Та өглөө, оройд Баянхошуу орчмоор явж үзсэн үү. Өглөө 08.00 цагийн орчимд нар мандсан ч автомашин гэрлээ асааж явахгүй л бол нэгнийгээ олж харахгүйд хүрдэг. Автомашин дотор ч гашуун нүүрсний утаа, заримдаа бас дугуй шатаасан утаа ханх тавина. Бүрэлзэх утаан дундуур дүүгээ үүрсэн хөвгүүд, ач зээ нараа тэвэрсэн эмээ, өвөө нар алхаж харагдахад өөрийн эрхгүй сэтгэл зүсэгдэх шиг л болно.
Яагаад?
Яагаад арав гаруй жилийн хугацаанд олигтой арга хэмжээ авалгүй байдал иймд хүргэчихэв ээ. Бүх мэдээллээ нууцалдаг Бээжинд хүртэл агаарын бохирдол нь 300 хүрэхэд ослын гэрэл асааж, үйлдвэр, цэцэрлэг сургуулиудыг зогсоож байна шүү дээ. Гэтэл Улаанбаатарт 3000 хүрч байна!!!
Нийгмийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлын талаар дорвитойхон дуугарч буй Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатарыг энэ удаа бид студидээ урилаа. Сонирхолтой нь, Б.Цогтбаатар гэх залуу дарга нь болж, дорвитойхон үйл ажиллагаа явуулах болсноор л сая Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэдэг ийм байгууллага байдаг гэдгийг мэдэж авснаа нуух юун.
Бямбаагийн Цогтбаатар
Боловсрол:
-1986-1991 онд Ховд аймгийн төвийн арван жилийн 2-р сургууль;
-1991-1996 онд Нийслэлийн Налайх дүүргийн 100-р сургууль;
-1996-2002 онд Анагаах Ухааны Их Сургуулийн эмчилгээний анги хүний их эмч;
-2003 онд АНУ-ын Spring International College-ийн TOEFL-ын дээд курс;
-2003-2005 онд АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Удирдлагын хөтөлбөрийг Шинжлэх ухааны магистр;
-2010-2014 онд Канадын Саймон Фрейзерын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуулийг Анагаах Ухааны Доктор;
Эрхэлсэн ажил:
-2002-2003 онд АУИС-ийн Физиологийн тэнхимийн багш;
-2003 онд Эмнэлгийн Ажилтны Мэргэжил Дээшлүүлэх Институтэд мэргэжилтэн;
-2003-2005 онд АНУ-ын Колорадогийн Их Сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан;
-2005-2007 онд АНУ-ын Денверийн Глобаль Эрүүл Мэндийн төвд ажилтан;
-2007-2010 онд Эрүүл Мэндийн Яамны Глобаль Санд Сүрьеэ/ХДХВ/ДОХ-ын төслийн менежер;
-2010-2014 онд Канадын Саймон Фрейзерын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн зохицуулагч, гэрээт багш
-2014-2015 онд Эрүүл Мэндийн Бодлогын Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал;
-2015 оноос ЭМСЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Захирал;
Стандарт хэмжээ биш аюултай хэмжээнээс 6 дахин ихэссэн талаар ярьж байна
ДЭМБ-аас агаар дахь хорт бодисын хэмжээний дээд хязгаарыг 501 хэмээн заажээ. Гэтэл Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг газар 3000 хүртэл зааж байх юм. Энэ тохиолдолд эдгээр газарт оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэндэд ямар бодит аюул заналхийлж байгааг хэлж өгнө үү?
Агаарын найрлагат байх ёсгүй бодисууд эсвэл түвшнээсээ хэтэрсэн бодисуудыг бохирдуулагч бодис гэдэг. Манай улсад голлох зургаан бодисыг авч үздэг. Агаарын бохирдлыг үүсгэгч бодисууд анхдагчаар, хоёрдогчоор агаарын бохирдлыг үүсгэдэг. Анхдагч гэдэг нь тэр бодис өөрөө, хоёрдогч гэдэг нь энэ бодисууд хий болон шингэн төлөвт ороод агаар бохирдуулж бидэнд харагдаж байгаа. Эдгээрийг аваад хэмжээг нь тодорхой томъёололд оруулаад агаарын чанарын индексийг гаргадаг. Энэ нь монгол улсын гадаад орчны стандартын дагуу 200-аас дээш байвал эрсдэлт бүлэг буюу жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд зэрэг хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлнэ гэж үздэг. Нийт иргэд гадаа удаан хугацаагаар байхад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь 400-аас дээш.
Харин нийт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай нь 500-аас дээш болж таарч байгаа юм. Агаарын чанарын индекс 200-аас дээш тохиолдолд олон улсын протоколд заасны дагуу амны хаалт зүүх, гадаад орчинд удаан байж болохгүй, агаар шүүгч хэрэглэх хэрэгтэй гэх мэт мөрдөх ёстой арга хэмжээний дараалал бий. Мөн нийтэд энэ талаар сэрэмжлүүлэг гаргаж байх ёстой. Баянхошуунд хэд хэдэн удаа ойрын хугацаанд агаарын чанарын индекс нь 3000 дөхөхийг бид харсан. Энэ бол стандарт хэмжээ биш бүр аюултай хэмжээнээсээ 6 дахин ихэссэнийг бид ярьж байна. Тэгэхээр эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Удаан хугацаа гэдгийг та ямар хугацаа гэж хэлж байна?
Агаарт байгаа бохирдуулагч бодисын хэмжээ нь багаар удаан хугацаанд үйлчлэх юм бол нэлээн өндөр тунгаар богино хугацаанд үйлчилсэн хоёрын нөлөөлөл нь адилхан болж таарна. Гэтэл бид маш өндөр доозоор удаан хугацаанд буюу арав гаруй жил хордон амьдарч байна. Тэгэхээр удаан хугацаа хэтрээд маш удаан хугацаа болсон.
Та түрүүнд “гадаа удаан байж болохгүй хэмжээ нь 500-аас дээш” гэсэн. Тэгэхээр энэ “удаан” гэдэгт хэр хугацаа орж байна вэ гэж асууж байгаа хэрэг. Жишээ нь, Баянхошуунд хүүхдүүдээ хөтлөөд хашаанаасаа гараад цэцэрлэг хүртэл нь алхаж байна. Тэр хүмүүс хашаанаасаа цэцэрлэг, эсвэл автобусны буудал хүртэлх тэр хугацааг тийм ч удаан гэж бодохгүй байх шиг?
Маш их бохирдолтой байхад гадаа хэдхэн минут байхад л хүний дотор муухай оргих гэх мэтээр хордлогын шинж тэмдэг өгөөд эхэлнэ. Тэгэхээр хэдхэн минут ч гэсэн бид бохирдсон агаараар амьсгалмааргүй байгаа юм.
Хятадад байсгээд шар гэрэл асааж олон нийтдээ анхааруулга өгдөг. Сая бүр улаан гэрэл асааж зарим арга хэмжээг авлаа. Энэ ямар учиртай болохыг өөрийн улстай харьцуулаад үзвэл?
Хятадад өнөөдрийн байдлаар /2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд/ хятадын 70 хотод агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн учир үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Салхи гарвал хориог тавина гэж ярьж байна.
Гэхдээ хорио тавих үед агаарын бохирдлын хэмжээ нь 200 байсан?
Протоколыг нь харахаар агаарын чанарын индекс нь 300-д хүрэхэд нэлээд айхтар хөдөлгөөнд ордог юм байна. Өчигдөр бас 300 гарсан. Гэтэл 300 хүрэхэд хөл хорио тогтоож байна гэдэг бидэнд тайвширч болохгүй гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Агаарын чанарын индекс стандартынхаа дагуу холбогдох арга хэмжээг нь авч, мөрөөр нь үйл ажиллагаа зохиож байх ёстой. Онцгой байдлын Ерөнхий газраас газар хөдлөлт, гамшиг ослын үед яах вэ гэдэг дүрэм протоколууд байдаг. Тэгвэл агаарын бохирдол дээр ийм тодорхой “гэрлийн систем” нэвтрүүлэх шаардлагатай. Хятадад шар эсвэл улаан гэрэл асвал юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл манай улсад 2000 гарчихсан байхад протокол байхгүй учир юу хийх бол гээд бүгд зүгээр л хараад сууж байна.
Үүн дээр нэг зүйлийг анхааруулахад, манайх шиг хөгжиж буй улсад ДЭМБ-аас агаарын чанарын стандартын хэмжээг харьцангуй өндөр тавьж өгдөг гэдгийг ярьж байх хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр агаарын чанарын индекс нь 50 дээр байгаа ч энэ нь ДЭМБ-ын хүлцэх хэмжээ гэдгээс хоёр дахин өндөр тоо. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдөх хэмжээ нь манай улсад 50 байлаа гэхэд ДЭМБ-ын хэмжээ нь 25 байдаг гэсэн үг.
Хэдийгээр агаарын бохирдол Зайсан хавьцаа арай бага, Баянхошуунд их гэх мэтээр янз бүр байгаа ч Улаанбаатарчуудад нийтлэгээр учирч буй аюул занал нь юу вэ?
