УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.02/ хуралдаан 10.48 миунтад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нь үйл ажиллагаагаа явуулж байгаа 87 аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын орон тоо, тэдгээрийн цалин хөслний хэмжээ, орлого, зардал, ашиг алдагдал, авлага, өглөг, өр зээл, ногдол ашиг болон төсөвт төвлөрүүлэх татварын орлогын хэрэгжилтийн байдалтай танилцсан гэж байв.
Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 2012 онд 40364 орон тоотой байсан бол 2015 онд 45618 болж орон тоогоо 5254 орон тоогоор буюу 13 хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн 2012 онд 3.5 их наяд төгрөгийн өртэй байсан бол 2015 онд 10.8 их наяд төгрөгт хүрч өрийн хэмжээ гурав дахин нэмэгджээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар 38.6 тэрбумын төгрөгийн татварын өртэй гарсан байна. Түүнчлэн 2012 онд төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Иймд төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр авлага, алдагдлыг бууруулах удирдлага менежментийг сайжруулах, төрийн өмчийн ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ажлын хэсгээс үзжээ.
Тухайлбал, “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилж, 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Төрийн өмчийг 2015-20126 онд хувьчлах өөрчлөн байгуулах, үндсэн чиглэлийг үргэлжлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх зэргийг дурдаж байлаа. Энэхүү хуралдаанд Үндэсний аудитын газрын дарга А.Зангад, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нар оролцсон юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Н.Амарзаяа, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, О.Батнасан, Я.Содбаатар нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн олонхи нь 2012 онд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан шалтгааныг асуухын зэрэгцээ эдгээр байгууллагуудыг удирдаж байсан хүмүүст хариуцлага хүлээлгэсэн эсэх, цаашид энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодруулж байлаа.
Үндэсний Аудитын газрын дарга А.Зангад хариултдаа бид төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, хяналтаа тавьж ирсэн. Алдагдалтай ажиллаж байгаа, зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн тайланд хязгаарлалтын дүгнэлт гаргасан байгаа. Ноцтой зөрчил илэрснийг хууль хяналтын байгууллагад өгсөн. Хууль хяналтын байгууллагын шугамаар хариуцлага тооцогдох байх гэдгийг онцолж байлаа.
Харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нийт 87 төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 10 орчмынх нь орон тоо, төсвийг ТӨХ баталж, үлдсэнийг нь тус аж ахуйн нэгжүүдийн төлөөлөн удирдах зөвлөл нь батладаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байгуулагдсан даруйдаа тэдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай зургаан сарын гэрээ байгуулсан. Энэ хугацаанд алдагдал, өр зээлий хэмжээгээ бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар үүрэг өгсөн. Хэрэв жилийн хугацаанд үр дүн гарахгүй бол менежмент муу хийсэн удирдлагыг шууд солих арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Ер нь цаашид энэхүү алдагдал, өр зээлийн хэмжээ ямар шалтгаантай, хэний буруутай үйлдлээс хамааралтайг нарийн судлана гэж байлаа.
Гишүүдийн хувьд ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулж, саналаа хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн орлого, өр, зээл авлага, алдагдлын хэмжээг бууруулж, 2012 оныхтой ижил түвшинд хүргэхийг Төрийн өмчийн хороонд үүрэг болгох, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн компанийн сайн засаглалыг байгуулахын тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөхийг, УИХ-ын гишүүн З.Нарантуяа төрийн өмчит газруудын менежментийг сайжруулахын зэрэгцээ төрийн яамдын өндөр албан тушаалтны төлөөлөн удирдах зөвлөлд багтдаг асуудалд хязгаар тавьж өгөх шаардлагатай гэсэн саналуудыг гаргаж байлаа. Ингээд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахад оруулж, ирэх долоо хоногт дахин хэлэлцэхээр боллоо.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх, саналтай гишүүн байгаагүй учир 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан юм. Ахмад настны нийгмийн хагмааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахманд настанд 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжсэн Эрүүл мэндийг сангийн бүрдэх эх үүсвэрийг тодорхойлж өгсөн хуулийн төслийн 21.1 дэх хэсгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь гэсний дараа агаарын бохирдлын төлбөрийн хоёр хувийг нэмэх гэсэн санал гишүүдийн дэмжлэг авч чадсангүй. Учир нь эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед зардал нэмэх саналуудыг дэмжих хэрэггүй гэж гишүүд үзсэн юм.
