Газрын тосны үйлдвэрийг өөр өнцгөөс харвал

ТӨР ЖИЖИГ БУС ТОМ ҮЙЛДВЭРИЙГ Л ДЭМЖИНЭ 

Манай улс сүүлийн 20 гаруй жил газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай ярьсан. Одоо ч ярьсаар л байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилго нь шата­хууны импор­тын хараат байдлаас гарах юм. Гэвч эрх баригчид 20 жилийн турш цаасан дээр барьсаар байх хойгуур шата­хууны үнэ хэд дахин өсч, импортын хамаарал улам л нэмэгдсэн.

Уг нь өнгөрсөн 20 гаруй жилийн хуга­цаанд газрын тос боловс­руулах 10 гаруй үйлдвэ­рийн төслийг боловсруулж, 3-4 компани тусгай зөвшөөрлөө авсан ч бодит ажил бололгүй, сонгуу­лийн пи ар бо­лоод дууссан гэвэл хилсдэх­гүй. Тодруулбал, өнгөрсөн 2012 оны сон­гуулийн өмнөхөн Багануур, Налайх, Сайн­шанд, Дарханд газ­рын тос боловс­руулах үйлд­вэрийн шав тавих ёслол болж олон ний­тийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд шуу­гисан. Гэтэл өдий хүртэл ган­цынх нь ч барил­гын ажил эхлээ­гүй байна. Уг нь ма­най улсад нефть боловсруулах бага хүчин чадал­тай үйлдвэр бай­гуулах бо­ломж байсан ч Засгийн газар олиг­той дэмжээгүй юм би­лээ.

Тухайл­бал, Дорнод аймагт “Хэт” ком­пани жилд 120 мянган тонн газрын тос боловс­руулах үйлдвэр бай­гуулж, тус бүс нутгийн­хаа шата­хууны хэрэг­цээг хангая гэдэг сана­лыг Засгийн газарт тавьсан ч тусгай зөвшөөрөл ол­гоо­гүй аж.  Мөн “Сүм­бэр Ойл” ком­пани бага оврын, 100 мянган тон­ны хүчин чадалтай үйлд­вэр барих саналыг тавьсан ч бүтээ­гүй. Зүүн­баянд “МОГ” 300 мянган тонны хүчин чадалтай газрын тосны үйлдвэр барих төсөл боловс­руул­сан ч тус­гай зөвшөө­рөл өгөө­гүй гээд тооцвол олон жишээ бий.

Уг нь 80-90 сая ам.дол­ларын хө­рөнгө оруулал­таар хийх бүтээн байгуу­лалтын ажлууд бай­жээ. Хэрвээ энэ гурван төслийг хэ­рэгжүүл­сэн бол манай улс жилдээ багаар бодоход 200 мянган тонн бензин, дизель түлш үйлдвэрлэх бо­лолцоотой бай­сан гэдэг. Өөрөөр хэлбэл, улсын шатахууны нөөцөө дотоо­дын эх үүсвэрээр бий болгох боломж байсан гэсэн үг.  2012 онд Чойр болон Сайн­шан­дад бага оврын хүчин чадал­тай  хоёр үйлд­вэр барих тусгай зөвшөөрлийг Засгийн газар олго­сон ч ажил хэрэг болж чадаагүй юм байна.

Манай улсын улстөрч, эдийн засагчдын олонхи нь газрын тос­ны жижиг үйлдвэр барих нь ашиг­гүй гэж үздэг. Ашиггүй бизнес гэж байдаггүй шүү дээ. Газрын тосны ямар ч жижиг үйлдвэр жилд 6-7 сая ам.долларын ашигтай ажилла­хаас гадна импор­тын ша­та­хууны үнээс 8-10 хувиар доогуур байх тооцоог ахмад инжене­рүүд хэлдэг. Мөн нийгмийн хүчин зүй­лийг харахад ч ашигтай. Жижиг үйлдвэ­рүүдэд бо­ловсон хүчнээ сур­гаж, техно­логио сайн судал­чихаад том үйлд­вэр барихад болохгүй зүйл­гүй. Гэвч Засгийн газар жижиг биш, томыг нь эхэлж дэмжихээр болсон.

Шинэчлэлийн Засгийн газар Дар­ханд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг дэм­жиж, төр ч зохих хэмжээгээр орол­цохоо мэдэгдсэн. Нэг жилийн өмнө тус үйлдвэрийг барих шийдвэрийг гар­гаж, 2016 онд ашиглалтад оруулна гэж ярьсан. Гэтэл бүтэн жил өнгөрө­хөд бүтээн байгуу­лалтын ажил хэ­зээ эхлэх, төр засаг хэрхэн дэмжих арга нь ч тодор­хойгүй байсаар. Томоохон хэмжээ­ний газрын тос боловсруулах үйлдвэрийг багаар бодоход 2-3 жил барьдаг байна.

