МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин АН-ын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа өнөөдөр /2024.03.05/ хүргүүллээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин:МҮХАҮТ намуудын мөрийн хөтөлбөрт тусгах саналуудаа хүргүүлдэг уламжлалтай. Энэ удаад АНН-үүд болон бизнесийн зарим холбоо, зөвлөлүүдээс саналууд авч, нэгтгээд хүргүүлж байна. Эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр саналуудыг тусгасан байгаа. Бизнесийн орчинд хууль эрх зүйг сайжруулахад анхаарч, урт хугацааны бодлого баримталж, засаг солигдох бүрт өөрчлөгдөж, солигддоггүй болох.
Хөрөнгө оруулалтын урт хугацааны бодлого хэрэгжүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог хөгжүүлэх.Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хямарч, бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрсэн. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлж чадахгүй, цалин хөлс, нийгмийн даатгалаа төлөх боломжгүй байдалд хүрсэн. Энэ асуудалтай холбоотой зохицуулалтыг хийх гэх мэт тулгамдсан асуудал байна. Ардчилсан нам эдгээр асуудлыг анхааралдаа авч, хувийн хэвшлийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт:Манай нам төрийн бус байгууллага, холбоод, төрийн институциас олон санал хүлээн авч байгаа. Одоогоор эдгээр саналыг нь боловсруулж, гурав дахь шатандаа явж байна. Бид уламжлалт маягаар явмааргүй байна. Тэгвэл Монголын эдийн засгийн өсөлт, ажил хийж байгаа иргэд нь халамж авч байгаа хүнээсээ илүү гарахаар байгаа энэ нөхцөлд эдийн засгийн тэлэлт хийж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай. Энэ асуудал зогсонги байдалд орсон нь үнэн. Энэ өөрчлөлтийг найман жилийн дараа хийж, Ардчилсан нам олонх болох байх гэсэн итгэлтэй байгаа.
Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөр болох хэмжээнд зорилтуудаа дэвшүүлж байна. Бид 1996 онд олонх болж, хийсэн өөрчлөлт эдийн засгийг зах зээл рүү шилжүүлсэн.
2004-2008 оны эдийн засгийн өсөлт болон 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын эдийн засгийн том тэлэлт явсаар байгаад өнөөгийн өсөлтийг авч ирж байна.
Заавал шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Уламжлалт аргаар явахад маш хүнд учраас Ардчилсан намаас зарчмын шинэ бодлогыг тавина.
Татварын хувьд маш бага хэмжээтэй болгон бууруулж, бизнес дэх төрийн оролцоог эрс багасна.
Бизнесийн байгууллагын хийж чадаж байгаа ажлыг төр хийхгүй. Зөвхөн бизнесийн байгууллагын анхны хөрөнгө оруулалт болон урт хугацаанд ашгаа нөхөх үүднээс аж ахуйн нэгж оролцоход хүнд байгаа тэр салбар, үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбаруудад төр оролцоно.
Жижиг эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтгүй бол босохгүй. Тэгэхээр бидэнд зээл болон гадаадын хөрөнгө оруулалт гэсэн хоёр сонголт бий. Бид зээлийн хүүг багасгаж, хэмжээг нь уртасгаж, арилжааны бус хөрөнгө оруулалтын зээлийг бий болгоно.
МҮХАҮТ-аас маш том хэмжээний судалгаа өгч байгаад баяртай байна.Ер нь улс төрийн намын мөрийн хөтөлбөрүүд “Алсын хараа-2050” хөтөлбөрт суурилж байгаа. Бид энэ хөтөлбөрт хэтэрхий баригдаж, боогдож байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Ингээд байвал шинэчлэлтийг хийх боломжгүй байна.
Та бүхэн зөвхөн нэг санал өгөөд орхих бус бид гуравдугаар сарын 25-нд албан ёсоор аудитад асуудлаа тавина. Тэрний дараа боловсруулалтын явцад бие даасан салбарын хувьд байр сууриа ил тод илэрхийлэх хэрэгтэй. Сэтгэлгээний хувьд өөрчлөлт хийх шаардлагатай байна. Ер нь бизнесийн салбар улс орноо авч явж байхад тэр рүүгээ дайрдаг сэтгэлгээг төр нь хэвшүүлээд байна. Энэ хүмүүсийнхээ нэр хүндийг хамгаалж, сурталчлах ажлыг МҮХАҮТ өөрсдийн бодлого болгон гаргах ёстой.