Хүчилтөрөгч уушгинаасаа зүрхэнд хүрч бүх биеэр дамжаад тэжээл өгч байх ёстой. Энэ хангагдахгүй байна гэхээр хүнд хордлогын шинж тэмдэг өгнө, тархи толгой өвдөнө, эсэргүүцэл суларна, тархины болон зүрх судасны үйл ажиллагаанууд агаарын бохирдолд хамгийн мэдрэг учир үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ. Харшил, астма үүснэ. Уушгины архаг бөглөрөлт өвчин агаарын бохирдолтой зуузай холбон явж байна. Ханиад томууны жишээн дээрээс харахад улирлын томууг хүний дархлалын систем тэмцээд ялчихдаг байсан бол одоо агаарын чанартай холбоотой ханиад шуухниа эдгэхгүй, амархан хүндэрч, хатгаа болж байна. Миний санаа зовж явдаг бас нэг зүйл бол уушгины хавдар. Монголд зонхилон тохиолдож байгаа хавдруудыг эрэмбэлэхэд элэг, ходоодны хорт хавдрууд тэргүүлдэг. Гэтэл сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр эхний гуравт орж ирлээ. Хүн эрүүл стандартын орчинд амьдарч чадахгүй байна гэдэг удах тусмаа архаг өвчлөл, хавдар үүсэх магадлалууд нэмэгдэж байдаг. Бид олон жил ийм муу агаараар амьсгалж байгаа учир уушгины хавдрыг агаарын бохирдолтой холбож ойлгохоос өөр ямар ч арга байхгүй. Өнөөдөр нэмэгдэж байгаа уушгины хавдрууд агаарын бохирдолтой холбоотойгоор барахгүй хоёр, гурван жилийн дараа хавдрын тэргүүлэх байранд орж ирнэ.
Эхлээд крантаа хаацгаая
Бид арван жил хорт утаагаар амьсгаллаа. Тэгвэл хорин жилийн дараа Улаанбаатарт ямар үе бий болох вэ?
Агаарын чанар нөлөөлдөггүй эрхтэн тогтолцоо гэж байхгүй. Жишээ нь, дээд мэдрэл буюу сэтгэн бодох үйл ажиллагаа. Агаар бохирдуулагч бодисын нэг нь хар тугалга. Хар тугалга хүүхдийн сэтгэн бодоход болон сурлагат нь шууд нөлөөлнө. Ийм өндөр агаарын бохирдолтой холбоотойгоор арав, хорин жилийн дараа ч биш одоо хурц нөлөөллүүд гарч эхэлсэн. Хурц нөлөөлөл гэдэг нь амьсгалын замын, зүрх судасны архаг хууч өвчтэй хүмүүсийг нас баралтанд хүргэж байна. Архаг нөлөөллийн хувьд ирээдүйд үр хүүхдүүдийн маань сурлагын амжилт буурна, дээд мэдрэлийн үйл ажиллагаанууд суларна. Уушгины хавдар болон бусад төрлийн хавдруудад нөлөөлнө.
Сэтгүүлчид эмч нараас ярилцлага авах гээд “утаатай холбоотойгоор хүүхдийн хатгалгаа нэмэгдлээ” гэхээр “утаатай холбоотой юм биш. Зарим тохиолдолд эцэг, эхчүүдийн хайнгаас болж хүүхдээ алдаж байна” гэх зүйл ярьдаг. Эндээс “эмч нарт утаанаас болж хүүхдүүд үхэж байна гэж хэлж болохгүй” гэх чиглэлийг харьяа яам, газраас нь өгдөг юм биш байгаа гэх хардлага надад төрдөг. Тийм заавар, чиглэл өгдөг үү. Би таныг илүү нарийн мэдээлэл дунд байгаа хүн болов уу гэж ингэж асууж байгаа хэрэг?
Тийм ямар ч яриа, чиглэл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Эрүүл мэндийн салбар гэдэг яавал иргэдээ өвчлүүлэхгүй байх вэ, яавал хурдан эмчлэх, хүндрүүлэхгүй байх вэ гэдэг зорилттой хүмүүс. Өвчин эмгэгийн хувьд өвчний шалтгаан гэж бий. Бактер, вирусаар үүсгэгддэг, эсвэл иргэдийн хариуцлагагүй байдлаас бий болдог гэдэг ч юм уу. Тэр өвчин эмгэгийн шалтгааны шалтгаан гэж бий. Нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл. Бид энэ хоёрыг хольж болохгүй. Томуу А вирусээр үүсгэгддэг бол шалтгааны шалтгаан болоод байгаа агаарын бохирдлын улмаас хүндэрдэг. Тэгэхээр томуу агаарын бохирдолтой холбоотой гэдэг нь тийм шинэ сонин зүйл байхаа больсон.
Ойролцоогоор хэдэн жилийн дараа утаа арилдаг биш юм аа гэхэд багасах тооцоо байгаа вэ?
