Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.10.03) хуралдаанаар төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн болон гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитын талаар Монголын Үндэсний аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 5 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар илэрсэн 0.1 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж, 1 албан шаардлага хүргүүлсэн.
Улсын Их Хурлын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” гэсэн санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 0.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.1 тэрбум төгрөгийн бүртгэл тайлагналын алдааг залруулан, 0.4 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмжийг хүргүүллээ.
Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 17 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн байна. Аудитаар 12.0 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 8.9 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 1.2 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 27 зөвлөмж,1.2 тэрбум төгрөгийн акт тогтоож, 0.7 тэрбум төгрөгийн албан шаардлагыг хүргүүлсэн гэж байлаа.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгүуллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 93 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 81 байгууллага аудитад хамрагдсан байна. Аудитаар 15.5 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 10.2 тэрбум төгрөгийн алдааг залруулан 30.0 тэрбум төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 128 зөвлөмж, 2.3 тэрбум төгрөгийн 62 албан шаардлагыг хүргүүлсэн байна. Харьяа байгууллагуудаас Стандарт, хэмжил зүйн газар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны санхүүгийн тайланд “Хязгаарлалттай”, Говь-Алтай аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст “Сөрөг” санал, дүгнэлт өгсөн. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа онцлов.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 5.5 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 5.3 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 77.8 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 21 зөвлөмж, 79.8 сая төгрөгийн 5 албан шаардлагыг хүргүүлэв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 2 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж “Зөрчилгүй” санал, дүгнэлт өгсөн. Аудитаар 0.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 0.1 тэрбум төгрөгийн алдааг залруулан, 26.4 сая төгрөгийн зөрчлийг засах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн гэдгийг тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар тогтлоо.