“Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Халуун зүрх” кино гуравдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр киноны зохиолыг бичиж, гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин А.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа.
– “Халуун зүрх” киногоо нээж байгаад баяр хүргэе. Киноны зохиол бичих санааг хэрхэн олсон бэ?
-Баярлалаа. Зохиол бичих санааг анх Д.Ганцэцэг эгч надад өгч байсан. Тэрээр “би ханьдаа зориулаад сайхан уран бүтээл хийх юмсан гэж боддог” гэж ярьдаг байсан юм. “Аримун” продакшны анхны уран бүтээл болохоор бид хоёр удаан хугацаанд ярилцсаны эцэст эхийн хайрын сэдвээр киноны зохиол бичиж, “Халуун зүрх” киногоо хийсэн.
-Зохиолч өөрийн бүтээлээр аливаа нэг санааг илэрхийлэхийг зорьдог. Тэгвэл та энэ бүтээлээрээ ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ?
-“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ” гэдэг үг бий. Энэ үгээр киноныхоо гол санааг гаргахыг хүслээ. Хүний хамгийн чухал зүйл бол хэрхэн амьдарч, бусдад яаж нөлөөлж, амьдарсан бэ гэдгийг гэрчлэх мөр юм. Мөн амьд явсныг гэрчлэх, үргэлжлүүлж амьдрах үр хамгийн эрхэм зүйл. Энэ бүгдийн холбоог л илэрхийлэхийг хүсч зохиолоо бичсэн. Дүгнэлтийг мэдээж үзэгчид маань хийх байх.
– Энэ бол таны гурав дахь кино зохиол байх. Өмнө нь “Зүрхээр наадагч”, “Миний нууц” зэрэг киноны зохиолыг бичсэн. Ер нь кино зохиол бичихэд хүндрэлтэй зүйл хэр байдаг вэ?
– Өмнө нь олон кино зохиол дээр ажилласан. Миний үндсэн мэргэжил жүжигчин шүү дээ. Хамт олонтойгоо нийлж хамтарч ажиллаж байгаа учраас би зохиолч гэсэн нэрийг зүүгээд явж байгаа юм. Зөвхөн “Халуун зүрх” киноны зохиолоо бичээд суухад долоон сарын хугацааг зарцуулсан. Шууд зохиол бичье гээд биччихгүй л дээ. Судалгаа их хийнэ. Кино зохиол бичих тийм ч амар зүйл биш ээ.
–Нэг уран бүтээл дээр ажиллаж байхад дараагийн уран бүтээлийн санаа орж ирдэг гэдэг. Таны хувьд дараагийн уран бүтээлийнхээ санааг олчихсон уу?
-Бодчихсон байгаа. Тухайн үедээ зарлавал дээр байх. Одоогоор нууц хэвээр нь үлдээе.
–Киноны гол дүр Анхилуун бүсгүйн дүрд тоглоход хамгийн хүндрэлтэй зураг авалтын хэсэг юу байсан вэ?
-Хүн мэддэг зүйлээ гаргаж дамжуулахад нэг өөр, огт мэдэрч үзээгүй зүйлээ гаргахад асар өөр юм билээ. Жишээ нь, би өөрөө мэдэрч үзээгүй тэр өвдөлтийг гаргахад надад маш хэцүү байсан. Яаж өвддөг юм бол гэж бодоод судалгаа хийсэн. Тэр өвдөлтийг мэдэрч байгаа хэсэг дээр “яаж үүнийг гаргах вэ” гэж маш их хичээж ажилласан.
Г.Нараа