1500 бизнес эрхлэгчид МАН-ын бүлэгт хандлаа

145802934056e7c31c083fd

Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, “Даа хүрээ трейд” ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, “Нарантуул трейд” ХХК-ийн Түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе бар рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны 1500 гаруй бизнес эрхлэгч Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор тэдэнд учирч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлэгт хаяглан ирүүлсээр байна. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэд ханджээ. Эдгээр бизнес эрхлэгчдийн хүсэлтээр МАН-ын бүлгээс зохион байгуулсан “НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт нийслэлийн худалдааны төв, хүнс барааны захуудад худалдаа эрхлэгчид иргэд, найман нэрийн барааны дэлгүүр, хоршоо ажиллуулдаг иргэдийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар оролцож, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн санал бодлыг сонсож, шийдэх арга зам, гарц гаргалгааг хамтдаа эрэлхийллээ.

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдэд тун халтай тусч байгааг хэлэлцүүлэгт оролцсон иргэд ярив. Бизнес эрхлэгчид өр зээлийн сүлжээнд орсон, өнөөг хүртэл төрөөс юм хүсэлгүй өөрсдийнхөө амьдрал ахуйг боломжийн хэмжээнд авч явж ирсэн, гэтэл НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор төр бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн халаас руу гар дүрж, “шахааны бизнес” хийж байна хэмээн шүүмжиллээ. Бизнес эрхлэгчдийн хувьд улсад татвар төлөх үүрэг хариуцлагаа ухамсарладаг, төлөхөд ч бэлэн байна, гэхдээ дарамт шахалтгүй төлмөөр байна гэж саналаа хэлцгээлээ.

Кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт модемыг худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас ирэх дарамт ихэсч, орлого хумигдах, дэлгүүр хоршоогоо хаах, ажлын байраа алдахад хүрээд байгаагаа иргэд төр засагт уламжилсан юм.

н.Дарьсүрэн: 1990 оноос хойш бизнес хийхдээ өнөөдрийнх шиг хүнд байдалд орсонгүй

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Дарьсүрэн 1990 оноос ах дүү нартайгаа хамтран жижиг дунд бизнес эрхэлсээр өнөөг хүрчээ. Өнөөдрийнх шиг ийм хэцүү байдалд орж байсан удаагүй гэнэ. Тэрээр хэлэхдээ “Бид НӨАТ-ыг өгөхгүй гээгүй. Өнөөг хүртэл ямар ч хэл амгүй өгсөөр ирсэн. Гэвч шинэ хууль бидний бизнест маш хүндрэлтэй туслаа. Цаашид бизнесээ үргэлжлүүлэх үү, хаах уу гэдэгтээ тулж байна. Энэ хуульд өөрчлөлт оруулах замаар олон зуун иргэдийн асуудлыг шийдэж өгөөч” гэж хүссэн.

Татварын байгууллагаас кассын машин ашиглахгүй байгаа дэлгүүр, хоршоо, аж ахуйн нэгжийг торгож эхэлсэн. 500 мянган төгрөгийн торгуулийг шууд төлчих санхүүгийн чадамж хомсдоод байгааг ч иргэд сануулсан. Орлого нь жилийн 50 сая төгрөгт хүрдэггүй бизнес эрхлэгчдийг “татвар суутган төлөгч” болгож байгаа нь ч жижиг худалдаа эрхлэгчдийг цаашид ажлын байраа алдахад хүргэж байна гэж тэд онцлов. “Нарантуул” төвд худалдаа эрхлэгч Даваажаргалын хэлснээр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ширхэгийг нь 240 төгрөгөөр авч таван төгрөгийн ашиг харж дараагийн үйлчлүүлэгчид 245 төгрөгөөр худалдахад л шинэ хуулиар төлөх татвар нь 24 төгрөг болж өсчээ.

Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид НӨАТ-ын хуулийг батлахдаа худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонсоогүй, ямар сөрөг үр дагавар гарахыг урьдчилан тооцоогүй гэж шүүмжилсэн. Бэлтгэл ажлыг сайтар базаасны дараа хуулийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байсныг онцлов. Монголын ноос ноолуурын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Эрдэнэтуяа НӨАТ-ын хууль тус салбарт үл ойлголцох байдал үүсгэсэн гэлээ. Хуульд экспортод гаргах угаасан, самнасан ноолуурыг НӨАТ-ын 10 хувийн татвараас чөлөөлнө гэсэн ч дараагийн заалтад нь чөлөөлөхгүй гэж тусгасан. Иймд зөрчилдсөн хоёр заалтыг нэг тийш болгох, НӨАТ-ын хуулийн 14.1.4-т заасан “мах, сүү, өндөг” гэсний ард “ноос, ноолуур” гэдэг нэмж оруулах саналтай байгаагаа илэрхийлэв. НӨАТ-ын хуулийн дээрх заалтаас болж малчдын нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэх, ноос ноолуурын үнэ мах, арьс ширийнх шиг унах эрсдэлтэй, үүнд нэн даруй зохицуулалт шаардагдаж буйг иргэн н.Эрдэнэбат УИХ-ын гишүүдэд уламжиллаа.

Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн н.Мөнхтуяа “Бид улсад татвар төлөхдөө дарамтгүй төлмөөр байна. Энэ хууль ард түмэн, худалдан эрхлэгч хоёрыг хагаралдуулсан хууль болсон. Эдийн засаг хүнд үед ажлын байраа иргэд маань алдахыг хүсэхгүй байна. Хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэлээ.

н.Алтанцэцэг: Иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан төлөлтөд тайвшраад үнийн өсөлтөд “шулуулж” байгаагаа анзаарахгүй байна

Чингэлтэй дүүргийн иргэн Алтанцэцэг захын гэр хороололд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг байна. Тэрээр кассын машин зэрэг шаардлагатай төхөөрөмжийг худалдан авсан боловч интернэт сүлжээ байхгүйгээс ажиллуулж чадахгүй байгаа аж. Энэ тухай албаны хүмүүст хэлэхэд “Ямар ч гэсэн худалдан авсан юм чинь учиртай” хэмээн хариулдаг, НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим барааны үнэ хоёр дахин, зарим нь 100-200 төгрөгөөр нэмэгдсэн, иргэд НӨАТ төлсний хоёр хувийн буцаан төлөлтөд тайвшраад үнийн өсөлтөд “шулуулж” байгаагаа анзаарахгүй байна гэв.

Энэ үеэр бизнес эрхлэгчид НӨАТ-ын татварт жишиг татвар бий болгох саналыг тавьсан юм. Ингэхдээ хотын А, Б зэрэглэлийн бүсэд оршиж байгаагаасаа шалтгаалж энэхүү татварын хэмжээ өөр, өөр байвал ард иргэд, бизнес эрхлэгчдэд ирэх татварын ачаалал багасна, үүнийг дагаад улсад ирэх татварын орлого ихсэх боломжтой гэж байв. Түүнчлэн НӨАТ-ын хэрэгжилтээс үүдсэн бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах зорилгоор энэ хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт хийхийг шаардаж, алдаа мадгийг залруулахын төлөө тэмцэхээ илэрхийлсэн.

НӨАТ-ын хуультай холбоотой асуудал зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд бус орон нутагт ч тулгамдаж байгааг УИХ-ын гишүүдийг нийслэлийн дүүргүүд, аймгууд, тойрогтоо ажиллах үеэр иргэд сануулж, залруулахыг хүссэн байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс бизнес эрхлэгчдийн санал бодол, хүсэлтийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, энэ асуудлыг шийдэх арга зам, гарцыг эрэлхийлж, дорвитой арга хэмжээ авах ажээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …