УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, одоо Үндсэн хуулийн Цэцийн даргын асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ асуудлыг УИХ одоогийн ирцээрээ хүч түрэн шийдэж болно. Гэхдээ УИХ-ын дарга энэ байтугай хуулиудыг зөрчөөд тэр нь холбогдох байгууллагаас шийдвэр нь гарчихаад байгаа билээ.
Наанадаж Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 8 нь гарын үсгээ зурж Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх гэж байгаа асуудал чинь Үндсэн хууль зөрчөөд байна шүү гэж УИХ-д сануулсаар байхад, МАН-аас гадна парламентад суудалгүй улс төрийн намууд, хуульчид судлаачид цөмөөрөө энэ асуудал Үндсэн хууль зөрчиж байнаа, “Үндсэн хуулийн хулгай” хийж байна, Үндсэн хуульдаа халдаж байна, цаад утгаараа Үндсэн хуульт байгууллага руу хууль бусаар халдаж төрийн эрхийг булааж авч байгаа гэмт хэрэг болж байна гэдгийг дуу нэгтэй хэлж сануулсаар байхад АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд хүч түрэн, сонгуулийн наана өөрсдийн хүнээ Цэцэд шургалуулж өөрт ашигтай шийдвэр гаргуулах атгаг сэдлээр бусармаг алхам хийж байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д :Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоорардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэхявдал мөн.” гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүд төрийн сүлднийхээ өмнө “би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн тангараглаж, гарын үсгээ зурцгаасан.
Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10-д “Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, … ээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.” гэж заасан тул МАН-ын бүлэг Үндсэн хууль зөрчсөн асуудал хэлэлцэх гэж байгаа чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа талаараа удаа дараа мэдээлэл хийсэн.
УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хууль зөрчсөн, энэ нь түүнийг огцруулах үндэслэл болох эсэх асуудлаар иргэн Б.Энхбаярын гаргасан өргөдлийг Цэц хүлээн авч, цэцийн гишүүн П.Очирбат маргаан үүсгэн удахгүй Их суудлын хуралдаанаараа З.Энхболдын асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ нь Цэцийн даргыг огцруулах эсэх хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд өөрөө даргалан хуралдуулахад ашиг сонирхлын зөрчилтэйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын албан тушаалдаа үлдэх гэсэн, өөрийнх нь асуудлыг хэлэлцэх гэж байгаад хорссон бухимдлаа Цэцийн дарга Ж.Амарсанаагаар дамжуулан Цэцэд гаргаж байна гэх хардлага бодитой бололтой. УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзана…” гэж заасан байдаг.
Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4-т “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасан. Тэгвэл хууль зөрчсөн гэдгийг хэн батлаад байгаа юм бэ. Гэтэл Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэдгийг тогтоосон ганц ч шүүхийн шийдвэр алга. Дээр нь Ж.Амарсанааг Цэцийн гишүүнээр санал болгосон байгууллага болох Улсын Дээд Шүүх өөрийн шийдвэрээ “УИХ мэдэг” гэсэн хариу өгсөн. Цэц өөрөө даргынхаа асуудлыг дотооддоо хэлэлцээгүй байна. Тэгэхээр Цэцийн даргыг огцруулах “болзол” буюу холбогдох хуулийн зохицуулалтаас аль нь ч биелэгдээгүй байгаа биз. Зөвхөн УИХ-ын Тамгын газар санал болголоо. УИХ-ын Тамгын газрын дээр УИХ-ын дарга л бий.
УИХ-ын дарга яагаад Цэцийн даргыг эгүүлэн татахыг хүсэв гэдэг нь тун тодорхой. Учир нь саяхан Үндсэн хуулийн Цэц иргэн Энхбаярын гомдлын дагуу УИХ-ын дарга З.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүнийг сэлгэн томилсон асуудал нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтоол баталсан. Товчхондоо УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй шинж чанар илэрсэн тул дараагийн шатны хурлаараа хэлэлцэнэ гэсэн үг. Үүнийхээ төлөө Үндсэн хуулийн шүүхийн дарга нь УИХ-ын өмнө улс төрийн хариуцлага хүлээх болж байна гэж харагдаж байна. Учир нь хэдийгээр нам бус гэж бичигддэг ч Ж.Амарсанааг АН-ыг дэмжигч гэж үздэг, тэр ч утгаараа Дээд шүүхийн зүгээс санал болгож УИХ түүнийг томилсон.
Харин одоо өөрийг нь томилсон УИХ-ын дарга, АН-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэх хэрэгт шалгах тогтоолоос болж тэр огцорч магадгүйд хүрээд байна. Энэ тохиолдолд УИХ-ын дарга дахиад л Үндсэн хуулийг ноцтой зөрчиж таарна. Дээр дурьдсан 65 дугаар зүйлийн 4 болон Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Цэцийн дарга, түүний эрх хэмжээ гэсэн хэсэгт “Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, зохион байгуулалтын асуудлаар Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана” гэсэн байдаг.
Гэтэл Цэцийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг УИХ-ын дарга, эрх баригч улс төрийн намын дарга ингэж “хангаж”, товчхондоо хааж боож, хавчиж шахаж байгаа нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үү.
Тэгэхээр УИХ, түүний дарга, тэр ч байтугай эрх баригч намын дарга нь Шүүх, Улсын Дээд шүүхийн дээр гартлаа улайрч, өөрийгөө зөвтгөх гэж ямар хуулиуд дээгүүр гишгичин ноцтой алдааг санаатайгаар гаргаж байгааг хар даа.
Цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Цэцийн үйл ажиллагаанд саад учруулсан, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэн доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эсвэл 50 хүртэл мянган төгрөгөөр торгохоор заасан байдаг. Харин Цэцийн үйл ажиллагаанд саад учруулахын тулд буюу нам бус албан тушаалтан байтал улс төрийн хариуцлага хүлээлгэх байдлаар хандан шүүхийн ямар ч баримт, нотолгоогүйгээр гэм зэмд унагаж хугацаанаас нь өмнө эгүүлэн татах, ингэхдээ эгүүлэн татах аль ч байгууллагын зөвшөөрөл, шийдвэргүйгээр Үндсэн хуулийн шүүхийн бүтцээр оролдсон УИХ-ын дарга, эрх баригч улс төрийн намын даргад яар хариуцлага тооцдог юм бол. Ийм эрээ цээргүй тохиолдол урьд хожид гарч байгаагүй болохоор энэхүү ноцтой үйлдэлд ямар шийтгэл, хариуцлага хүлээлгэх нь ч мөн хойч үед жишиг болж үлдэх ёстой болох нь.
УИХ, түүний дарга чухам ямар хуулиудыг зөрчиж, холбогдох байгууллагаас ямар шийдвэр гарсан талаар энд дэлгэсэн албан бичгүүд нотлох биз ээ.
эх сурвалж: zaluu.com