Тэгэхээр эх­ний жилээ алдсан. Энэ онд баг­таан газрын тосны үйлд­вэрийн барил­гын ажлыг эхлүүлсэн ч 2016 онд ашиглалтад оруулах боломж­гүй болж байгаа юм. Харин 2017 онд ашиглалтад орох болол­цоо байгаа аж. Гэхдээ Дарханд газрын тосны үйлдвэр барих асууд­лыг бүрэн шийдээгүй байна. Газ­рын тосны үйлдвэр барих ажил эх­лэх­­г­үй байгаагийн цаана гурван шалт­гаан байна гэж Газрын тосны анх­ны инженер Ц.Багмид үзэж байгаа юм. Тиймээс барилгын ажил эхлэ­хээс өмнө нарийвчлан авч үзэж судлах хэрэгтэй байна гэж тэрээр хэлсэн. 

НЭГ. ТҮҮХИЙ ЭД АЛГА 

Манай улс 2017 онд 1.5 сая тонн газрын тос олборлох төлөв бий. Үүний 80-100 мянгыг нь Зүүн­баян­гаас, 1.3 саяыг Тамсагаас гаргаж авах төлөвлөгөөтэй бай­гаа. Тэгэхээр энэ хоёр орд нийлээд ч Дарханы газрын тос боловс­руулах үйлдвэрийг хангаж чадах­гүй нь. Манай улс Зүүнбаян болон Тамса­гийн ордыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ашиглаж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ­гээр нийт олборлосон  газрын тосны­хоо 26 хувийг л өөрсдөө захиран зарцуу­лах эрхтэй. Өөрөөр хэлбэл, 1.5 сая тонныхоо 26 хувь болох 390 мянган тонн газрын тосыг л Дар­ханы хоёр сая тонны хүчин ча­дал­­тай газрын тосны үйлдвэрт ний­­лүүлэх бололцоо­той гэсэн үг.

Хятадтай хийсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусах болоогүй. 20-30 жилийн зай бий. Манай улс дотооддоо боловсруу­лах үйлдвэр байгуулбал компа­ниу­дын олборлосон тосыг худал­даж авна гэж заасан ч үүнийг Хята­дын компаниуд бүрэн хүлээн авах нь эргэлзээтэй. Учир нь, Хятадын сонирхол нь түүхий газрын тос худалдан авах юм. Тус улсын газ­рын тосны хэрэгцээ жилд 7-8 ху­виар өсч, дотооддоо олборлож бай­гаа газрын тос нь хэрэгцээгээ хангаж чадахгүй байдалтай бай­гаа юм байна. Хятад улс жилд ойрол­цоогоор 100 гаруй сая тонн газрын тос импортоор авдаг. Хятад улсыг сайнаар бодож гэ­рээнд заасны дагуу олборлосон тос­ныхоо 50 хувийг авна гэж бодъё. Ингэсэн ч хоёр сая тонны үйлдвэрийг түү­хий эдээр хангахад хүнд байгаа юм. 1.5 сая тонн олборлосон газ­рын тос­ны 50 хувь болох 750 мянган тон­ныг нь дотоо­­­доосоо хангана гэж бодъё. Харин үлдсэн 1.2 сая тон­ныг нь ямар эх үүсвэ­рээр хангах вэ. Засгийн газар болон холбогдох мэргэжилтнүүд Оро­соос газрын тос импортоор авна гэж ярьж байгаа. Гэхдээ Орос манай улсад олборлосон тосоо өгөхөөс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ л өгөх илүү сонир­холтой байгаа юм. Оросоос газрын тос худалдан авах нэг жилийн гэрээ хийж байгаа талаар зарим эх сурвалж ярьсан. Хоёр сая тонны хүчин чадалтай газрын тос боловсруулах томоо­хон үйлд­вэрийг өндөр өртөг зард­лаар барина. Үүнийг нь бодсон ч түү­хий эдийн асууд­лаа бүрэн шийд­вэрлэсний дараа­гаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүү­лэх нь эрсдэлгүй. Үнэхээр л Оро­соос газрын тос импортоор авах гэж байгаа бол нэг биш 15-30 жилийн гэрээ хэлэлцээр хийх асууд­лыг Засгийн газар ярих ёстой. 

ХОЁР. ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ НЬ БУРУУ 

Дарханд барих газрын тосны үйлдвэрээс гарах хүнд үлдэгдлийн хэмжээ өндөр байгаа нь асуудал болж байгаа аж. Жилд дундажаар мазут 234 мянган тонн, витум 200 гаруй мянган тонн гарах тооцоо гаргажээ. Гэтэл энэ хэмжээний хүнд үлдэгдлийг дотооддоо бүрэн ашиг­лах бололцоо байхгүй юм байна. Витум, мазутыг дотооддоо маш бага хэмжээгээр ашиглаж, илүүдэл маш их гарахаар юм бай­на. Тод­руул­бал, нэг км зам тави­хад 30 мянган тонн битум ордог. Ингэж бодохоор 200 мянган тонн виту­маар жилд 6700 км хатуу хучилттай зам барих аж.

Гэтэл манай улс жилд 1500-1700 км зам тавьж байгаа юм. Манай улсын мазутын жилийн хэрэглээ нь 10 мянга байдаг учраас үлдсэнийг нь хаашаа бор­луу­лах вэ гэдэг асуу­дал гарч бай­гаа. Мэдээж тэргүүн эгнээнд Хята­дын зах зээлд ний­лүүл­нэ. Гэхдээ Хятадууд мазутаас илүү түүхий нефть авах сонирхол давамгай байгаа. Харин мазутыг дахин бо­ловс­руулах зорил­гоор л ихэвчлэн авдаг байна.

Гэхдээ авахдаа түүхий нефтиэс 20-30 хувиар бага үнээр авдаг аж. Тий­мээс үйлдвэрийн ажил эхлэхээс өмнө технологийг илүү боловс­ронгуй бол­гох шаард­лага байгаа юм байна. Уг нь анхны боловс­руулсан төсөл дээр витум, мазу­тын үлдэгдлийг өндөр техно­ло­­гийн шийдлээр бага байхаар тоо­­цож үйлдвэр барих нийт өртө­гийг нэг тэрбум гаруй ам.доллар бай­хаар тусгажээ. Харин  өндөр өртөг­тэй бай­на гээд 800 сая ам.доллар бол­госон аж. Үнийн байдлаас шалтгаалж тех­но­логийн шийдлээ ч мөн өөрчилсөн байна. Энэ нь өөрөө Дарханы газрын тосны үйлдвэрийн бас нэг эрсдэл.

ГУРАВ. БАЙРШИЛ 

Дарханы газрын тосны үйлд­вэрийн ажил урагшлахгүй байгаа дараагийн шалтгаанд  байршлын асуудал орж байгаа юм байна. Дарханд барих нь зөв үү, үгүй юү гэдэг нь. Дорнод байгаа түүхий нефтиэ Дархан руу хэрхэн тээвэр­лэх вэ гэж олон хүн асууж байгаа. Уул уурхайн яамны зүгээс Дор­нодын тосыг Хятад руу экспорт­лоод оронд нь Оросоос газрын тос авна гэж ярьдаг. Энэ байж л болох хувилбар мөн. Гэхдээ дотоо­дын­хоо үйлдвэрт ашиглах тосоо аль болох хямд, бага өртгөөр авах нь чухал. Үүнийгээ бодвол Дорнодод барь­сан нь ашигтай.

Нөгөө­тэй­гүүр, Дар­ханд маш олон үйлдвэр төвлөрч байна. Байгаль орчин экологийн ачаа­лал нэмэгдэнэ гэсэн үг. Төмөр­лөгийн бүх үйлдвэр, арьс ширний үйлдвэрээ Дарханд барьсан. Дээр нь нефтийн үйлд­вэр барихаар байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Газрын тосны үйлдвэрээс гар­сан бохир усыг Дарханы цэвэрлэх байгуулам­жаар цэвэрлүүлнэ гэж ярьж бай­сан. Гэхдээ энэ болол­цоогүй. Үйлдвэ­рээс гарсан хоёр сая шоо метр  хаягдал усыг цэвэр­лэх хүчин чадал байхгүй гэдгийг мэргэжилт­нүүд хэлж байгаа юм.

Ямартай ч цаасан дээрх төс­­­­­­лийг газар дээр буулгахад юу нө­­лөөж байгааг судалсан мэр­­­­гэж­лийн хүн дээрх гурван шалтгааныг  хэлж байна. Төрийн зүгээс томоохон хүчин чадалтай үйлдвэр барихаар ярьж байгаа нь сайн л байх. Гэхдээ түүхий эд байхгүй бол олон сая төгрөгөөр бос­госон “том” үйлдвэ­рийн ажил зогсо­но гэдгийг эрх ба­риг­чид бодсон гэж найдъя. Магад­гүй өнгөрсөн жилийн хугацаанд дээр дурдсан асуудлыг судалж хэлэлцсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ судлаагүй байгаа бол үйлд­вэрээ барьж эхлээгүй бай­гаа дээрээ сайтар судлах нь зөв байх. 

index


Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …