“Сахил хүртээд шал дордов” буюу гүтгэх заалтыг дахин амилуулах оролдлого…

 Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэх заалт олон жил маргаан дагуулж ирсэн. Тус заалтад хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан байв.

Гэвч сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид болон хүний эрхийн байгууллагуудын удаа дараагийн шаардлага, Үндсэн хуулийн эрх чөлөөний зарчимтай зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэц уг заалтыг хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар УИХ уг дүгнэлтийг хүлээн авснаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл хүчингүй болсон юм.

Гэвч энэ асуудал үүгээр дууссангүй. Харин ч эсрэгээрээ, “худал мэдээлэл тараах” гэдэг заалтыг өөр нэр, өөр бүтэцтэйгээр дахин Эрүүгийн хуульд оруулах оролдлого эхэлжээ.

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооноос санаачлан хоёр ч удаа сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан ч хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид нэг л байр суурийг илэрхийлсээр ирсэн.

Тэр нь:
— Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрүүгийн хуулиар дарамтлах ёсгүй;
— Нэр төр, алдар хүндтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэх боломж хангалттай бий;
— Олон улсын жишиг нь хэвлэлийн эрх чөлөөг эрүүгийн ялтай холбохоос татгалзаж байгаа гэсэн санаа байв.

Гэвч хууль санаачлагчид эдгээр саналыг сонссон мэт боловч, нөгөө талд нь Эрүүгийн хуульд “14.10 Гүтгэх” гэх шинэ зүйл анги оруулах төслийг боловсруулжээ.

Шинэчилсэн төслийн агуулгаас харахад “гүтгэх” гэмт хэргийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээллийг мэдсээр байж тараасан гэж тодорхойлж, 450 мянгаас 5 сая төгрөг хүртэл торгох, эсвэл 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай байхаар тусгасан байна.

Үүгээр зогсохгүй, хиймэл оюун ашиглан дуу, дүрс эвлүүлсэн, захиалгаар мэдээлэл түгээсэн, бүлэглэн үйлдсэн, бусдад “ноцтой хохирол” учруулсан гэж үзвэл торгуулийн хэмжээг 10 сая төгрөг хүртэл өсгөхөөр төлөвлөжээ.

Өнгөц харахад өмнөх шиг зорчих эрхийг хязгаарлах, хорих ялгүй болсон нь “дэвшил” мэт харагдаж болох ч бодит агуулга нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд эрүүгийн дарамт хэвээр үлдээж буй хэрэг юм.

Ялангуяа “худал”, “хуурамч”, “ноцтой хор уршиг” гэх ойлголтууд маш ерөнхий, тайлбарлах боломжтой хэвээр байна. Энэ нь эрх мэдэлтэн, улстөрчдийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж, сэтгүүлчийг байцааж, шалгаж, залхаан цээрлүүлэх хуучин практик үргэлжлэх эрсдэлийг хадгалж байна гэсэн үг.

Хуулийн төсөлд “нийтийн ашиг сонирхлын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн”, “төрийн өндөр албан тушаалтныг шүүмжилсэн”, “тухайн үедээ үнэн гэж итгэх үндэслэлтэй байсан” тохиолдлыг гүтгэхэд тооцохгүй гэсэн хамгаалалтын заалтууд орсон ч энэ нь бодит амьдрал дээр хангалттай хамгаалалт болж чадах эсэх эргэлзээтэй.

Учир нь эрүүгийн хэрэг үүсгэх, мөрдөн шалгах ажиллагаанд татагдах нь өөрөө сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дарамт болдог.

Түүнчлэн төслийн нэг анхаарал татах зүйл нь “хүний нэр төр, алдар хүнд” гэж тодорхойлоод, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хэрхэн хамгаалах талаар тодорхой тусгаагүй байгаа явдал. Энэ нь хувийн хэвшил, компаниудын эсрэг мэдээлэл тараах асуудлыг хууль хэрхэн зохицуулах нь ойлгомжгүй үлдэж байна.

Нөгөөтэйгүүр энэ хууль зөвхөн сэтгүүлчдэд хамаарахгүй. Өнөөдөр сошиал орчинд байр сууриа илэрхийлдэг энгийн иргэн ч “гүтгэсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ заалт нь хэвлэлийн эрх чөлөөнөөс гадна иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй шууд холбогдоно.

Мэдээж хиймэл оюун ашиглан хуурамч дүрс бичлэг бүтээж хүнийг зориудаар гүтгэх, нэр хүндэд нь халдах асуудлыг зохицуулах шаардлага бий. Гэхдээ үүнийг далимдуулан хэвлэл мэдээлэл, шүүмжлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг бүхэлд нь эрүүгийн эрсдэлд оруулж болохгүй.

Мөн Эрүүгийн хуулийн 13.11 “Хувь хүний нууцыг задруулах” зүйлд нэмэлтээр “2.2.хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор нууцыг задруулсан бол 5.4 -27 сая төгрөгөөр торгох, 1-5 жил зорчих эрхийг нь хязгаарлах, эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн төслийг боловсруулжээ.

Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуулийн цэц “Худал мэдээлэл тараах” гэдэг заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсний дараа түүнийг “гүтгэх” гэх өөр нэртэйгээр, үндсэн агуулгыг нь бараг хэвээр хадгалан буцаан оруулж ирж байгаа нь “Сахил хүртээд шал дордов” гэх үгийг эрхгүй санагдуулж байна.

Хэрэв энэ төсөл батлагдвал зөвхөн сэтгүүлчид бус, иргэн бүр үзэл бодлоо илэрхийлэхдээ эрүүгийн хэрэгт холбогдох айдастай болох эрсдэл бий. Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл болох хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах уу, эсвэл эрх мэдэлтний шүүмжлэлээс хамгаалах хууль тогтоох уу гэдэг сонголтын өмнө Монголын парламент дахин ирээд байна.

Дашрамд дурьдахад эрх баригч МАН-ын Засгийн газарт сануулж хэлэхэд та бүхний сонгуулийн бүрэн эрхийг хугацаа дуусахад 784 хоног үлдээд байгаа бөгөөд үлдсэн энэ хугацаанд 2024-2028 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 4.2.7 дэх заалт болох “Сэтгүүлчийг хэвлэн нийтэлсний төлөө хорьж цагддаг, хууль бусаар мөрдөн хавчдаг, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татдаг явдлыг зогсооно” гэсэн АМЛАЛТАА хэрэгжүүлж ажиллахыг сануулья…

Ц.Мөнх

Эх сурвалж: Amlalt.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 29 дүгээр …