Ард түмний маань мэргэн үгэнд “Хүн дэмэндээ, загас усандаа!” гэдэг үг хадгалагдсан нь агаар огторгуй тунгалаг шөнийн од мичид лугаа адил цээжин дотор гэрэлтэн үлджээ.
Юун учиртай үгийг эргэцүүлэлгүй явсаар сая нас минь Богд Дүнжингаравын “Цэцээ гүн”-тэй чацуу шахуу өндөрт авирсан хойно өнөө ухахнээ тэр эгэл жирийн хэдхэн үгс их гүн далд олон утга үржүүлэх үгс байсан нь орой руу орж “толгой өвтгөдөг” юм байна.
Хоёр хүний нэг нь санаа буруутай, үйлс уруугаа аваас 20 хүний, магадгүй, хэд нь ч, аягүй бол 10 нь ч юм уу, аанай санаа явуургүй, бүтэл хазгай байх магадлал өндөртэй, тэгээд тэр хамт олон, өрх бүл нийтдээ, алсуураа, зөв сайхан аж амьдралтай явах нь бараг саналтгүй, ер нь л “долоон уулын цаагуур” байх юм байна.
“Хүн дэмэндээ, загас усандаа!” гэх үг хальт хульт сонсоод өнгөрөхөд зүгээр л нэг хөндий хийсвэр хэлц, дэмий нэг цэцэрхэл мэт сонсогдох ч тун бодитой, тоохгүй өнгөрөхөд том алдах үгс байх агаад Бурхны бүтээл бүх амьд амьтад бүрийн амьдралын гол нөхцлийг хураан товчилсон утгатай нь харанхуй үүлс зүсэх цахилгаан мэт тодхон аж. Юу гэвэл, сав ертөнц ч өөрөө оршин тогтнохын, түүний дээр болоод дотор орчих шим ертөнц ч бас оршин тогтнохын үндэс, юм бүгд бие биетэйгээ “шүтэн барилдаж” байж сая амьд, өнө бат оршин үргэлжилж чаддаг зүй тогтлыг онон тодорхойлсон байгаа юмсанжээ.
Бодоход, хоёр хүн ч, 20 хүн ч, гурван сая хүн ч цөм нийгмээрээ тэгш дүүрэн аз жаргалтайгаар он жилүүдийг эзэгнэх ганц л “супер” боломж нөхцөлтэй, тэр нь хүн бүр хүн бүртэйгээ ариун, зөв, шударга үйл ажиллагаагаар л шүтэн барилдаж бие биедээ аль чадахаараа тусалж, тус санасан сэтгэлээр л нэгдэх эрхэм дээд ёс юм байна. Нийгмийн харилцаа ч мөн чанартаа бол хүмүүс хоорондын “шүтэн барилдлага” байх агаад “үндсэн хууль” нь, хүмүүс бие биеэ хайрлах, бие биеийнхээ амьдралд хүнлэг дотно сэтгэлээр туслах зарчим юм. Монголынхоо сонин, хэвлэлээс уншихнээ, манай улс хүн ам цөөтэй ч дэлхийд хамгийн залуу ард түмэнд тооцогдох залуу хүн амтай орон юм байна, энэ үнэн байх, хаа нэг өдөр “Шуудангийн хайрцаг”-аа эргэхээр гэрээс гараад “Төв шуудан” руу гудамжаар маажигнаж явахад хажуугаар топ-топ гишгэлэн зөрөх зорчигчдыг харвал голдуу л залуус, багачуул байх нь нүд сэргээдэг. Дэлхийд хамгийн “Залуу орон”-ы хүмүүсийн амьдралын зарчим, горим, юуны өмнө, бие биеэ гүнээ хайрлах, хүндлэх, үнэлэх, бие биеийнхээ ахуй амьдралд аль болох их туслан баярлуулах ариун, шударга үйл ажиллагаагаар шүтэн барилдаж хамтдаа хөгжих ёс суртахууны ухамсар дээр оршин тогтнохоос өөр ямар ч бат бөх суурь тулгуур байхгүй.
