Уучилъя гэсэн ч уучилж чадахгүй байгаа бол …

gggggggggggggggggggggggggggggggg

Бүх амьд биетийн адил хүн ч гэсэн сайн, муу бүх юманд өөрийн сэтгэл хөдлөлийг инээх, уурлах , гомдох, дуугаа хураах гэх мэт байдлаар илэрхийлдэг. Өдөр тутмын ажил амьдралд гарч байгаа асуудлуудаас болж, заримдаа бусдад, заримдаа өөртөө уурладаг. Заримдаа бүр үзэн ядах хэмжээнд хүртэл уурлаж бухимдах тал ч бий.  Бид зөвхөн уураа барьж чадаагүйн улмаас олон алдаа гаргаж харамсдаг.

Яагаад уучлах хэрэгтэй вэ?

Уурлаж бухимдуулсан хүнээ уучлах нь угтаа өөрөө өөрийгөө асар их хүнд ачаанаас чөлөөлж байгаа хэрэг юм. Ингэснээр бид сэтгэлийн асар их энергийг ашиггүй зүйлд зарцуулахаас сэргийлнэ. Сэтгэлийн эрх чөлөө гэдэг маань бидний аз жаргалын үндэс болдог. Хүн бусдыг уучлахгүй эсвэл өөрөө өөртөө бухимдаж, тэгэж хэлэхэд нь тэгэж хэлэх минь яав даа, би дийлэгдчихлээ, тэрэнтэй дахиж хэзээ ч дуугарахгүй дээ гэж өөрөө өөрийнхөө сэтгэл санааг тавгүйтүүлснээр бид өөрсдийн энергийг үрэн таран хийдэг. Хүнд уурлах шалтгааныг тоочоод баршгүй. Тухайн хүний, зөв буруу аль нь ч байж болох талтай ч угтаа бол хэнийх нь зөв бэ, хэн нь уурлах ёстой вэ гэдэг нь биш, бид уурласнаараа хэр зэрэг энергийг юунд зориулж алдаж байгаагаа анзаарах нь чухал байдаг.  Хамгийн харамсалтай нь бид маш энгийн зүйлд заримдаа бүр буруу ойлголцлоос болж уурласан байдаг. Хэрэв та хэн нэгэнд уурлаад тэр нь одоо хүртэл үргэлжилж байгаа бол уучлах ёстой хүн хаа нэгтэй явж л байгаа гэсэн үг.  Тэр хүн нь та өөрөө ч байж болно. Та хэнд уурласан байсан ч хамаагүй эргэж дурсах юмуу, тэр үед ингэж хэлдэг байж, тэгж хэлдэг байж гэж харамсан бодох бүрдээ тухайн үеийн уур амьсгалд эргэж ордог учир мөн л сөрөг энерги ялгарч эхэлдэг. Ингээд бид одоо байгаа үеэ мэдрэхийн оронд болж өнгөрсөн үеийн сөрөг энергийг эргүүлэн дуудаж, өөрийгөө зовоож байна гэсэн үг. Эргүүлж авчирч болдоггүй ийм дэмий зүйлд өөрийн хамаг нөөцийг зарцуулснаар бид юм хожихуу? Харин ч ихийг алдана.  Үүний нэг бол цаг хугацаа.  Цаг хугацааны нөлөөнд ордоггүй зүйл гэж байдаггүй . Өчигдрийн би гэдэг хүн өнөөдрийн би гэдэг хүнтэй яг ижил үзэл санаатай хэвээр байгаа юу ?  Өчигдрийн хүн өнөөдрийнхтэй ижилхэн үү? Үзэл санаа , бодол , энерги нь өөрчлөгдсөн үү?

Хүн бүр тухайн үеийнхээ байдлаар ямар нэг үйлдэл хийдэг. Тиймээс тухайн үеийн “би” одоогийн “би” хоёр хоорондоо ялгаатай . Тухайн үеийн “тэр” ч гэсэн одоогийн “тэр” биш. Тиймээс болоод өнгөрсөн явдлыг бодож, өнөөдрийн шинэ өөрийгөө өчигдрөөр хордуулсан нь дээр үү эсвэл өчигдрийн  ‘би’ үүнийг хүлээж авах чадваргүй байсан . Харин  өчигдрийн явдал дууссан гэж бодон уучлах нь илүү дээр үү?  Тухайн үеийн сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж болж байгаа байдалд хандсан хүнийг өнөөдрийн өөр сэтгэл санаатай байдлаар харж буруутгах нь бас зохисгүй хэрэг.  Түүний оронд болсон бүхэн өчигдрийн хоёр хүний хооронд болсон,  өнөөдрийн бид хоёр өчигдрөөсөө ялгаатай хэмээн уучилж сэтгэл санаагаа тайвшруулах нь таны аз жаргалд шууд нөлөөлдөг.

