал, газар тариалан, дэд бүтэц, байгаль орчин, цацрагийн эх үүсгүүр ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын чиглэлээр нэгдсэн шалгалт хийлээ.

Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд удаа дараа цэцэрлэг, хүнсний бөөний худалдааны газруудад хоол, хүнсний гаралтай хордлого гарч байсан. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчлөө арилгах албан шаардлага, зөвлөгөө өгч байсан ч өнөөг хүртэл халдвар, хордлого гарсан шалтгаан, зөрчил бүрэн арилаагүй, шат шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд тодорхой ажил хийгээгүй байна.

Аймгийн шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдсан нэр бүхий хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч газруудад Хүнсний тухай хуулийн холбогдох заалт 49,2%, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалт 73.4% хэрэгжилттэй буюу “Хангалтгүй”, халдвар, хордлого дахин гарах нөхцөл бүрдсэн байна гэж шалгалтын хэсэг үзлээ.

Улаанхус сумын сургуулийн дотуур байр, гал тогоо, хүүхдийн цэцэрлэг, “Думан”, “Нурданеско” ХХК-ний хоолны газар, “Цамбагарав-Өгөөж” ХХК-ний бөөний худалдааны төв зэрэг таван аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар зогсоолоо.

МХЕГ-аас хийсэн энэ удаагийн шалгалтын мөрөөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын сургууль, дотуур байрны гал тогоог шаардлага хангуулах, сургуулийн дотуур байрны гар угаах, усанд орох газрын бүх цорго, шүршүүрийг ажиллагаатай болгох, гүний худгийн мотор солих, барилгын хананд үүссэн хөгц, мөөгөнцөрийг ариутгах, хүнсний агуулахын тавиур шинээр хийж эхэлжээ. Өлгий сумын 6-р бүрэн дунд сургууль өөрийн гэсэн хичээлийн байргүй, “Чихтэй” бага сургууль, “Бугат” бүрэн дунд сургуульд мэргэжлийн бус багш нар үндсэн багшаар ажиллаж байгаа болон өөр мэргэжлийн хичээл зааж байгаа зөрчил илэрлээ.

Өлгий сумын төвд мал худалдах цэг, Ховд аймгийн Мал эмнэлгийн нэгжүүд хүн ам амьдардаг бүсэд байрладаг,  тэндээ мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин  хадгалж байгаагаас оршин суугчид, хүрээлэн байгаа орчинд халдварт өвчний үүсгэгч дамжин тархах эрсдлийг бий болгож байна гэж дүгнэлээ.

Ховд аймагт мал эмнэлэг,  ургамал хорио цээр, хилийн боомтууд, цацрагийн үүсгүүр ашиглагч, эрчим хүч, дулаан үйлдвэрлэгч, нүүрс баяжуулах үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаж, эрсдлийн үнэлгээ хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Ургамлын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгодоггүй нь ХХААЯ-аас улсын хэмжээнд мөрдөх журам батлан гаргаагүйтэй холбоотой байна. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захиалгат био бэлдмэлийг Мал эмнэлэг, үржлийн газраас хугацаанд нь нийлүүүлдэггүй, вакциныг зориулалтын нөхцөлд тээвэрлэж чанар идэвхит байдал алдагдуулах, вакцинжуулалтын графикт хугацаанд цаг үеийн нөхцлөөр өөр төрлийн вакцин тарих ажил давхцдаг зэргээс үүдэж  дархлаажуулалт буурч улмаар тухайн бүс нутагт  халдварт өвчин  гарах боломж бүрдүүлж байна гэж дүгнэлээ.

Ховд аймгийн сумдад 2012 оны шүлхий өвчнөөс хойш тухайн бүсэд давтан вакцинжуулалт хийгээгүй, хөрш зэргэлдээ БНХАУ-ын шүлхий өвчний голомттой нутгаас хилийн боомтоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл хүн, малд халдваргүйжүүлэлт хийх, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт суларснаас шүлхий өвчин тархсан байж болзошгүй байна. Иймээс цаашид голомтын бүсэд байгаа малын шилжилт хөдөлгөөнд тавих байнгын хяналтыг чангатган тогтмолжуулах шаардлагатай болжээ.

Ховд аймгийн дулааны шинэ станц, “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станц, Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК, Дөргөний Усан Цахилгаан станц ХХК–д дэд бүтэц, хөдөлмөрийн аюулгүй байдал нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалаа. Шинэ дулааны станцыг техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй, улсын экспертизээр хянагдаж магадлал хийгдээгүй зураг төслөөр угсарч, суурилуулсан ноцтой зөрчил илэрлээ.

Аймгийн дулааны станцууд МХЕГ-аас 2010, 2011, 2013 онд хийгдсэн хяналт шалгалтаар өгсөн үүрэг даалгаврыг тодорхой хэмжээнд биелүүлсэн боловч мэргэжлийн инженер техникийн ажилтан дутмаг, дотоодын техникийн хяналтын орон тоо байхгүй нь ашиглалт, аюулгүй ажиллагаа, станцын хэвийн  найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэв.

Баян-Өлгий, Ховд аймагт хийсэн хяналт шалгалтад 30, зөвлөн туслах 15  аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Давхардсан тоогоор 489 зөрчил илэрснээс 164-ийг нь  шалгалтын явцад арилгуулж 23 аж ахуйн нэгж, байгууллагад 190 заалт бүхий албан шаардлага, 23 аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөмж өгч, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар 2, үйл ажиллагааны талаар 4 улсын байцаагчын дүгнэлт гаргалаа.

Аж ахуйн нэгж, байгууллагуудад дотоод хяналт нэр төдий хийгддэг, журам боловсруулан мөрдөж байгаа боловч эрсдлээ зөв тодорхойлоогүй, дотоод шалгалтын мөрөөр засч залруулдаггүй, хөрөнгө, цаг хугацаа шаардах зөрчлийг арилгахдаа хойрго, зөвхөн орлого, ашиг хөөж ажиллаж байгаа зэргээс зөрчил, дутагдал бүрэн арилахгүй, хууль тогтоомжийн хэрэгжилт бүрэн хангагдахгүй байна гэж дүгнэв.

Шалгалтын мөрөөр арга хэмжээ авч ажиллах санал, үүргийг холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд албан тоотоор хүргүүллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …