Нэрт зураач Ү.Ядамсүрэнг манай уншигчид “Өвгөн хуурч” зургаар нь сайн мэднэ. Одоогоос 70-аад жилийн тэртээ тодруулбал 1946 онд “Д.Сүхбаатарын хөрөг ” зургаараа маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал буюу одоогийнхоор төрийн шагнал, 1965 онд БНМАУ-ын Ардын зураач цол хүртсэн түүний зээнцэр охин М.Аминаатай ярилцлаа. Урлаг судлаач мэргэжилтэй энэ бүсгүй буурай өвөө Ү.Ядамсүрэнгийнхээ “Өвгөн хуурч” зургийн судалгаагаар Репиний нэрэмжит академид магистрын зэрэг хамгаалах гэж буй аж.
-Таныг хүмүүс зураач гэж их эндүүрдэг бололтой. Би ч гэсэн тэгж бодож байлаа…
-Мэргэжил маань урлаг судлаач л даа. Гэхдээ зураач гэж андуурагддаг нь манай гэр бүлийн түүхтэй холбоотой байх. Ээжийн талд эмээ өвөө, элэнц хуланц гээд олон зураач бий. Манай аав, ээж хоёр ч бас зураач. Харин аавын өвөө нь хөдөлмөрийн баатар Самбуу гэдэг жолооч байсан юм билээ. Ээж, аав хоёрынхоо үүсгэн байгуулсан ” Анима” гээд дүрслэх урлаг, дизайны сургуульд би урлагийн түүхийн хичээл зааж байсан, зураачдын гэр бүлд төрж өссөн болохоор зураач гэж андуурагддаг бололтой. Би “Анима” сургуульдаа нэг жил зураачаар сурсан ч “Миний хийх зүйл зургийг бүтээх бус магадгүй олон агуу хүний бүтээсэн туурвилуудыг бусдад таниулах гүүр нь болох ёстой юм болов уу” гэж бодсоны улмаас МУИС-ийн урлаг судлалын анги руу шилжсэн. Тэгээд дөрвөн жил 2009-2013 онд Болдбаатар багштай ангид суралцаад төгссөн дөө.
-Одоо Репиний академид магистр хамгаалахаар сурч байгаа гэл үү?
-Тийм ээ. Би чинь “Анима” сургуульдаа нэлээн удаан зургаан жил багшилсан юм шүү дээ. Ер нь социализмын үеийн манай нэрт зураач, барималч, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд төгсөж байсан болохоор манайхан Репиний академи гэдэг нэршлээр нь сайн мэднэ. Анх 1757 онд эзэн хааны академи нэртэйгээр байгуулагдсан энэ академи нь Оросын төдийгүй дэлхийн хэмжээнд реалист, академик чиглэлийг баримталж, уран зургийн реалист чиглэлийг авч явж байгаа цөөхөн хэдэн сургуулийн нэг гэдгээрээ алдартай. Оросын урлаг судлалын ухаан бол судалж байгаа салбартаа гүн гүнзгий ханддаг, суурийг маш сайн тавьж өгдөг болохоор би энэ сургуулийг сонгосон л доо. Төлбөр маш өндөр нь мэдээж. Би Оросын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа. РЦНК буюу Оросын соёл, шинжлэх ухааны төв дээр шалгалт өгөөд энэ болзлыг нь хангасан юм. Ер нь дүрслэх урлагийн ямар ч чиглэлээр суралцахыг хүсэж байгаа залуус Оросын соёл, шинжлэх ухааны төвөөс мэдээллийг нь аваад, шалгалт өгч, өөрийгөө сорин, мэргэжлээ дээшлүүлэх бүрэн боломжтой юм билээ.
-Ямар сэдвээр магистр хамгаалах гэж байгаа билээ?
-Миний элэнц өвөө Монголын анхны Ардын зураач, төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн гэдэг хүн байсан. Бид “Өвгөн хуурч” зургаар нь маш сайн мэднэ. Буурай өвөө маань Монголын дүрслэх урлагийн газрын тулгын чулууг тавилцаж, Монголд өрнийн дүрслэх урлаг хөгжих анхны үндэс сууриудыг бэлтгэж өгч байснаас гадна угсаатны зүйн судалгаануудыг хийсэн маш том угсаатны зүйч. Бас социализмын үед, социалист, коммунист үзэл бодолтой үед ардынхаа урлагийг хэрхэн зөв хамгаалж хойч үедээ өвлүүлэх вэ гэдэг дээр маш ихийг хийсэн хүн л дээ. Миний судалгааны сэдэв бол “Ардын зураач Ядамсүрэнгийн уран бүтээл дэх Оросын дүрслэх урлагийн сургулийн нөлөө”. Дан ганц Ядамсүрэн гэдэг уран бүтээлчийн жишээн дээр авч үзэж байгаа ч ерөнхийдөө монгол зураг маань өрнөдийн урлагийн арга барилаар хэрхэн баяжиж хөгжиж ирсэн бэ гэдэг ерөнхий сэдэв л дээ.
-Тэгвэл бидний сайн мэдэх “Өвгөн хуурч” зургийн судалгаа хэр байдаг бол?
-Зөвхөн “Өвгөн хуурч” гэлтгүй социализмын үед туурвигдсан Монголын үнэт өв, сор болсон сайхан бүтээлүүдийн талаар тухайн үедээ хийгдэж байсан судалгаанууд, эрдэм шинжилгээний ажлууд мэдээж байгаа. Гэхдээ бид тэдгээр бүтээлийг дутуу үнэлдэг эсвэл орчин үеийн зүгээс тоодоггүй ч юм уу энэ тал дээр бас шинэ шинэ арга барилуудаар хийгдсэн судалгаанууд маш их дутагдаж буйг би судалгаагаа бичиж байхдаа анзаарч харж байна.
-Та ямар талаас нь судалж байна вэ?
-Миний судалгааны ажилд суурь болж байгаа зүйл бол Ядамсүрэн зураачийн том охин Заяа буюу миний эмээгийн бүхэл бүтэн 30 жилийн турш хийсэн, удахгүй ном болж хэвлэгдэх Ядамсүрэнгийн уран бүтээл болон намтрын талаарх судалгаа юм. Би тухайн цаг үе, соцреализмын болон өрнийн урлаг монгол урлагт хэрхэн нөлөөлсөн, манайд орчин үеийн дүрслэх урлаг гэдэг зүйл үүсч хөгжих суурь нь хэрхэн тавигдсан бэ гэдэг тал дээр илүү анхаарсан судалгаа хийж байгаа.
-Ингэхэд алдарт “Өвгөн хуурч” зургийн эх хувь хаана байдаг бол?
-Монголын дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлүүдийн нэг гэж яахын аргагүй тооцогддог “Өвгөн хуурч”гэдэг зургийн маань эх хувийг одоо Монголын уран зургийн галерейд хадгалж байгаа. Сүүлд хосгүй үнэт бүтээлүүддээ зориулж Италид захиалж хийлгэсэн их гоё жаазанд өлгөөтэй байна билээ. Мэдээж энэ зургийг бодитоор нь үзэх их чухал л даа. Яагаад гэхээр монгол зурагт зураасны таталт их чухал, хаана нь их нарийн зураас байх вэ, хаана нь өргөн байх вэ гэдэг ч юм уу. Зураасны тэр нарийн ширхэг, нарийн таталтуудаас өвгөн хуурчийн дээлийг ямар гоё бодитой юм шиг дүрсэлснийг харж болно.
-Зурах авьяас удам дамжиж танд хэр өвлөгдсөн бэ?
-Манай гэр бүлийнхэн гарын их эв дүйтэй шүү дээ. Хоёр дүү маань хүртэл сайхан зурна. Миний хувьд багадаа зурдаг байсан юм аа. Том болоод ээжийнхээ сургуульд нэг жил зураад ер нь миний хийх юм биш болохыг ойлгосон гэх үү дээ. Би багаасаа урлагийн орчинд өссөн учраас урлагийн талаар судалж, уншиж, сонирхож, бусдад ярьж өгч, ямар гоё сайхан ертөнц байдгийг таниулах нь надад илүү тохирсон ажил шиг байгаа юм. Манай гэр бүлд авьяасгүй нэг хүн байх ёстой нь би юм даа.
-Таныг төрийн соёрхолт, анхны Ардын зураач Ядамсүрэнгийн зээнцэр гэдгийг хүмүүс мэднэ…
-Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг буурай өвөөгийнхөө нэрээр урлагийн ертөнцөд бас хүмүүст танигдаж яваа л залуухан урлаг судлаач шүү дээ, би чинь. Ийм том хүний үр удам, ач зээ гэдэг багаас маань л нэлээн их хариуцлага үүрүүлдэг, нэг талаас бас амар ажил биш юм даа.
-Ядамсүрэн гуайг хэр сайн мэдэх вэ? Санаанд чинь тод үлдсэн гэгээн, нандин дурсамж бий л байх…
-Өвөө маань 1986 онд нас барсан. Харин би таван жилийн дараа 1991 онд төрсөн. Би Ядамсүрэн өвөөгийнхөө гэргий Люня буурай ээжийн өвөр дээр тоглож өссөн юм аа. Буурай ээж маань Монголд төрсөн орос эмэгтэй байлаа. Зээгт наамлын урлагийг хөгжүүлсэн, өвөөгийн баруун гар болж, хамтдаа урлагийн бүтээл туурвиж байснаараа алдартай. Буурай ээж маань, Ядамсүрэн өвөөгийн охин, талийгаач Туяа эмээ, за тэгээд одоо амьд сэрүүн байгаа Заяа эмээ нар маань өвөөгийн тухай их ярьж өгнө. Тэр агуу хүний сургаал, гэрээслэл, ер нь амьдралыг үзэх үзэл нь манай гэр бүлийн уур амьсгалд нэвт шингэсэн байдаг. Өвөөгийнхөө эдэлж хэрэглэж байсан зүйл, унтаж байсан ор, цуглуулга дунд нь, туурвисан бүтээл дунд нь төрж өссөн болохоор тэнгэрийн оронд байгаа ч өвөөгөө мэдэрдэг байсан байх л даа.
-Ядамсүрэн гуайн хувийн амьдралд бидний мэдэхгүй сонирхолтой зүйлс бий л байх…
-Түүх бичгээс үзэхэд Ядамсүрэн өвөө маань Үржин өвөө дээрээ өссөн юм билээ. Өвөө нь зураг, урлалд их авьяастай хүн байсан. Мөн Үржин өвөөгийнх нь ах Чойдаш лам гэдэг хүн анх Ядамсүрэн өвөөд бурхны тиг зурахыг зааж өгсөн, гарын их мундаг уртай, модон бар хийдэг, цамын баг урладаг, бурхны зураг бүтээдэг зураач байсан. Тэгээд тэр үеэс тооцоод үзвэл Чойдаш ламын, Ядамсүрэн өвөөгийн, эмээгийн, ээжийн үе гээд 4-5 үеэрээ урлагийн дүрслэх урлагт зүтгэж яваа гэр бүл юм даа, манайх. Заяа эмээгийн 30 жил хийсэн Ядамсүрэн өвөөгийн амьдралын талаарх судалгаанаас харахад бага насных нь амьдрал их сонирхолтой, өхөөрдөм хөөрхөн байсан юм билээ. Тэр, үнсэн самбар дээр хулсан үзгээр амьтны дүрс зурах бас голын эрэг дээр суугаад элс, шавраар юм хийх дуртай хүүхэд байж л дээ. Таван