Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.10.05/ хуралдаан 10 цаг 43 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар эхлээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулав.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын хугацаа 2008-2012 онд хэрэгжиж дууссан ч 2012 оны 12 дугаар сард Катар Улсын Доха хотод болсон Киотогийн протоколд оролцогч талуудын 8 дугаар бага хурлаар уг протоколын үүрэгт хугацааг 2013-2020 он хүртэл сунгаж баталжээ. Өнөөгийн байдлаар Киотогийн протоколын 2 дугаар үүрэгт хугацаа буюу Дохагийн нэмэлтэд нийтдээ 64 улс нэгдээд байгаа аж.
Харин 2015 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суур конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлын шийдвэрээр Парисын хэлэлцээрийг баталсан. Уг хэлэлцээр нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэж байгаа агаад дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2°С-аас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5°С-т хязгаарлахад бүх улс орон хүчин чармалт гаргахыг уриалсан байна.
УИХ-ын 2016 оны ээлжит бус чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан. Дэлхийн бараг бүх улс орон энэ хэлэлцээрт нэгдэж орох чиг хандлагатай байгаа учраас Монгол Улс ижил төстэй агуулгатай хоёр гэрээ хэлэлцээрт нэгдэн орох шаардлагагүй гэж үзсэний үндсэн дээр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийг тухай хуулийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг татаж авах саналаа салбарын сайд байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Харин байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нэгэнт Засгийн газар өргөн мэдүүлсэн хуулийн төслөө татаж авч байгаа учраас энэ тухай шийдвэрээ байнгын хороонд албан бичгээр мэдэгдэхийн зэрэгцээ Гадаад харилцааны яамтай ярилцаж ойлголцох шаардлагатайг сануулав.
Дараа нь Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулсан юм.
Тус байгууллага /СТ-ЕП сан/ нь анх 2002 онд БНСУ-ын Засгийн газрын санаачлагаар, аялал жуулчлалаар дамжуулан ядуурлыг бууруулах зорилгын дор сангийн зориулалтаар үүсч байгуулагджээ. Харин 2004 онд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус байгууллагатай нягт хамтран ажиллах болж, түүний гишүүн орнуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байна. Сангийн захирлуудын зөвлөл нь 2006 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд Мадрид хотноо болсон захирлуудын зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаар Монгол Улсыг зөвлөлийн гишүүнээр элсүүлжээ.
Тус сан нь өнгөрсөн хугацаанд нийтдээ 11 сая ам.долларын санхүүжилт бүхий 108 төслийг 31 оронд хэрэгжүүлсэн агаад манай улсад тус сангийн шугамаар 2013 онд бичил номын сан байгуулах 30 мянган ам.долларын төслийг ерөнхий боловсролын 3 сургуульд хэрэгжүүлжээ. Мөн 2015-2016 онд “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах, сургагч багш нарыг бэлтгэх” 65 мянган ам.долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлсэн байна.
СТ-ЕП сан нь 2013 оноос Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, бие даасан олон улсын байгууллагын статустай болох санаачлага дэвшүүлснийг мөн онд болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн 20 дугаар чуулганы үеэр гишүүн 156 орон дэмжихээ илэрхийлсэн аж. Харин манай улсын хувьд шинээр үүсгэн байгуулагдаж буй олон улсын СТ-ЕП байгууллагад элсэхээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа юм байна. Иймээс Засгийн газар Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төслийг байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ.
Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар саналаа хэлж уг асуудлыг зөвшилцөхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь уг хэлэлцээрийн тухай хуулийн төслийг зөвшилцөж Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохыг дэмжсэн тул энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Аялал жуулчлалыг идэвхжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, гишүүн улс орнуудад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгах зорилго тавьж буй олон улсын СТ-ЕП байгууллагад Монгол Улс элссэнээр аялал жуулчлалын салбарт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг татах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх нөхцөл бүрднэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч салбарын сайд нь хуралдаанд ирээгүй тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав.
Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Төрийн нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор, Монгол Улсын гадаөад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараар тус тус ахлуулан байгуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.