Сүүлийн үед “Увсын хоёр” гэдэг нэр томъёо, бүр ийм холбоо үг хүртэл бий болчихсон аятай ярьж, бичих болсон. Сонгуулийн хэл амнаас үүдэж, гурван ч шатны шүүхээр явсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг хэлж байгаа нь тэр. Үнэндээ “Увсын хоёрыг эргүүлж татъя”, “Энэ хоёрыг татаач өгөөч дээ” гэсэн мессэж нэг хэсэг л цацагдсан. Хичээл, сургууль эхэлж, бум бужигнаж, түм түжигнэж эхлэнгүүт нөгөө синдром дахиад эхэлж байх шиг. Тэр дотроо нэр бүхий хоёр эрхэмтэй өрсөлдсөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүү гуай бүр ч чанга хашгирч байна. Түүнээс өөр тэгтэл орилж, чарлаад, уриалаад байгаа хүн ч бас алга. Утга нь МАН-аас нэр дэвшиж, өөртэй нь өрсөлдөж ялсан нам өөр ч нутаг нэгтэй хоёр нөхрийгөө УИХ-аас нэрийг нь татуулж, өөрөө орох гэсэн хүсэл зорилго эхлээд “үнэртэж” байснаа одоо бүр цагаандаа гараад зогсохгүй бүр улайрч эхэлжээ. Ямар сайндаа 1000 хүнээр л гарын үсэг зуруулчихвал “Бүх юм ок” гэж байна. Одоогоор 700 хүн гарын үсгээ өгсөн гэнэ /өөрийнх нь хэлснээр/. Гэтэл түүнийг цуглуулж авахын тулд нэг хүнийг нэг сая төгрөгөөр байлж яваа сураг дуулдаж буй. 700 хүнээс нэг гарын үсгийг нэг сая төгрөгөөр авахад 700 сая төгрөг зарлагадсан байж таарна. Тэгэхээр мань хүнийг сонгуулиар цөөн хэдэн айлд 100 мянган төгрөг тараасан гэх хэрэгт “унаж” хууль шүүхийн байгууллага хүртэл явсан нөгөө хоёроосоо ч илүү мөнгөтэй юм байна гэж ойлгохоор. Нөгөөтэйгүүр, Увс хүний нэр төр, нандин чанарыг тэрээр ийнхүү нэг сая төгрөгийн хэмжээнд үнэлж, ийм үзүүлэлт рүү эргэлт буцалтгүй оруулчихаж байгаа нь эмгэнэлтэй.
Бас болоогүй ээ, намдаа айлгаж, бас далайлгаж үзэж буйгаас нь харахад шаггүй шантаажчин гар байх нь гэж бодмоор. Бүр “Би 1990 оноос хойш 23 жил АН-ын төлөө зүтгэсэн. АН-ыг нийслэлд ганц ч суудалгүй байхад ганцаараа ялаад гарч ирж байсан. АН-ын байрыг хөөцөлдөж авч өглөө” гэж ирээд л жигтэйхэн их гомдоллож. Түүнийхээ хажуугаар зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчээр “Өөр намынхантай хуйвалдаж, луйвардаж авсан юм алга” хэмээн ам алдсан байх жишээтэй. Үүгээрээ арай гэж цөөнхийн суудлаас дөнгөж олуулаа болж ядан буй АН-аа ч атгын чинээхэн болгож харагдуулсан нь харамсалтай. Увсынхан сайхан сэтгэлтэй, сайхан ард түмэн ч, нэг хүнээс болж муу нэр зүүсэн нь гунигтай. Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг л болж байна. Увс хүн гэж хэн бэ гэдэг тодорхойлолтын хэзээ ч бүдгэрэшгүй хариултыг Д.Нямхүү ийнхүү бий болгочихлоо.
Бас дээр нь Сонгуулийн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль гэж бантангууд байна. Хэн түрүүлж гүтгэсэн нь мөнгө авч болох, эсвэл нөгөөгийнхөө нэрийг татуулж өөрөө албан тушаалд очих, наймаалцаж болохыг хуульчилчихсан. Авлигатай тэмцэж, түүнийг илчилсэнийг нь шагнана хэмээснээр харин ч бохир бизнесийн эхлэлийг тавьчихсан гэж болно. Тэр нь Өвөрхангайн тойрогт хэрхэн яруу тодоор хэрэгжсэнийг уншигчид мэдэх хойно нурших илүүц биз. Түүнд амташсан АН-ынхан Увсад түүнийгээ хэрэгжүүлэхээр хичээж байгаад ч юм ойлгодог, асуудалд туйлшраад байдаггүй эрхмүүд дүгнэлтээ хийхчихсэн гэдэг нь ойлгомжтой.
УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Увсад юу болод өнгөрснийг сөхвөл Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр нэг баг болж, гэр аваачиж барьж зардал болгосноос ерөөсөө айлаас гэр түрээсэлчихъе хэмээн нэг айлаас 100 мянган төгрөгөөр тооцон гэр түрээслэсэн нь ийнхүү урт хэрүүлийн ужгийг тавьсан гэлцдэг. Уг нь ч гэр зөөж барьж байхаар “Хүнийх идэхээр өөрийнх хүлхэг” гэж тэдгээр нөхдүүд муйхарласан шиг байгаа юм. Гэтэл сонгуулийн дүн гарч, МАН-ын хоёр ялсан нь тодорхой болонгуут ялагдсан нөхдүүд яаж зүгээр байхав. Шарандаа, хорондоо гэрээ түрээслэсэн иргэдийг “тойглож” байгаад гомдол, саналын бичигт гар хөлийнх нь үсгийг зуруулж, хууль шүүхийн байгууллагаар асуудал дэгдээсэн шиг байгаа юм, үйл явдлын өрнөлийг хархад ийм ойлголт төрдөг. Эцэст нь анхан шатны шүүхээс эхлээд Захиргааны хэргийн шүүх, Дээд шүүх хүртэл явсан уг хэргийн эцсийн шийдвэр “Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарт хэрэг үүсгэх, нэрийг нь татах үндэслэлгүй” хэмээн гарсан ч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эсрэгээрээ гарч, олон хүнийг төөрөлдүүлээд зогсохгүй, нэр бүхий хоёр эрхэм ч өөрсдөө нүдээ том болгоход хүрч байсан удаатай. Тэгвэл хэсэг чимээгүй байсны эцэст дахиад л асуудал босч байна. Өвөрхангайд нэр дэвшиж олонхийн санал авч ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрыг насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаандаа оролцуулсан, архи дарс тараасан гэх ялих шалихгүй асуудлаар нэрийг нь татуулж болсон юм чинь Увсын хоёрыг яагаад болохгүй гэж гэсэн байдлаар хүч түрэх бололтой. Тэгж гомдоллоод байгаа учраас ч нам нь өөрийн гишүүндээ 1000 хүний гарын үсэг “захиалсан” байж болох юм гэсэн хардлага төрж байна. Өөр ч бас юм байна. Тэр нь юу вэ гэвэл, АН нэг суудлын төлөө бүтэн нойртой хонохоо байсан бололтой. Ингэж хэлэх үндэслэл ч бас бий. Энэ намрын улс төрийн гол сэдэв шинэчлэлийн Засгийн газрын хэврэг байж мэдэх хувь заяаны тухай шуугиж буйг хэн хүнгүй мэдэж байгаа, ярьж ч байгаа. Засагт хамтарсан эвслийнхэн гарна, орно гэцгээдэгийг бүгд мэднэ. Түүнээс ч илүү хүнд даваа бол Н.Алтанхуягийг огцруулах их хөдөлгөөн ид чангарч байгааг дурьдахгүй байхын аргагүй. Тэгэхээр АН УИХ-д 39 суудалтай болж аваад засгаа улаан цээжээрээ хамгаалах зорилгын төлөө яахаас ч буцахгүй нь тодорхой. 2012 оны сонгуулийн үр дүнд АН 34, МАН 25, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗН хоёр, бие даагчдад дөрвөн суудал ногдсон. Сөрөг намуудаас Д.Арвин мэтийн гомдсон нөхдийг “суйлсан”. Засаг задарлаа гэхэд АН-тай хоолой нийлүүлэн хорших нөхөд бол ИЗН-ын хоёр. Дээр нь Увсын хоёр суудлыг Өвөрхангайчлах юм бол 38 болчихно. Ингээд нэг суудлын төлөө нойргүй хонох нь дамжиггүй гэхчлэн хар зураг харагдаж л байна. Сэтгүүлч Үл-Олдох
Эх сурвалж: Шуурга.мн
|