Бага насны хүүхэд шөнө чангаар уйлж, бие нь тавгүйтэн, нүд нь тогтохгүй байх нь аливаа зүйлээс айж цочсоны шинж. Үүнийг шалгахын тулд хэнгэрэг дээр нь дарж үзээрэй. Хэрвээ чих хоолой нь өвдөж байвал энэ хэсэгт хөнгөн дарахад уйлах юм уу аль эсвэл тайвширна. Үгүй бол хүүхэд айсан байна гэсэн үг. Тиймээс ширэг тавих зайлшгүй шаардлагатай.
Ширэглэх буюу тайвшруулах арга
Нүдэнд нь сэв суусан гэж үзээд рашаанд сэвийг нь шингээж авдаг. Ингэхийн тулд тухайн бэлтгэсэн рашаандаа:
“Мэлмийн хар нь рашаандаа
Мэддэг сэв нь усандаа
Хар буруу нь рашаандаа
Хамаг бузар нь сэвэндээ” гэж домнон хэлдэг.
Ингэсний дараагаар тугалгыг рашаанд хийхэд дүрс гарах бөгөөд сэвийг нь биежүүлж нүднээс нь гаргалаа гэж үздэг. Түүнийг бяр чадалтай аав нь бяцхан үрийнхээ амийг хамгаалж, хар мууг дарлаа хэмээн нүдэн дээр нь хугачин үзүүлэх хэрэгтэй.
Бор халзан туулай
Бүрий болох, нар мандаж үүр цайх үеэр үрсийн гуравдах мэлмий маш хүчтэй байдаг гэж үздэг. Мөн харанхуй шөнө элдэв зүйл харчихвий хэмээн бор халзан туулай хийж домнодог.
Балчир үрийн толгойн заадсаас хамрын үзүүр хүртэл хар хөөгөөр зураас татаж:
“Сүнсэн бие нь бэхжихээс өмнө
Сүүдэр бүхнийг бүү хартугай.
Эрхэм бие нь бэхжихээс өмнө
Элдэв мууг бүү хартугай” гэж хоёр шивнээд үрийнхээ зулай дээр үнсэж, хөөдөөрэй.
Харин харуй бүрийгээр хүүхдээ гадагш авч гарах гэж байгаа бол өлгийнийх нь бүсэнд 3 ширхэг явуу буюу дун хийж бүслээрэй. Ингэснээр хүүхдээ элдэв хар бараан зүйлээс хамгаалж байна гэж эртнээс Монголчууд домносоор ирсэн. Энэ төрлийн домыг хүүхдэд 3 нас хүртэл нь хийх хэрэгтэй гэж буурай нар зөвлөдөг байна. Түүнээс хойш энэ дом төдийлөн үйлчилдэггүй бөгөөд хүний сүнс өөрөө тогтож, байраа олон биежсэн байдаг байна.
эх сурвалж: budda.mn