Ч.Өнөрбаяр: Улсын Их Хурал буруу жишиг тогтоочихлоо

unurbayar_700

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяраас Улсын Их Хурлаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах шийдвэр гаргасантай холбогдуулан тодруулга авлаа.

-Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах шийдвэр гаргасан. Энэ талаар та хуулийн тайлбар өгнө үү?

-Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Батлан хамгаалах салбарын багц хуулиудын төслийг хэлэлцэн баталсанд УИХ-ын эрхэм гишүүдэд талархал илэрхийлж байна.

Дээрх асуусан хуулиудын тухайд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8-д зааснаар “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах шаардлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаадаг номтой.

Түүнээс биш нэгэнт Улсын Их Хурал олонхиороо баталсан хуулийг тогтоол гаргах замаар буцаах хуулийн зохицуулалт хаана ч байхгүй. Үнэн хэрэгтээ энэ Улсын Их Хурал Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөнөөс хойшхи 26 жилийн түүхэнд гарч байгаагүй буруу жишиг тогтоочихлоо.

-Чуулганы хуралдаан дээр тогтоолын төслийг санаачилсан байнгын хорооны гишүүд эдгээр хуулиудыг өмнөх Улсын Их Хурал ёсчлоогүй байсан. Тиймээс хууль санаачлагчид нь буцаасан гэсэн тайлбарыг өгч байсан?

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24.4-т “хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалтаар гишүүдийн олонхи дэмжсэн бол тухайн хуулийн төсөл батлагдсанд тооцно” гэж хоёрдмол утгагүй, маш тодорхой заасан. Харин нэгэнт батлагдсан хуулийг Дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу ёсчлох үйл ажиллагаа явуулах нь Улсын Их Хурал хуулиар хүлээсэн нэг ёсны үүрэг хариуцлагын асуудал юм.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалт жирийн иргэнд биш Улсын Их Хуралд илүүтэй хамаатай гэдгийг Үндсэн хуулийн эрх зүй гадарладаг хуульчид сайн мэдэж байгаа.

-Ер нь хуулийг тогтоолоор буцаах нь хэр хууль зүйн үндэслэлтэй юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд зааснаар УИХ-ын аливаа тогтоол, шийдвэр хуульд нийцэх учиртай. Хуулийн засаглалыг тогтоож чадсан аль ч улс оронд иймл зарчим үйлчилдэг. Хууль зүйн хүчин чадлын хувьд хууль бол тогтоолоос хавьгүй дээгүүр гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тиймээс нэгэнт батлагдсан хуулийг тогтоолоор буцаана гэдэг бол байж боломжгүй алдаа.

-УИХ дахь олонхийн зүгээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дахин өргөн барьж, яаралтай батлуулна гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж, олон арван хүний хүч хөдөлмөр шингэсэн маш чухал хууль байсан.

Харамсалтай нь энэ хуулийг УИХ-аас буцаах шийдвэр гаргачихлаа. Бас нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Дан ганц энэ хуулийг өргөн барьж батлуулсанаар хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Учир нь энэ хууль бол шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиудтай салшгүй уялдаатай.

Яг л цагийн зүүг хөдөлгөж байгаа араа шүд шиг харилцан уялдаатай ажиллаж байж нийгэмд ач тусаа өгнө. Тиймээс эдгээр хуулиудыг цаг алдалгүй цогцоор нь хамтад нь шийдвэрлэх ёстой байх.

president.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …