Жирэмсэн үед умайн булчин, ихэсийн хэмжээ ихсэх, эхийн цусанд нэмэгдэх улаан бөөм, ургийн өсөлт хөгжилтэй уялдаж хоногт шаардагдах төмрийн хэрэгцээ нэмэгддэг.
Гэхдээ тухайн эмэгтэй зөв хооллож, төмрийг хангалттай хэмжээгээр хуримтлуулсан, жирэмслээгүй үедээ цус багатай байгаагүй бол жирэмсэн үед цус багадах ёсгүй. Хүүхэд ч цус багатай төрөхгүй. Эхийн хэвлийд байхад эх нь цус багадалтгүй байсан хүүхдийг зөв хооллоход хүүхэд ч цус багадалтаас бүрэн сэргийлж чаддаг.
Ямар үед жирэмсэн эмэгтэй цус багадах вэ?
• Ойр ойрхон олон удаа төрсөн эх, өмнө нь цус багатай байсан
• Сарын тэмдэг олон хоногоор их хэмжээгээр үзэгддэг байсан
• Төмрийн агууламж ихтэй хүнс хэрэглэдэггүй
• Хоолонд амьтны гаралтай уураг дутагдах
• Фолийн хүчил, В12, С аминдэм бага хэрэглэх, төмрийн шимэгдэлтийг саатуулдаг бүтээгдэхүүн их хэрэглэснээс төмрийн шимэгдэлт муудах
• Эх ходоод гэдэсний шархлаа, суулгалт өвчин, гэдэсний гаж хөгжилтэйгээс шалтгаалан төмрийн шимэгдэлт муудах
• Биеэс төмөр их хэмжээгээр алдагдах (цус гоожимтгой, цус алддаг, хялгасан хорхойн халдвар)
Шинэ төрсөн болон бага насны хүүхдэд яагаад цус багаддаг вэ?
• Хүүхэд нөөц төмөр багатай төрөх (эх цус багатай байх, хүүхэд хугацаа дутуу төрөх)
• Төмрийн агууламж ихтэй хүнс хэрэглэдэггүй
• Фолийн хүчил, В12, С аминдэм бага хэрэглэх, төмрийн шимэгдэлтийг саатуулдаг бүтээгдэхүүн их хэрэглэснээс төмрийн шимэгдэлт муудах
Төмөр дутлын цус багадалтын хор уршиг
Цус багадалтыг оношлох хамгийн найдвартай арга нь цусны шинжилгээгээр гемоглобин тодорхойлох арга юм.
Жирэмсэн эмэгтэйчүүд цус багадалтаас урьдчилан сэргийлснээр бүтэлттэй, цус багадалттай, бага жинтэй хүүхэд төрөх, өвчлөмтгийн, хоцронги хөгжилтэй хүүхэд төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа цус алдах зэрэг хүндрэлүүдээс урьдчилан сэргийлнэ.
Төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх
1. Өөрийн төмрийн хэрэгцээнд тохируулан эмчийн заавраар төмрийн бэлдмэл уух
2. Зөв зохистой хооллох
Хоол хүнсэнд агуулагдах (ялангуяа амьтны гаралтай) төмрийн шимэгдэлт төмрийн бэлдмэлээс 2-3 дахин илүү байдаг.
• Төмрөөр баялаг бүтээгдэхүүнээр хооллох
• Амьтны гаралтай уураг (мах, загас, өндөг), илчлэг (талх, будаа, гурил), эрдэс аминдэмээр баялаг (ногоо, жимс) төрөл бүрийн хоолоор хооллох
• Цай бага уух (цайнд агуулагдах бодис төмрийн шимэгдэлтийг бууруулдаг)
• С аминдэм ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх
3. Ходоод гэдэсний архаг өвчнөөс сэргийлэх
4. Хялгасан хорхойн халдварыг эмчлэх
5. Жирэмсэн эмэгтэйчүүд 2 удаа, төрсөн хүүхдүүдэд 6 сар, 1 настайд нь цусны ерөнхий шинжилгээ хийлгэж, цус багадалт байгаа эсэхийг тодорхойлох