Өчигдөр ,өнөөдөр хоёрын “би” –г ялгаж салгадаггүй, мөн бүхнийг зөвхөн өөрийнхөө талаас хардаг нь бидний хамгийн том дутагдал юм. Бид өөрийгөө тухайн нөхцөлд хамгийн сайн сэтгэдэг хүн гэж боддог учир бусдын дутагдлыг харах эрхийг өөртөө өгдөг. Энэ нь нойрмоглон босч явж байгаагаа, жинхэнээсээ өөрөө хийж байна гэж бодож байгаатай адил билээ.  Ямар нэг үйл явдал ялангуяа бусадтай харилцах харилцаанд зөвхөн өөрийн талаас бодно гэдэг нь утгагүй. Эхлээд бусдыг буруутгахын өмнө өөрийнхөө хийснийг тунгааж, өөрөөсөө эхлэхэд яагаад болохгүй гэж ?

Элизабет Кувлер Росс , Девид Кесслер нарын “Амьдрах чадвар” номонд “ Бүрэн дүүрэн төгс амьдрахыг хүсч байгаа бол уучилж сурах хэрэгтэй. Уучлах нь бидний зовлон зүдгүүрийг эдгээдэг эм юм. Бид бүгдээрээ хүнд ямар нэг хэмжээгээр гомдсон байдаг. Бас бусдыг ч гэсэн нэлээдгүй гомдоодог . Гэхдээ асуудлын гол нь гомдох ,гомдооход биш уучилж, мартаж чадаж байгаа эсэхэд байдаг юм. Биднийг зовоож байгаа зүйл бол тухайн үеийн гомдол биш, дараа нь нэхэн санагалзаж байгаа бодол байдаг юм” хэмээн өгүүлсэн байдаг.

Болж өнгөрсөн үйл явдлыг бид өөрчилж чадахгүй ч, хандлагаа өөрчилж чадна шүү дээ.

Төрөл бүрийн шалтгаанаас болж хүмүүс сэтгэлдээ олон зүйл тээж бодож явдаг. Тээж  явдаг олон бодлын цаад учир шалтгаан нь гэвэл хүмүүс үргэлж хариуцлагаас зугтаж , бурууг бусдад тохох сонирхолтой байдгийн илрэл юм.  Уурлах бүрдээ бурууг бусдаас хайж, өөрөөсөө холдуулах нь тухайн болж байгаа үйл явдлын хариуцлагаас зугатаж байгаа хэрэг биш гэж үү?  Түүний оронд “Би хаана алдаа гаргав?  Яагаад би түүнийг уучлахгүй байгаа юм бэ?  Үнэхээр түүний алдаа мөн үү?  Эсвэл минийх үү?  Миний ямар алдаанаас болоод  байдал ингэж хурцдав?”  гэж бодох хэрэгтэй биш гэж үү ? Ингээд өөрчлөгдөж,уучилж өршөөх ёстой хүн та өөрөө болохоор хүчээ нөөцөлж өөртөө зарцуул.  Би өөрийнхөө төлөө бүхнийг уучилж байна гэж хэлээрэй. Уучлах үйл бол сэтгэлээс гардаг зүйл . Уучилсны дараа сэтгэл маань ариусна. Уучлах бол ганц талт үйлдэл бөгөөд та уучлахын тулд нөгөө тал заавал уучлал хүсэх албагүй. Энэ ердөө таны өөрийн л асуудал, бас таны сонголт. Шалтгаан нь юу ч байсан ялгаагүй уурлах нь өөрөө өөрийгөө зовоож байгаа гэсэн үг. Харин тээгээд байвал зовох хугацаагаа сайн дураараа уртасгаж, санах тоолондоо тухайн үеийн байдалд эргэж ордог.  Тиймээс уучлахгүй байх нь сайн дураараа зовох гэсэн үг юм.  Түүний оронд ухаарч нөхцөл  байдалд дүгнэлт хийн , Яана аа, би алдаа хийчихлээ.  Эсвэл би ямар ч буруугүй ч ийм байдалд орчихлоо. Ийм байдалд удаан байж өөрийгөө зовоохгүйн тулд яг одоо уучилчихъя гэж  бодвол бидэнд хавьгүй дээр байна. Хэн ч бидний өмнөөс уучлахгүй учир үүнийг бид өөрөө хийх хэрэгтэй шүү дээ. Бид амьдралдаа үргэлж эерэг, өөдрөг байх хэрэгтэй. Ийм байж чадваас бид өөртөө болон бусдад аз жаргалыг бэлэглэж чадах болно.

Өнгөрсний хойноос өөрийгөө зовоохоо боль!!!

Тиймээс яг одоо өөрийгөө болоод бусдыг уучил.

everyday.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …