УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.10.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15:25 цагт эхэлж, Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг 10 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 66.7 хувь нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.
Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат нар Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан асуулт асууж, хариулт авчээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэрлэх асуудлыг тусгайлан тодорхой зааж өгсөн бөгөөд ингэхдээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль” гэсэн бичилт, ойлголт байхгүй харин “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэдэг нэр томьёогоор бичигдсэн. Түүнчлэн Жаран есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна.” гэж маш тодорхой зааж өгсөн байна. Мөн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль” гэж нэрлэсэн тохиолдолд ердийн хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж энэ нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд нийцэхгүй төдийгүй Улсын Их Хурал Үндсэн хуулийн дээр дурдсан зүйл, хэсэг, заалтыг зөрчих хууль зүйн үр дагавар үүсэхээр байсан, харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байх хуулийн шаардлага хангасан талаар, түүнчлэн Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуульд “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах…”, “хуулийн заалтыг давтахгүй байх” гэж заасны дагуу тогтоолын үндэслэл хэсэгт хуулийн утга агуулгыг давхардуулалгүйгээр Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн нь хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийн үндэслэлдээ таван үндэслэлийг дурдсан бөгөөд Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах, ард нийтийн санал асуулга явуулахаар тогтохдоо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан бүхий л зарчим, шаардлагын хүрээнд боловсруулж хэлэлцүүлсэн тул эдгээр үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар байр сууриа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй, ард нийтийн санал асуулга явуулахад олон нийтэд тайлбарлан таниулахад ч, зохион байгуулахад ч цаг хугацааны хувьд боломжгүй болсон тул Улсын Их Хурал өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн болон Ерөнхийлөгчийн хоригийн хууль зүйн үндэслэлийг сайтар нягтлан үзэх, хамгийн гол асуудал нь хууль зүйн зөрчилгүй, үндэслэлтэй байхад анхаарах, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих боломжгүй талаар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хууль бол нийгмийн гэрээ гэдэг утгаар нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч төслийн хэлэлцүүлгийг дахин хийж, Үндсэн хуульд орхигдсон тусгах шаардлагатай зарим зохицуулалтыг нэмж тусгах боломжийг ашиглах нь зүйтэй талаар, УИХ-ын гишүүн Н.Энхболд Ерөнхийлөгч 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан нь тогтоолын хавсралтаар баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хүчингүй болгох, түүнчлэн сүүлийн 10 жилийн судалгаа, ажлыг бүхэлд нь зогсоох эрсдэлтэй байгааг анхаарах, иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй талаар, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа болон хуулийн зохицуулалтын хооронд зөрчил гаргахгүй байх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын агуулга, үйл явц олон нийтэд хууль зүйн эргэлзээ төрүүлэхээргүй, улс орны нийгэм, эдийн засагт саад дарамт учруулахааргүй, ирээдүйн Монгол Улсын сайн сайханд чиглэгдсэн байх үүднээс нийгийн зөвшилцлийг хангах нь зүйтэй талаар санал хэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд уг нэмэлт, өөрчлөлт өнөөдрийг хүртэл 19 жилийн турш хүчин төгөлдөр үйлчилж байгаа, түүнчлэн үе үеийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлж байсан төслүүд нэрний хувьд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл” нэртэй байсан талаар, мөн ард нийтийн санал асуулга явуулах хугацааны талаар товч мэдээлэл хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн авахыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн тул Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.