наснаасаа төвөд үсэг, бичиг заалгаж, долоон настайгаасаа Эрдэнэ гүний хийдэд шавилж суусан тэрээр нэг удаа голын эрэг дээр суугаад хийдэд харсан бурхад, чөтгөрүүд, сүг сүнснүүдээ хийж байтал багш лам нь хараад “Газар шороо сэндийчээд лус савдаг хилэгнүүлэх нь” гээд шилбэний амт үзүүлж байсан гэдэг юм. Заяа эмээгийн маань хараахан хэвлүүлж амжаагүй байгаа номонд бас нэг хөөрхөн дурсамж бий. Ядамсүрэн өвөөг таван настайд нь Агваандорж гэдэг ламд шавь оруулж, төвөд ном заалгах болж л дээ. Өглөө болгон номоо заалгахаар бяцхан хүүг ирэхэд багш ламтан нь тухайн үеийн гурван амттан буюу ёотон, чавга, нархамба өгдөг байж. Тэгтэл нэг өдөр өвөө унтаж байгаад хичээлээсээ хоцорчхож. Санд мэнд босоод л гүйсээр очтол багш нь юу ч өгсөнгүй. Жоохон хүүхэд байсан болохоор гомдоод, уруу царайлан харьсан хойноо очих ёсгүй цагтаа багшийндаа очсоноо мэдсэн гэдэг. Уул нь маргааш нь очих ёстой байж л дээ. Ядамсүрэн өвөө багаасаа төвөд ном сураад, Эрдэнэ гүний хийдэд шавилан, шашны урлаг, шашны олон ёстой танилцаж, ямар мэдрэмжээр тэр бүх зүйлийг харж, хүлээж авч байсан бол оо гэхээр тийм сонирхолтой, гоё хүүхэд насыг өнгөрөөсөн гэж надад санагддаг юм.
-“Өвгөн хуурч”-аас өөр томоохон бүтээлүүдээс нь дурдаач…
-Өвөөг маань зөвхөн “Өвгөн хуурч”-аар нь мэддэг ч ер нь “Маршал Чойбалсангийн хөрөг” , “Сүхбаатар жанжны хөрөг” гээд хөрөг зургууд нь уран бүтээлийнх нь замналд маш чухал байр суурь эзэлдэг. Түүнчлэн “Д.Сүхбаатарын бага нас” гэдэг хөрөг зургаа хэрхэн зурсан тухай дурсамж яриа нь хальсанд бууж үлдсэн байдаг. Сүүлд үндэсний телевизийнхэн “Гэгээн үдэш” нэвтрүүлгийнхээ нэг дугаарыг Ядамсүрэн өвөөгийн амьдрал, уран бүтээлд зориулж, маш гайхалтай нэвтрүүлэг хийсэн. Тэр нэвтрүүлэг дээр дурсамж бичлэг нь явж байна билээ. Сүхбаатарын бага насны хөрөг бас жанжинг багад нь харж хандаж байсан эх гээд нэг хүн байгаа юм. Мэдээж Ядамсүрэн өвөө Сүхбаатарыг багад нь харна гэж байхгүй шүү дээ. Тэр хүнээс судалгаа авч, ямархуу дүр төрхтэй хүүхэд байсныг нь сонсч зурчхаад “За одоо засуулах юм байвал засуул” гээд нөгөө эмгэнд үзүүлсэн чинь Сүхбаатарын эх байсан тэр хөгшин уйлсан байгаа юм. Өвөөгийн маань бүтээлүүд онцлогтой л доо. Хэдийгээр тэдгээр түүхэн хүнтэй нүүр тулж яг бодитоор нь харж байгаагүй ч хөрөг зургийн хамгийн гол зүйл болох характерийг маш сайн гаргадаг байсан. Бас нэг сонирхолтой зураг бол 1963 онд бүтээсэн “Жолооч Самбуу”. Энэ Самбуу гэдэг жолооч нь манай аавын өвөө бөгөөд хөдөлмөрийн баатар хүн л дээ. Ядамсүрэн өвөө тэр үед аав, ээж хоёрыг маань нийлж суух тухай бодоо ч үгүй нь лавтай. Учир нь ээж маань 1966 онд мэндэлсэн юм шүү дээ. Энэ бол тийм зүйл бодоогүй мөртлөө ээжийн өвөө аавын өвөөг зурагт буулгасан их сонирхолтой баримт. Аавын өвөөгийн энэ хөргийг гаргахдаа магадгүй фото зурагтай нь харьцуулаад харахад төрх нь жаахан өөр юм шиг хэрнээ тэр хөдөлмөрч, шийдэмгий, илүү дутуу үггүй характерийг нь яг л гаргасан гэж боддог юм. Мөн өвөөгийн уран бүтээлд цомгууд нь ихээхэн байр суурь эзэлдэг. “Монголын ардын гар урлал”, “БНМАУ-ын ардын хувцас”, “Хаант Монгол улсын Их Хүрээ цам”, “Монгол үндэстний хувцас”, “Зэрэг дэвийн хувцас” цомог нь угсаатны зүйн, монголчуудын түүхэн маш том баримт болж үлдсэн. Ядамсүрэн өвөө маань багаасаа хийдэд шавилсан, монголчуудын ёс жаяг, эдлэл хэрэглэлийг маш сайн мэддэг хүн байсан учраас өөрөө бараг бүх аймгаар явж, судалгаа хийж, ардын эдлэл хэрэглэлийн талаар бидэнд үлдээсэн.
-Тэр орос эхнэртэй байсан бол таны нэгэн ярилцлагаас орос нөхөртэйг чинь уншсан юм байна…
-Тэр ярилцлага нэлээн дээр үеийнх л дээ. Орос хүнтэй арваад жил ханилаад, “Салъя гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа” гэдэг шиг амьдралын эрхээр хоёр тийшээгээ болсон. Бид одоо сайхан харилцаатай байдаг. Харин би монгол найз залуутай болсон. Ер нь одоо тэгээд амьдралын нэг тийм шийдвэрлэх ч юм шиг хэцүү үе, мөч дээр л явж байна даа. Бас ингээд холоос хүнтэй үерхэж нөхөрлөх чинь хэцүү. За тэгээд бурхны заасан зам яах нь вэ, бурхандаа залбирч явахад болж бүтэх байлгүй дээ, хувийн амьдрал гэгч зүйл.
-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Бага насныхаа талаар яриач…
-Бага нас маань урлагийн орчинд, өвөөгийн маань цуглуулсан цуглуулга дунд, бүтээсэн уран бүтээл дунд, өвөөгийн маань улсад байгуулсан гавьяаг үнэлж өгсөн “Найрамдал” зуслангийн хажуу дахь лагерьт өнгөрсөн. Ядамсүрэн өвөөгийн гэргий, буурай ээж Люня маань надад байгалийг хэрхэн яаж хайрлахыг зааж сургасан, би ч байгальд их л хайртай хүүхэд байж дээ. Хөдөө өсөөгүй ч зуслангийнхаа хэдэн уулаар тэнэх их дуртай байлаа. Би их л эрт 4-5-тайгаасаа гэрийн ажил хийж байснаа гэнэтхэн л “Би гэрийн ажил хийхгүй ээ” гээд дургүй болчихсон талаар ээж маань ярьдаг юм. Орос буурай ээж их хатуу хүн байсан юм шүү дээ. Надаар гал тогооны бас эмэгтэй хүний ажил хийлгэх гэж их үзнэ. Тэрэнд нь би дургүй, харин гараад түлээ хагалах хачин дуртай хүүхэд байсан юм. Би хоёр сайхан дүүтэй. “Футурама” хамтлагийн бөмбөрчин Авид миний том дүү. Хөгжмөө хийгээд, хөгжмийн урлагийн ертөнцөд хүчин зүтгэж яваа их мэдрэмжтэй, их гоё залуу бий. Бага нь болох охин дүү Ариана минь саяхан 15 нас хүрлээ. Ах, эгч хоёроосоо илүү хэрсүү, илүү ухаалаг, бид хоёрт их зөвлөдөг бүлтгэр нүд, буржгар үстэй хөөрхөн охин бий.
-Залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйг эрчүүл их эргүүлдэг үү?
-Үзэсгэлэнтэй гэж магтаж байгаад баярлалаа. Гэхдээ би нэг их үзэсгэлэн гоо гээд шалиад байх юм байхгүй дээ. Яах вэ, ээж, аав хоёроос өгсөн өндөр хамар, бумбагар уруул байна(инээв). Өөр бусдаар ч үзэсгэлэн гоо гэх юм юу байх вэ. Тэгэхдээ мэдээж ямар эмэгтэй хүн залуу насандаа эрчүүлийн анхааралд өртөхгүй өнгөрөх вэ дээ. Эр хүний анхаарах нь их юм, шохоорхож харах нь их юм. Ер нь тэгээд 30 нас хүрэх гэж байгаа болохоор гэр бүлийн амьдрал, яг хариуцлага үүрч чадах эр хүнийг илүү их хардаг болдог юм уу даа.
-Ингэхэд та хэр дурламхай вэ?
-За ёстой эмзэг сэдвийг минь хөндлөө дөө. Би чинь асар дурламтгай хүн. Багаасаа ч гоё сайхан зүйлсийг харж өссөн, мэдээж одоо ч гэсэн хүний сайн сайхан талыг илүү хардаг. Манай найзууд хүртэл төрсөн өдрөөр маань цугларчхаад хэлдэг юм, “Аминаагийн төрсөн өдөр үгүй мөн гоё шүү. Нэг нэгээр нь босгож ирж байгаад л бүгдийнх нь хамаг сайхан талыг нь магтаад л. Аминаагийн хажууд байхаараа л өөрийгөө хамгийн сайхан хүнээр мэдрэх юм” гэж. Би чинь найзуудаа худлаа магтаж байгаа юм биш үнэхээр сайн
сайхан талыг нь хардаг болохоор л тэд нартайгаа найзалдаг. Бид нар муу муухай үгийг бие биедээ хэлчхэж чадна шүү дээ, хэн ч чадна. Бас шүүмжилж хэн ч чадна. Тиймээс хүний сайн сайхан талыг олж гаргах их чухал. Өөрөөр хэлбэл тэр талын нүдтэй байх их чухал. Эртний Грекийн калогатиа гэдэг ойлголт байдаг юм. Хүний гаднах төрх, сайн сайхан доторхтойгоо ижилхэн байх ёстой, сайн, сайхан хоёр нэгдэж байж чин үнэн сайхан болно гээд. Яг тэр сайн, дотоод гоо ертөнц, гадаад гоо ертөнц хоёр нэгдэн нийлсэн хүнийг харахаараа дурлалгүй л яах вэ. Сайхны өмнө харц буруугүй гэдэг надаа зориулагдчихсан үг шиг санагддаг юм даа.
-Хайр дурлалын талаарх таны бодол… -Жинхэнэ хайрын онцлог бие биеийнхээ төлөө золиос гаргаж чаддагт байдаг юм болов уу гэж боддог. Тэгэхээр гэр бүлийн амьдрал гэдэг чинь бас яг үнэндээ маш их хариуцлага. Тэгээд өөрийнхөө олон талыг золиослож нөгөө хүнтэйгээ нэгдэн уусахын нэр шүү дээ. Тиймээс хайр дурлал гэдэг бол нэг талаасаа бас их том хариуцлага юм уу даа.
-Таныг нэлээн хэдэн жил зурагт үзээгүй гэж сонссон юм байна…
-Би 18 настайгаасаа зурагт үзэхээ больсон. Энэ нь манай үеийнхний өвчин байх л даа. Бид фэйсбүүк, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл авчихдаг, дуртай зүйлээ юүтүүб рүү ороод үзчихдэг болсон одоо цагт заавал зурагтаар мэдээлэл авах шаардлагагүй болсны л үр дүн байх. Гэхдээ зурагт үзэхгүй байж байгаад сүүлд би хойшоо явахаасаа өмнө 700 хүн хүрэлцэн ирсэн “Синдром арт шоу” гэдэг эвент үйл ажиллагаа хийсэн юм. Урлагийн лекцтэй, урлагийн тоглолттой арт шоундаа бэлдэхдээ маш их стресстэж байсан учраас зурагт үздэг болсон. Зурагт юм уу солонгос киног өчнөөн муулдаг хэрнээ яг үзвэл тэрэндээ орчихдог юм байна билээ шүү дээ. Яагаад вэ гэвэл хувийн амьдралын маань, ажлын стрессийг мартагнуулдаг болохоор оройдоо хүрч ирээд энгийн инээдтэй инээдтэй асуудлуудтай кино үзэхээр гоё л юм байна билээ(инээлээ). Тэгэхээр зурагт үздэггүйгээрээ бахархаад байгаа юм биш зүгээр л интернэтээс мэдээлэл их авдгийн л үр дүн биз. Бид хэлбэрт баригдаад, ухаантай царайлаад л “Би ийм ч ном уншдаг, тийм ч боловсрол эзэмшсэн” гэж онгирох их дуртай. Гэвч яг мөн чанартаа бол хүн чинь шар сонин унших дуртай амьтан шүү дээ. Би ч гэсэн хэн нэг зураачийн хувийн амьдралын тухай унших дуртай(инээгээд). Тэгэхээр яах вэ? Нөгөө сонирхолтой хүн чинь өөрөө тийм ер нь сонирхолтой нэртэй гарчигтай юманд их татагддаг. Миний “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх” гэдэг лекцүүд үнэндээ урлагийн түүхийг илүү хувийн талаас нь харсан цуврал лекц байсан юм. Гэтэл сэтгэл дотроо байгаа бурхан, чөтгөр хоёрыг хоёуланг нь олж нээн илрүүлээд, чөтгөртэйгээ тэмцэлдэж, алдаа дутагдал олныг гарган, эргүүлээд сайн сайхан зүйлсийнхээ төлөө тэмүүлж байгаа хүнийг л агуу хүн гэдэг. Тэгэхээр энэ олон зураач, урлагийнхан ер нь дэлхий нийтийн эрдэмтэн, философич бүх агуу хүнд зөндөө олон дутагдал, зөндөө олон адал явдалтай, сонирхолтой зүйл байсан. Тэр талаар нь бас хүмүүст илүү түгээвэл тэрүүгээр дамжаад илүү мөн хүнд хэцүү, гүн гүнзгий сэдвийг судлах боломж олдох юм болов уу л гэж. Тэр өрнөдийн урлагийн тухай цуврал арван лекц маань зураач, урчууд, дүрслэх урлагийнхныг хувь хүн талаасаа ямар хүн байсан бэ, тухайн цаг үеийн түүх ямаршуу байсан бэ гэдэг тухай байсан юм, харинтэгэхээс мянган хүн тийшээ очиж, нэг улсаас нөгөө рүү очоод нөгөө мянган хүнээ зодлоо аллаа гэдэг бол сонирхолтой биш шүү дээ. Харин тэр мянган хүнийг хэн нь удирдаж, тэр хүн нь хэн байгаад, багадаа ямар амьдрал туулж өнгөрүүлэн, сэтгэл зүйн ямар шархтай болж, юуны улмаас амьдралдаа тийм том том шийдвэр гаргасан юм бэ гэдэг нь сонирхолтой байдаг. Түүхийг хувь хүн л бичнэ шүү дээ.Хувийн амьдрал гэдэг их сонирхолтой зүйл л дээ. Тиймээс дээрх лекцүүдээ хийсэн дээ.
-Тун сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр