Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчлэн батлагдсан хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. ЗХАБТХуулийн 8.3-т Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу Хууль зүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ний өдрийн А-187 тоот Жолооч нарын зөрчлийн оноо тооцох журам батлагдан гарсан.
Энэ журмын зорилго нь: Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад журмын зорилго оршино. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хүртэл хасна гэж тус журманд орсон. Одоогоор техник технологын шинэчлэлийн ажил хийгдэж байгаа учраас мөрдөж эхлээгүй байна. 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Журманд заагдсанаар жолооч бүр 10 оноотой байх ба ямар зөрчил гаргасан гэдгээс шалтгаалан дараах байдлаар оноо хасагдана.
- Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид – 2 оноо.
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид – 1 оноо.
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид – 2 оноо.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид – 1 оноо.
- Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид – 2 оноо.
- Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид – 2 оноо.
- Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид – 3 оноо.
- Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид – 2 оноо.
- Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй жолоочид – 1 оноо.
- Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид – 1 оноо.
- Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид – 1оноо.
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд – 2 оноо.
- Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид – 2 оноо;
- Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид – 2 оноо;
- Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид – 3 оноо;
- Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид – 1 оноо;
- Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид – 1 оноо.
Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна. Жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид энэхүү журмын урамшуулалд хамаарахгүй. Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.
Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгож болно.