Үүний дараа Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар үг хэлж, санал хэлэх гишүүн байгаагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар болов. Үүний дараа байнгын хорооны хуралдаан түр завсарласан юм.
Шинээр баригдах барилга байгууламж болон урсгал зардалтай холбоотой
саналууд дэмжигдсэнгүй
Төсвийн байнгын хорооны үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн сайд Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Үндэсний аудитын газрын дарга А.Зангад, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар оролцсон юм.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуралдааны эхэнд 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцүүлэх дарааллыг гишүүдэд танилцуулав. Иймд 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Төсвийн байнгын хорооны гишүүд, бусад байнгын хорооны гишүүд, нам бүлэг гэсэн дарааллаар саналуудыг хэлэлцлээ.
Ажлын хэсгээс гаргасан 40 орчим зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90.758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилж, 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан Төрийн өмчийг 2015-20126 онд хувьчлах өөрчлөн байгуулах, үндсэн чиглэлийг үргэлжлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах хэлэлцүүлэх зэрэг төсвийн орлого нэмэгдүүлэх саналууд олонхийн дэмжлэг авсан юм.
Түүчнлэн төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр бүх шатны ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардлыг 1.0 хуиар бууруулах, үүнтэй холбоотой урсгал зардлыг 27,762.0 төгрөгөөр бууруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр бууруулах зэрэг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэн юм. Мөн дэлхийн шилдэг их сургуульд шинээр эллсэн суралцагчдад төрөөс сургалтын зээл олгохтой холбогдуулан нийт 3,000.0 сая төгрөгийн төсөлд нэмэх, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэг суралцагчдад ногдох нормативаар тооцсон хувьсах зардлыг 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн 1,968.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг саналуудыг гишүүд 100 хувь дэмжлээ. Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,800.0 сая төгрөгийг нэмж тусгах, үүнтэй холбоотойгоор хүүхэд харах үйлчилгээний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах саналыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжив.
Энэхүү ажлын хэсгийн саналд Монгол УлсынЕрөнхийлөгчөөс 2017 оны төвсийн төсөлд хүргүүлсэн саналууд багтсан учир тусад нь санал хураалгах шаардлагагүй гэж гишүүд үзлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улсын 2017 оны төсөвт шинээр баригдах барилга, урсгал зардалтай холбогдуулан сайд нарын багцад нэмж тусгасан, төсөвт хүндрэл өгөх саналыг дэмжихгүй байх горимын санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тиймээс хуулийн төслүүдийн талаар байнгын хороодоос ирүүлсэн УИХ-ын гишүүдийн санал, АН, МАН бүлгээс гаргасан 2017 онд шинээр баригдах барилга, урсгал зардалд сайд нарын багцад нэмж төсөв тусгасан саналууд бүгд хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн 2017 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барих, шилжүүлэх концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад багтсан Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртлэх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих төслүүд буюу нийт 40 гаруй тэрбумын төсвийг хасах саналыг гишүүд дэмжив. Учир нь энэхүү төслүүдийн бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй, гүйцэтгэлийн хяналт ч тавигдаагүй байгаа учир ийнхүү хасагдсан юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Учир нь уг хуульд өөрчлөлт оруулбал цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж 45-60 хувь буурах тул бизнес хийх эрхгүй, цалингаас өөр орлогогүй тэдний нийгмийн асуудал хүнд байдалд орно гэж гишүүд үзэж байлаа.
Хуралдааны төгсгөлд байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.