Соёл, урлагийн газар, МУИС-ийн Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч, доктор, профессор А.Энхбаяр болон түүний шавь нартай хамтран орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан 5 музейд “Виртуал музей” төслийг хэрэгжүүлээд байна.
Энэхүү төслийн хүрээнд Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газарт орших Монголын анхны бурханы шашны хийд, Эрдэнэ Зуу музейд “Виртуал үзмэр”, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, суурилуулах ажлыг өчигдөр зохион байгуулж, олон нийтэд нээлттэй үзүүллээ.
Эрдэнэ Зуу музей нь Монгол улсын аялал жуулчлалын гол төв бөгөөд жилдээ 30 000 гаруй гадаад, дотоодын үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг. Эрдэнэ Зуу музейд Виртуал үзмэрүүдийг байршуулсан нь Монгол өв соёлыг гадаадын жуулчдаар дамжуулж олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх өргөн боломжийг нээж байгаа юм.
Арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг дарга Л.Энхбат, Эрдэнэ Зуу музейн захирал Н.Төмөрбаатар, Хархорум музейн захирал Л.Шинэбат, Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Отгонбаяр, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Банди нар оролцлоо. Мөн Дэлхийн өв Орхоны хөндийн Соёлын дурсгалт газарт шинээр бүтээх виртуал контентын талаар санал солилцов.