Өвгөн би хэдийгээр “Оюуны зул”-ынхаа тосыг хомсдоох тийшээ хандаж яваа ч хүмүүсийн зөв, сайхан амьдралын эх үндэс нь бие биеэ үргэлж энэрэн нигүүлсэх бурханлаг сэтгэлээр шүтэн барилдах ёс суртахуунд яргадгийг үргэлж яншиж байх нь миний үүрэг, хариуцлага юм. Энэ үүрэг, хариуцлагынхаа шаардлагаар би хоёрхон зүйлийг худалдаа, үйлчилгээний эзэд хөдөлмөрч дүү нартаа учирлахыг зорилоо.
Хүний амьдралыг тайван амгалан, тэгш дүүрэн жаргалтай байлгах эх нөхцөлийг хүний өөрийн нь үйлдсэн нүгэл хумсалж хулгайлдаг. Нүглийн үндэс нь шуналаас үүсдэг муу санаа, заль мэх, буруу хазгай хар үйл юм. Хэн нэг хүн өөр бусадтайгаа ариун цагаан, шударга үйлийн тус, буянаар шүтэн барилдаж дэм дэмэндээ хүчирхэг амьдрах ёстой. Бурхны хууль руу хулгай, худлын ов мэх, овсгоо сүүхээ шургалахаар хүн нүгэл, хилэнцийн “соронзон орон”-ы эргүүлэг рүү ойчдог. Юу үнэн, энэ үнэн бөгөөд хүн хэн ч бай, хэзээ нэг секундэд үнэнд гүйцэгддэг нь амьдралын зохионгуй юм байна аа.
Өнөөдөр Монголчууд бид ядмаг зүдмаг ахуй амьдралтай ч сэтгэл санааныхаа ариун дагшин чанараараа амьдрал маань Бурхны мэлмийд зөв харагдаж ивээгддэгийн ачаар бид газар дэлхийн хүмүүс, улс үндэстнээс хэнээс нь ч толгой дутуугүй, нуруу доргүй амьдарч чадсаар ирсэн ард түмэн байтал бидний нэгэн ам бүл худалдаа, үйлчилгээний албатан та нар минь юуны хорлолоор гэнэт “төрөл арилжсан” мэт ааш авираа хачин хувилган хүн чанар, жудаг мөсөө зах зээлийн харилцааны зальхай бульхай аргын саварт алдах болов?!
Зах зээлд шилжсэнээс хойших жилүүдэд, эрхэм сайхан албатан та нар минь юү хийж өтөл магнайг минь үрчигнүүлж байна? гэвэл, өөрсөдтэй чинь эх орон, элэг цус нэгтэй хэдийгээ юунд эс өрөвдөн, амьдрах гэж ядаж цөхөж зургаан хөл зовлогоо зулгааж яваа тэдгээр хөөрхийсдөө буянт мал сүргийнхээ сааль сүү, айраг цагаа, ааруул хуруудыг боловсруулж зарахдаа үнээ, гүүнийхээ дэлэнгээс цэвэр ариунаараа садарсан шимт цагаан сүүндээ юүнд хар ус хярамлан хольдог, ааруул ээзгий, аарц хуруудандаа юүнд гурил чигжиж хатаадаг болоо вэ, эрт дивангалаваас сэвгүй хадгалагдсан өгөөмөр монгол сэтгэлийн тань агаараар хаанах газрын юүн “намгийн хий” гүйж эцэг дээдсээс уламжлалт өндөр ёс ёмбыг сэвтүүлж хорлох нь энэ вэ? Өнгөрсөн зуунд Улаанбаатар хотод ойр нутагтай, социализмын үед ч зах зээлийн худалдаа наймааны ов отонд гаршсан Төв аймгийнхныг монгол даяараа “Шанага нь тав”-ынхан, “Гүүрээр гардаггүй, Туулаар гаталдаг Төвийнхөн” гэж дургүйлхэн хочилдог байсан чинь харин өнөө болохнээ Төв аймгийнхны “нээсэн” башир арга, ад араншингийн үүл Монгол даяар минь нүүж бүрхсэн нь айраг сүү, ааруул хуруудаа зах гудасаас худалдан авч амаа хөдөлгөж буй ард хөөрхийсийнхөө хараал идэж, хамаг муу үгийн угаадас өөрсөд рүүгээ цацуулж байгаа нь ямар сайн байх вэ.
За, тэр ч яах вэ, бага “шийтгэл” гэж бодоход энэ муу муухай санааны үйл Тэнгэр бурхдын мэлмийд нүгэл, хилэнцээр тусаж, нэгд, амь насандаа цөв суулгана, хоёрт, хүн ямар мөнх биш, үхсэн хойноо үлдэх сүнсэнд халтай шүү дээ. Өнөөдөр Бурхны шашны гүн ухаан ч, орчин үеийн парапсихологи, “Чинад ертөнц” судлалын шинжлэх ухаан ч хүний амьдралын гол үр дүнг тодорхойлогч “Үйлийн үр”-ийн онол хийгээд хүний үхлийн дараах “амьдрал”, сүнсний тухай нэгдсэн ойлголт, дүгнэлтэд хүрлээ. Дэлхийд “Сүнс судлал”-ын 300 гаруй институт ажиллаж, эрдэм шинжилгээний судалгаа хийж буй бөгөөд үүнээс АНУ, Санкт Петрбургийн хамтарсан институтын эрдэмтэд хэдэн жилийн өмнө үхэж буй хүний зулайгаар гарч яваа (асар хурдтай!) сүнсний дүрсийг тусгай мэдрэмж бүхий компьютерээр буулгаж, хэлбэр, жин, өнгө, чанарыг нь тодорхойлоод дэлхийд зарласан. Тэр бүү хэл, хүний сүнсийг шилжүүлэн суулгах туршилт мэс заслын аргаар хийснээ мэдэгдээд үр дүнг нь нууцалчихлаа. Хүмүүс цээжнийхээ хар бангаар “Нэг л үхэхээс, хоёр үхэх биш!” гэж ярьдаг, “Энэ насандаа л олз орлого ихтэй, гарз багатай, эд хөрөнгөөр цалгиж, даргиж аваад үхэх нь амьдралын зорилго!” гэж боддог нь их л харанхуй толгойны яриа, бодол болохыг шинжлэх ухааны судалгаа, нотолгоо ойлгуулж, хүн үхлээ ч амьдрал нь сүнс-эрчимийн төлөв, чанараар үргэлжлэн, нүдэнд харагдахгүй, биед хүртэгдэхгүй орчин, тэгэхдээ, хэн нэг эзэн “Би”-гийнхээ амьддаа үйлдсэн бүх “үйлийн үр”-ийн мэдээллийг бүрэн бүтнээр нь, аль ч насны нь цаг, хормын үйлдлийн нь бичиглэлтэй нь тов тодорхой хадгалан, эсвэл аймшигтай зовлон эдэлж, эсвэл, амар тайван жаргалтай мөнх оршин эргэлддэг гэж шинжлэх ухаан үздэг болчихов. Мухар сүсэг бишрэлээр бус шинжлэх ухааны судалгаа, шинжилгээгээр тогтоогдож буй нэг “үл итгэм” үнэн нь, хүний амьдралд амьдын нь зовлон өчүүхэн зовлон, үхсэн хойно нь үлдэн амьдрах сүнсний нь эдлэх зовлон үнэнхээр, “жинхэнэ зовлон” байдаг юм байна. Элэг нэгт монгол ах дүүс, амраг садад таануус минь амьддаа үйлдэх нүгэл, заль мэх, “муу авьяас”-аар олох олз, орлогондоо шунаж осолдсоор биеэ элээсний чинь эцэст амьдралын чинь хамаг мэдээллийг нэг нэггүй, ний нуугүй илчлэн улайлгаж үлдэх сүнсээ тарчлаан зовоох аюулаас алс амьдраасай билээ дээ.
Үнэнийг их ч ярьсан улиг, бага ч ярьсан улиг болсон өнөө цагт ярихаас л бас аргагүй, сэтгэлийг минь багагүй урж шөнийн нойрноос хугасладаг нэг олхиогүй, шижээргүй “ажил”-ыг та нар минь завсаргүй хийгээд байгааг нэмж зэмлэхээс горьгүй л болчихлоо. Монголчууд бид орчин үеийн шинжлэх ухааны боловсролтой, Азидаа ч, дэлхийд ч үнэлэгддэг утга зохиол, урлагтай, улс төр-нийгмийн хөгжингүй философи сэтгэлгээтэй үндэстэн байтал аанай л та нар минь дэлхийн бусад соёлтой, хүн ёсны уралгуу зан заншилтай ард зоны чанд баримталдаг их сайхан ёс суртахуунлаг дадал зуршлаас хахь эсрэг, гажууд, ад зэтгэрийн ховс ордослосон “шинэ санаачлага” бие биетэйгээ уралдан гаргаад тун болохгүй л дуулдах юм, яая даа, та минь?
Ази, европ, америк, африк, австрали таван тив, дөрвөн далайн арлынхан цөм улс үндэстнийхээ түүхэн тэмдэглэлт өдрүүдээр зах зээлд борлуулж буй бараа таваарынхаа үнийг хямдруулан худалдан авагчидаа баярлуулж, буян үйлддэг ёс зүйтэй юм байна. Гэтэл өндөр соёл, гэгээрэлт Монголын минь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний ажиллагсад минь дэлхийд ганцаараа сондгойрч бараа бүтээгдэхүүнийхээ үнийг үндэстнийхээ баяр ёслолын өдрүүдээр өчүүхэн хувиар ч болохноо юун буулгаж буян үйлдэх нь бүү хэл, харин ч, “Муу хүн сиймхийгээр, чоно борооноор!” гэдэг болж, урьд өдрүүдийнхээ үнийг тэнгэрт хадаачихдаг чөтгөр ч атаархахаар “шог хошин ухаан” сийлдэг болчихжээ. Юунд ингэнэ вэ, монгол сайхан ээж, аавын үрс минь?
Орлого, цалин хомстой бусад чинь аж амьдралынхаа тарчиг даржинг түр мартагнаж, ганц хоёр өдрийг баяр хөөртэй үдэх завшаан олоход нь бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг шунаг, сувьдаг сэтгэлээр дур зоргоороо дэгсдүүлэхгүй, оронд нь зах зээлийн соёлт ертөнцийн жишгээр тав, гурван төгрөгөөр ч болов хямдруулдаг монгол сэтгэлтэй болвол амтай бүгдийнхээ амнаас хараал идэж, зүхэл хонзогнолын уур амьсгалыг ийм тамтаггүй ихээр нийгэмд үүсгэхгүй байхсан даа! Өөрсдөө үйлдвэрлэдэг ч бай, гадаадаас импортоор оруулж зардаг ч бай, бараа таваарынхаа тэртэй тэргүй зардал, өртөгөө хэд дахин нугалсан “нууцлагдмал үнэ”-ийг үл ялиг доошлууллаа гээд эрхэм таануус минь социалист харилцаа нурснаас хойших жилүүдэд олсон, хураасан хөрөнгөний тань хэмжээг бодоход буянтай буурал Монголдоо яагаад ч хоосон хонож, хуурай босож, явган нүцгэн гүйхээргүй өмчтэй болж амжаа шүү дээ. Өглөг, өргөлийн сэтгэл дүүрэн жандагийн эзэд байх байтлаа, эсрэгээр, хомхой хомголзуур сэтгэлд атгуулсан харамч “гарууд” байдагт тань сэтгэл гутарч суунам. Гэхдээ үүгээр би эрхэм дүү нараа муучилж нүүрийг тань улалзуулах гээгүй шүү, таануустаа би хайртай, аль ч бусад иргэдийнхээ адилд үзэн хүндэлдэг, үйлс хөдөлмөрийн тань үр хаялагаар л өнөөдөр гэдэс ходоод илим дүүрэн, мөр далд яваагаа ухамсарладаг, энэхүү учирлангуй үглэл минь ч таануусаа хайрласан, таануусаа нүгэл, хилэнцийн далд отолт, гэтэлтээс сэрэмжлэн хамгаалсан халуун хайрын минь илрэл юм шүү! Хүний амьдралын тэгш дүүрэн жаргал бол зөвхөн буянт үйлийн л хариу хишиг, харин буруу, муу үйлээр түр зуурхан хийсч ирсэн “жаргал” бол удахгүй нөмрөх зовлонгийн даллага байдаг.
“Үйлийн үр” гэдэг аймаар нарийн хэмжилтэй “дэнс”-ний таваг дээр хүний үйлдсэн нүгэл, хилэнцийн жин нь тус, буяныхаа жингээс даваад, “Өнөө айхтар, хэцүү нэрт” дэрлээд ирэх цагт хүнд өнгөрсөн амьдралаас нь сайн саар түмэн юм бодогддог, тэр цагт хүн буруу, муу үйлийнхээ горыг хичнээн гэмшин харамсаж ганцыг нь ч бол засаж залруулахаа сэхээрэвч цөм “өнгөрсөн хорвоо” байх нь лав. Бүү осолдоорой! Эртний мэргэдийн номлосон нь, “Амьдрал магад бус, үхэл магад!” гэсэн буй, гэтэл зах зээлийн харилцааны прагматик хүмүүжилтэй ихэнх хүн өөрийгөө мөнх амьдрах биетэй мэт омтгойдоод мөрөөрөө хаягдаад хоцрох муу биедээ гай удах жөвчөөтэй, гэм осолтой бурууд дурлан задгайрах, мөнх бус мах ясаа элэгдсэний хойно мөнх орших сүнсээ тамд унагах нүгэлд ороогдох нь элбэгшсэнд яах ухаанаа олохгүй “явгарах” өдөр ээлжгүй тохиох нь яасан гаслантай өнгөрнө вэ? Манай ертөнц хэнд ч ойлгомжтой эгэл жирийн үйл явцтайн гадна хэнд ч ойлгогдохгүй, танин мэдэшгүй үйл явцтай нь мэдээж, тэглээ ч, бидний дотроос мэдэх нэг маань мэддэг, мэдэхгүй нэг маань огт таг чиг явдаг нэг үйл явц буй нь хүний сүнс биеэ орхиод ондоо шинэ ахуй руу шилжин очдог үнэнийг шинжлэх ухаан нэгэнт хүлээн зөвшөөрсөнийг дээр дурдсан.
Далд ертөнцтэй харилцагч хувилгаад, “самади”-д оршигч увдистнууд ч, шинжлэх ухааны эрдэмтэд, сэтгэгчид ч ав адилхан магадлаж буйгаар “Тэр ертөнц”, “Энэ ертөнц” хоёр өөр өөр мөн чанар, зүй тогтолтой ч хоорондоо ижил ихэр нэг юмтай нь зовлон аж. Гагцхүү, “Тэр ертөнц” “Энэ ертөнц”-өөс маань тэс ялгаатай нь, “Энэ ертөнц”-д бие махбод маань зовдог бол “Тэр ертөнц”-д сүнс маань зовно. Сүнсний эдлэх зовлон “Энэ ертөнц”-д бие махбодынхоо эдэлж туулсан зовлонгоос асар халуун, аймшигтай удаан хугацааны зовлон байдаг юм байна. Сүнсний зовох, эс зовохын гол шалтгаан нь “Үйлийн үр” буюу тухайн хүн “Энэ ертөнц”-д байхдаа үйлдсэн сайн, муу үйлийн нь үл арилагч (үл устагч), үл шамшигдагч (бусдад ацаглаж үл чадах) ул мөрийг агуулагч Буян, Нүглийн харьцаа гэдэг нь одоо хүн төрөлхтний сэтгэхүйд тодорхой болжээ. Хүн хэт хамаагүй ашиг олз, хулгай луйврын завшаанд шунаж хэт дэндүү унхиагүй загнах нь тэр хүний амьдралд нэг өдөр сохор аз тохиолгох нь байлаа ч эцэс шатанд хөөрхий сүнсээ түймэрдүүлэх аюулт гэсгээлээр тарчилгах мөртэй нь тун анууштай (Хүний амьдралыг нүгэл, хилэнц хийгээд тус, буяны ялгавараар дэнсэлдэг Бурхны хувьд хүний хүнлэг бус үйл нь эс өршөөлтэй хэрэг бөгөөд Бурхны эс өршөөсөн үйлийг ад зэтгэд эзэгнэн зайдалдаг, тийм үйлийн эзэд рүү дайрах эрх чөлөөг олдог!), Дээд орнуудын Тэнгэр сахиусдаас газрын хүмүүст байнга ануулдгийг ч мэдүүштэй байнасанж дээ, монгол олон үрс минь!
Өнөөгийн залуус миний үеийн залуус биднээс хавьгүй илүү мэдлэг, боловсролтой нь лав ч “Хүн хэлэхээс наашгүй” хойно өтгөс бид “Бар өтлөвч эрээнээрээ..” гэж яншиж явшихгүй бол эс болох гэм, алдас нийгэмд хавтгайрах гээд байгааг мэдсээр байж дуугай өнгөрч эс болох нь, хоёрдож, хүний амьдралын үндсийн үндсийн “Үндсэн хууль”, хүн цэвэр ариун ёс суртахуунтай амьдрах хуулийг зөрчвөл хэтдээ ямар үр дагавартайг эс сургах нь эрүүгийн хэргийн цагдаад баривчлагдах гэмт хэрэг биш ч “Ёс суртахууны цагдаа”-д дуудагдах гэмт үйлдэл лав мөн.
“Хүмүүн оршихуй”-н үндсэн хууль, “шүтэн барилдлага”-ын ойлголтоос нийгмийг холдуулах алив прагматик “уруу таталт”-аас ард зоноо хамгаалахыг би өөрийнхөө ч (өдий зузаан жил наслахдаа ард олныхоо сэтгэл, оюуныг ариун гэгээн байлгах зорилготой уран зохиолд амьдралаа зориулсан хүний хувьд) үүргээ гэж, бас, Монголынхоо нийгмийн сэтгэлгээний нэг гол үүрэг ч гэж үзэж давтан үглэхэд, “Амьдын хоног тоотой ч ар мөрөөр нь олон нууц дагаж үлддэг”-ийг хэлэх хэрэгтэй байнам.
Эл учирлал, үглэлийнхээ “сүүл хашиж”, хэн нэгний тань сэтгэлд хэзээ нэг өдөр хэрэг болж юу магад вэ, Будда Шигээмуни Гушинпагарагийн ойд, Сола модны дор хэвтээд шавь нартаа сурган айлдсан сүүлчийн айлдварыг номоос хуулан авсанаасаа товчлон сийрүүлье: “Шавь нар минь: Амьдрал бол мөнхийн хувирал! Үүнийг би одоо өөрийн биеэр үзүүлэх гэж байна. Миний бие одоо хэнд ч хэрэггүй хэмхэрхий тэрэг мэт болов. Шавь та нар минь ч өөрсдийнхөө биеийг хувиршгүй бус, ариун бусыг мэдэж авагтун! Санаандаа бүү хуурт! Жаргал, зовлон хоёулаа зовлонгийн шалтгаан болдгийг мэдэгтүн! Сэтгэлээ шинжлээд “Би” гэх юм үгүй болохыг танигтүн! Өөрсдийгөө гэгээрүүл! Бурхан бол хүний бие бус гэгээрэл!”
2018.01.01-04
Алтан тэвшийн хөндий