Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг дэлхийн 100 гаруй улс орон 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Тэдгээр улсуудын нэг бол Монгол Улс. Гэвч бидэнд дэлхийн улсуудтай хамтаар тэмдэглэж, би биедээ баярын мэндчилгээ явуулаад байхаар эрх чөлөө бий билүү гэж энэ өдөр илүүтэйгээр бодох юм.
90-ээд оны сүүлч, 2000-аад оны эхэн үед Монголын хэвлэл эрх чөлөөтэй байсан. Үүний илрэл бол шар сонинууд юм. Тухайн үед шар сонинууд юу дуртайгаа бичиж, ёстой л жинхэнэ дураа дургиж байлаа. Тэнд хүнийг гүтгэх, доромжлох, хийгээгүй хэрэгт ял тулгах юу ч биш байв. Олон нийт ч үүнийг таашаан уншдаг байсан учраас өөрийнхөө тухай элдэв зүйл бичүүлэхгүйн тулд шар хэвлэлүүдэд мөнгө төлдөг нөлөө бүхий эрхмүүд ч байсан юм. Гэхдээ бүх зүйл цаг хугацаа, ээлж дараатай байдаг. Үүний адилаар шар хэвлэл зах зээлээс түрэгдэж, уншигчид ч үнэн бодит мэдээллийг эрэлхийлэх болсон юм.
Мэдээж зах зээлийн зарчмаараа эрэлтэд тулгуурлаж нийлүүлэлт бий болно. Ингэж л баримт нотолгоон дээр суурилсан, шинэ цагийн сэтгүүл зүй үүссэн гэж хэлж болохоор. Гэвч шинэ цагийн сэтгүүл зүйд “эрх чөлөө” дутмаг байна. Сэтгүүл зүйг хуулиар баталгаажсан “манаач”, “хоточ нохой”, “дөрөв дэх засаглал” гэх мэтээр хөөргөн дөвийлгөдөг хэрнээ энэ эрх үүргийг нь хаан боогдуулах нь юу ч биш.
Сэтгүүлчдэд мэдээлэл олж авах эрх маш дутмаг. Олон жил ажилласан, танил тал, найз нөхөдтэй хуучин сэтгүүлч, редакторууд өөрийн хүрээнд мэдээлэл олж авч, түүнийгээ өөрийн ашигт нийцүүлэн нийтлэх нь бий. Харин залуу сэтгүүлчид энгийн аж ахуйн нэгжийн харуулын байрнаас хөөгдөх үедээ л мэдээлэл авах эрхгүй гэдгээ ойлгодог.
Иргэд, уншигчдад үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл өгөхийн тулд сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх нээлттэй л байх учиртай. Даанч энэ эрхийг нууц олонтой эрхмүүд хэзээ ч хангаж өгөхгүй биз.
Үүнээс гадна сэтгүүлчдийг мохоосон, аливааг эрэлхийлж, эрэн сурвалжлах хүслийг унтраасан нэгэн хууль батлагдсан нь “Зөрчлийн тухай хууль” юм.
Энэ хуулийн 6.21-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл /уг нь орчин цагийн Монгол хэлэнд “ЭСВЭЛ” гэж маш тодорхой үг бий. Гэтэл нутгийн аялга гэлтэй уйгаржин бичиг Монголын хууль тогтоомжоос салдаггүй/ мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байгаа юм.
Эндээс зөвхөн сэтгүүлч гэлтгүй, жирийн иргэн байсан “Хэвлэн нийтлэх эрх чөлөө”-гөө эдэлж бичихдээ дээрх хуульд зааснаар хүний нэр хүндэд халдсан бол шууд л хоёр сая төгрөгөөр торгуулна гэж ойлгож болно. Гүтгээгүй, нэр хүндэд халдаагүй хэмээн нотлох баримтаа гаргаж ирвэл Иргэний хуулийн 21.4-т зааснаар “Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүй тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” гээд л зүйлчлээд явчихаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл энэ хоёр хуулийн хоёрхон заалт л бидний хэвлэн нийтлэх эрхгүй болгож байна. Үнэхээр хэн нэгэн этгээд гэмт үйлдэл хийсэн, тэр нь улс орон, ард иргэдэд гэм хор учруулахаар, гэтэл түүнийгээ нуун далдалсан байхад нь сэтгүүлч олж, илрүүлж, олон нийтэд мэдээлсэн тохиолдолд ч гэсэн дээрх хуулийн зохицуулалтаар буруудаж, мөнгө торгуульд унана гэсэн үг.
Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсний дараа олон сэтгүүлч мөнгө торгуулийн шийтгэл авсан. Гэвч сэтгүүлчийн цалин маш бага. Ингээд л асуудал дэвшүүлж, болохгүй байгаа сэдвийг хөндөж, дур зоргоороо аашилж байгаа этгээдийн буруу үйлдлийг олон нийтэд мэдээлснийхээ төлөө дөрвөөс, таван сарын цалингаараа торгуулахыг хэн хүсэх билээ. Түүний орон цаг үеийн усан мэдээ түгээгээд явах нь хялбар биз. Харин зөрчлийн хуулийн цаана хууль зөрчигчид нуугдаж, хууль бус үйл ажиллагаагаа явуулж, хувийн нууцаар хамгаалуулж суугаад хууль батлагчид мэдэж л байгаа.
Энд хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулж буй ганц л жишээг дурдлаа. Бид ийм л эрх чөлөөтэй оронд аж төрж байна. Бичих, нийтлэх эрх нь хязгаарлагдчихсан байгаа атал яаж ч дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх вэ дээ.
Л.Тамир