Улстөр, нийгэм, эдийн засгийн цогц дэмжлэг, шийдэл шаардсан, бодлого хэрэгжүүлэх ёстой ажил болов уу. Хувь хүний хувьд боддог нэг зүйл бий. Утааг эхлээд бууруулна гэхээсээ өмнө нэмэгдүүлэхгүй байх зорилгыг тавих ёстой. Өнөөдөр биднийг шаагилдаад санаа зовоод, хохироод байж байхад яндангийн тоо нэмэгдсээр л байгаа. Айлууд өрх тусгаарлаж байна, аймаг орон нутгаас нүүж ирж байна. Жижиг, дунд бизнесүүд нам даралтын зуухны яндангийн тоог нэмж байна. Хуучин автомашин байнга нэмэгдэж байна. Энэ бүхэн одоо байгаа нөхцөл байдлыг улам дордуулаад байгаа. Тийм учир миний санаагаар бол эхлээд хамгаалалтын арга хэмжээг авах ёстой. Ус алдаад байвал крантаа хаахгүйгээр усыг мянга арчаад нэмэргүй. Эхэлж крантаа хаачихаад дараа нь усаа арчих бусад арга хэмжээг авах хэрэгтэй. Агаарын бохирдлын шалтгаан тодорхой. Гэр хороолол, автомашины утаа, дизель хөдөлгүүрээс гарч байгаа хорт хийнүүд, цахилгаан станц, тоосжилтын асуудал. Бүгд дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд крантаа хаах хэрэгтэй. Нийслэлийн захиргааны түвшинд, тухайн засаг захиргааны нэгж яаралтай арга хэмжээг, зоригтой авах боломжтой гэж харж байна.
Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг дөрөв багцлаад байх шиг. 1-т эрх зүйн талын өөрчлөлт, 2-т технологийн /цахилгааны эх үүсвэр, өөр эх үүсвэр/, 3-т танин мэдэхүйн чиглэлийн үйл ажиллагаа буюу чанарын индексийг яаж унших вэ гэх мэт, 4-т эдийн засгийн хөшүүрэг. Татвар тавих, эсвэл татаас өгөх. Эдгээр нь шалтгааныг арилгах, нөхцөл байдлыг дордуулахгүй байх үйл ажиллагаа. Харин энэ үйл ажиллагаанууд хэрэгжих зуур эрүүл мэндийн байгууллагууд бид монгол хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллах ёстой. Тийм учир хувь хүний түвшинд хамгаалж болох арга хэмжээнүүдийг дэмжих, үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь бий болгох хэрэгтэй.
УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гээд хоёр газар байна. Энэ газруудаас танай байгууллагат “бид тэдий хүртэл агаарын бохирдлыг бууруулах боломжгүй. Тийм болохоор танай НЭМҮТ тэр хүртэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг хий” гэдэг ч юм уу, тийм чиглэл өгөөгүй гэж үү?
Чиглэлийн ажлууд бол бий. Машин байна гэсэн үг. Одоо машиндаа бензинээ хийгээд хөдлөх хэрэгтэй. Нэг цэгээс нөгөө цэгт хүрэх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог Д.Батзориг гишүүн ахалж байгаа. Нийслэл болон Байгаль орчин ногоон хөгжлийн яамны оролцоотой Үндэсний хороо гэж бий. Эдгээр байгууллага маш хурдан асуудлаа тодорхойлж эрэмбэлж тавиад, холбогдох байгууллагуудыг оруулаад, өнөөдөр, маргааш юу хийх вэ гэдгээ шийдээд хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөх хэрэгтэй.
Дахиад асууя. Үндэсний хороо болон Дэд хорооноос дээр хэлсэн чиглэлийг танай байгууллагат өгөөгүй юм байна, тийм үү. Өөрөөр хэлбэл утааг тэдэн онд бууруулах боломжтой гэдэг мэдээллийг өгөөгүй юм байна?
Утаа хэзээ буурах талаар бид та нартай л адилхан ойлголт, төсөөлөлтэй байна. Манай байгууллага, эрүүл мэндийн салбарын хувьд утаа бууруулах асуудлыг ярих салбар биш учир энэ хооронд монгол хүний эрүүл мэндийг яаж хамгаалах вэ, нялхас хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг нь яаж аврах вэ гэдэг асуудлыг л ярьж байна. Бүх салбарын дэд сайд нар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн. Тийм учир яамд руу манай байгууллагын хийж байгаа үйл ажиллагааны мэдээллүүд тарж байгаа, холбогдох зөвлөмжийг өгч байгаа. Манай салбар үйл ажиллагаагаа төлөвлөөд, дэмжлэг санхүү хангалттай байсан ч байгаагүй ч бид ажиллаад л байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу