Пардубицэ хотод ажилладаг Мянгаа эгч маань өөрийн үндсэн ажлынхаа хажуугаар янз бүрийн албан ёсны уулзалтад орчуулга хийх, мөн өөрийн нутаг нэгтнүүддээ тусалж зөвлөгөө өгөх, хэлмэрчилэх, Монгол орноо сурталчилсан олон төрлийн арга хэмжээ зохиох зэргээр их идэвхи зүтгэлтэйгээр эх орныхоо нэрийг гаргаж явдаг гэдгийг Чехэд амьдардаг олон монголчууд мэдэх билээ. Энэ удаад Мянгаа эгчийнхээ 10аад жилийн өмнө Монголын сонинд хэвлүүлж байсан материалыг өөрийнх нь зөвшөөрсөнөөр та бүхэндээ сонирхуулж байна. Чех улсад байдаг Монголтой холбоотой олон зүйлс байдгийн нэг нь энэхүү аймшигт бодит үнэн баримт билээ.
Би нэг хэсэг Монголын “Өдрийн сонин”, “Ардын эрх” зэрэг сонин сэтгүүлд мэдээлэл нийтлэл бичиж хэвлүүлдэг байлаа. Гэхдээ зарим найзынхаа зөвлөснөөр эхэндээ “Б. Уянга” гэсэн нэрээр бичдэг байв. 2002 онд миний нэгэн танил чех эрдэмтэн, Прагийн үндэсний музейн антропологич Витэзслав Кужэлка гуай намайг музейдээ урьж Монголтой холбогдолтой зүйл үзүүлсэн билээ. Уг үзмэрийн тухай тус музейн 1992 оны 1-2дугаарт гарсан, эрдэмтэн Эмануэл Влчэкийн нийтлэлийг орчуулж мөн өөрийнхөө сэтгэгдлийг нэмэрлэн “Өдрийн сонин”-ы 2002 оны 6-р сарын 5-ны дугаарт хэвлүүлсэн юм. Үүнийгээ Та бүхэндээ ахин сонирхуулая. Энэ нийтлэл маань 10 жилийн өмнөх зүйл шүү гэдгийг санаарай. Ингээд доор бүрэн эхээр нь сийрүүлье:
Эмануэл Влчэк
Прагийн Үндэсний музей
Амьдаар нь өвчсөн хүний арьс
“Прага хотын үндэсний музей 1981 онд нэгэн өвөрмөц гайхалтай үзмэрээр баяжсан нь амьдаар нь өвчиж хатаасан хүний арьс байлаа. Энэ нь Жа ламын хамаатан бөгөөд муудалцсаны улмаас түүнд баригдаж тамлуулсан Хайсан хэмээх ноён хүний арьс ажээ. Үзмэрт хамаатай баримтуудыг дурдвал:
– Үзмэрт хамааруулан тэр үеийн Петрградын Гадаад хэргийн яамнаас Ховд хотод суух ерөнхий консул В. Любовт өгсөн Жа ламыг барьж Орост хүргэх тухай тушаал, Ховдын тойргийн дарга ахмад Еповоос Сибирийн буудлагын 41-р хорооны дарга ахмад В.Булатовт өгсөн, уг ажиллагааг гүйцэлдүүлэх тухай тушаал
– Даалгаврыг биелүүлсэн тухай ахмад В.Булатовын илтгэл
– Энэхүү ер бусын үзмэрийг олсон тухай В. Копецкийн тэмдэглэл
– Түүхч, монголч эрдэмтэн Ширдэв, А.В.Бурдуков, академич Майский, Позднеев нарын, Жа ламыг бие хүнийх нь хувьд болон тэр үеийн гадаад Монголын улс төрийн байдлыг судалж бичсэн судалгаа баримтууд (И.Шима 1980) зэрэг байна.
Жа лам гэж хэн бэ?
Дээрх үзмэрийг тайлбарлахын тулд дэлхийн 1-р дайнаас өмнөх гадаад Монгол болон тэр үеийн Хаант Оросын хил нутгаар амьдарч тэр хавийг захирч байсан монгол ноён Жа ламын тухай зайлшгүй таниулах хэрэгтэй юм.
Жа ламын жинхэнэ нэр нь Дамбийжанцан гэдэг байж. Зарим түүхчдийн үзэж байгаагаар тэрээр Монголын үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан үндсэрхэг үзэлтэн, дайнч удирдагч гэгддэг. Өдийг хүртэл судлагдсан янз бүрийн түүхэн баримтаас үзвэл түүнийг балмад явдалтан, харгис дарангуйлагч гэж болно. Жа лам нь Баруун Монголын дөрвөд ястан бөгөөд буддын шашны лам хүн. Нэлээд боловсрол мэдлэгтэй, хэд хэдэн хэл мэддэг байсан тэр хүн Европ, Азийн олон орноор хэсэн бадарчилж яваад Монгол оронд 19, 20-р зууны зааг дээр буцаж ирсэн байна. Тэрээр өөрийгөө 17-р зуунд амьдарч байсан Монголын үндэсний домогт баатар Амарсанаагийн ач хүү хэмээн зарлажээ. Жа лам Монгол, Түвд, Хятад, Манж, Сибирийн нутгаар хэрэн амьдарч байжээ. 1900 онд өөрийгөө Ширээт лам гэж нэрлэн алдарт археологич Козловын экспедицийн хэлмэрч, газарчнаар Монголын нутагт орж иржээ. Хожим нь Манж Хятадын эсрэг монголчуудын тэмцэлд оролцсон бөгөөд монголчууд түүний гавьяаг нь үнэлж мянга орчим ардын аж ахуйтан амьдарч байсан Ховд голын орчим нутгийг удирдах албаар шагнажээ. Удалгүй бүхэл бүтэн Ховдын хязгаарын захирагч болсон гэнэ. Тэрээр захиргааны шинэ төв барьж байгуулан, лам нарыг цуглуулж Мунжин сүмийг босгожээ. Үүний сацуу нутаг дэвсгэртээ хатуу дэг журам тогтоон мөрдөж эхэлжээ. Тэр үеэс л түүний дур зоргоороо, танхай балмад үйл ажиллагаа эхэлсэн аж. Хүмүүсийг тарчилган зовоож бах таваа хангана. Зодож жанчихаас гадна амьдаар нь зүрхийг нь сугалах, эсвэл арьсыг нь өвчих тушаал өгдөг байж. Ингэж өвчсөн арьсыг хүмүүст айдас төрүүлэх зорилгоор гэртээ зориуд өлгөдөг байжээ. Сайтар сургуулилж зэвсэглэсэн 600 хүнтэй байсан бөгөөд энэ нь Өргөө дахь Автономит засагт төдийгүй Орос, Хятадад ч аюул түгшүүр төрүүлж эхэлжээ. Иймээс 1913 оны 11-р сард Петроградаас Ховд дахь ерөнхий консул В.Любовт Дамбийжанцанг баривчилж Орост хүргүүлэх тушаал өгөгджээ. Тушаалыг Жа ламд дамжуулах, эсэргүүцсэн тохиолдолд түүнийг баривчлах байлаа. Дамбийжанцан хэлэлцээр хийхээс зайлсхийхийг завдмагц Булатов маш шуурхай хөдлөн Мунжингийн ойролцоох өргөөндөө байхад нь баривчилжээ. 3000 орчим лам нар болон бусад энгийн оршин суугчид тамлан зовоогч захирагчийг баригдсанд машид баярлан талархсан гэдэг. Баригдсаных нь дараа хөрөнгийг нь хурааж өөрийг нь Оросод хүргүүлжээ.
Булатов тушаалыг биелүүлсэн тухай илтгэлдээ Жа ламын хүн тамладаг арга, эд хэрэгслийн тухай тодорхой тэмдэглэсэн байдаг. Хүний цус асгарч хатсан 50 ширхэг бүдүүн шон, хоёр ширхэг хүний арьс олжээ. Энэ бүхнийг Оросын цэргүүд авч нутаг руугаа явсан байна. Үүний хажуугаар нутгийн өдий төдий иргэд захирагчийнхаа тамлан зовоож байсан тухай гомдол, мэдүүлгийг өгсөн байна.
Дамбийжанцан эхлээд Томскт шоронд байж, дараа нь Эрхүү, Якутад хоригджээ. 1917 оны 10-р сарын хувьсгалын дараа Дамбийжанцан улстөрийн хоригдлуудыг суллах өршөөлд багтан шоронгоос гарч 1918 онд төрөлх Астрахань нутагтаа очоод, дараа нь удалгүй Монголд буцаж иржээ. 1919 онд Монголын Автономит төр Хятадад эзлэгдсэн, гэвч Хятадын эзэрхийлэл удаан үргэлжлээгүй юм. 1921 онд Монголын Ардын арми ялж Ардын Засгийн газар байгуулагдлаа. Дамбийжанцан тэр үед хятадуудтай хамсаж байсан бөгөөд Ардын засгийг тунхагласны дараа төрийн ч дайсан, Сүхбаатарын ч дайсан боллоо. Ардын Засгийн газрын тушаалаар 1922 оны 10-р сард Жа ламыг барьж устган үүгээр түүний аймшигт үйл ажиллагаа таслан зогсоогджээ.
Аймшигт үзмэрийн түүх
Ахмад Булатовын Эрхүүд авчирсан Хайсан ноёны арьсыг 1920 онд Вацлав Копэцки хэмээх чех хүн бичиг баримтын хамт өөрийн болгож авчээ. В. Копэцки Сибирьт ажиллаж байсан хугацаандаа яг Булатовын гэрт амьдарч байсан бөгөөд 1920 онд тэрхүү арьсыг Прагад авчирчээ. В. Копэцкийг нас барсаны дараа энэ нь Прагийн Үндэсний музейд шилжсэн юм.
Жа лам өөрийн хамаатан ноён Хайсантай маргалдан муудалцсанаас уурсан хилэгнэж түүнийг баривчлах тушаал өгчээ. Хайсан ноёны эх Жа ламын зэрлэг догшинг мэдэх учраас тэр даруй түүн дээр ирж хүүгийнх нь амийг өршөөхийг гуйж, өөрийнхөө бүхий л хөрөнгө, алт мөнгөн эдлэл, үнэт чулуу, арьс ширийг амалж байдаг бүх малаа тууж авчиржээ. Жа лам нүүрэн дээр нь зөвшөөрсөн дүр үзүүлэн амласан бүхнийг нь авч буцаасан ч золгүй ноён Хайсангийн арьсыг амьдаар нь өвчих тушаал өгсөн байна. Уг ажлыг туршлагатай алуурч киргиз хүнд даалгахдаа Хайсанг амьд үлдээж арьсыг нь өвчихийг тушаажээ. Яргачин хөлийн улнаас нь эхлэн, дараа нь нурууг нь ярж, сүүлд нь ар дагзыг нь гэх мэтээр өвчиж дуусгажээ. Хайсан ноён ийм тамлалыг даалгүй үхсэн байна. Энэ бүхнийг удирдан хажууд нь харж зогссон Жа лам, арьсыг нь өвчсөн амьд хүүг нь эхэд нь өгөх гэсэн санаа нь бүтээгүйд уурсан хилэгнэсэндээ Хайсангийн толгой руу бууджээ. Дараа нь түүний арьсыг эхэд нь илгээж үзүүлсэн байна. Хөөрхий эх тэр дороо галзуурсан гэдэг.
Энэ арьсыг модон хүрээнд тэлж хатаасан байдаг. Уг үзмэр садизм буюу тарчлаан жаргагч явдалд хамаарах аймшигт баримт юм. Жа ламын үйл ажиллагаа нь нацистуудын бөөнөөр хорих лагеруудад хэрэглэж байсан аргаас ч давж гарсан юм. Тухайлбал Дахаугийн хорих лагерьт хүний арьсыг авдаг байсан боловч үхсэнийх нь дараа л салгадаг байжээ. Юуны өмнө хүзүү, нуруу, дараа нь биеийн бусад хэсгийн арьсыг авдаг байж. Хамгийн үнэтэй нь нурууны арьс байсан байна. Арьсаар эмээл, бээлий, гэрийн шаахай, эмэгэй хүний цүнх, чийдэнгийн бүрхүүл зэргийг хийдэг байсан гэдэг. Үүнээс гадна угсаатны зүй судлалын олон жишээ байгаа боловч мөн л үхсэн хүний арьсыг ашигладаг байсан байна. Францын хатан хаан Евгения, цаазаар авахуулсан хар арьстан хүний арьсаар хийсэн бээлий өмсдөг байсан тухай ч баримт байдаг юм. Хүний арьсыг бүтнээр нь өвчиж хатааж хадгалсан үүнээс өөр ямар ч баримтыг бид одоо хүртэл олоогүй байгаа билээ. Жа ламын энэхүү харгис хэрцгий үйл ажиллагааны үндсийг бид буддын ертөнцөд л хайх хэрэгтэй юм” хэмээн Эмануэл Влчэк гуай бичжээ.
Дашрамд сонирхуулахад уг музейн антропологич эрдэмтэн Витэзслав Кужэлка гуай намайг монгол хүний хувьд энэ үзмэрийг үзэхийг урьсны дагуу би сониуч зандаа хөтлөгдөн үзсэн билээ.
Ноён Кужэлка намайг дагуулан музейн үзмэрийн танхимуудыг өнгөрөөд өөрийнхөө ажлын өрөөний дэргэдэх их л нууцлагдмал нэгэн өрөөнд оруулсан юм. Энд ороод би эмэгтэй хүний хувьд ч сэтгэлд эвгүй байсан ч түүнээ ил гаргасангүй. Хүний араг яснууд шилэн хоргонуудаар дүүрэн байх бөгөөд 90 см одой хүнээс эхлээд 230 см өндөртэй хүний араг яс ч байна. Үзмэр болгон өөр өөрийн онцлог түүхтэйг энд багтааж бичих аргагүй юм. Дээрх арьснаас гадна Монголд хамаатай бас нэгэн үзмэр байсан нь, дээрх нийтлэлийг бичигч Влчэк гуай 1958 онд манай оронд хүн судлалын ажлаар судалгаа шинжилгээ хийж яваад ирэхдээ авчирсан, тэмбүү өвчнөөр үхсэн монгол хүмүүсийн яснууд байлаа. Кужэлка гуай энэ бүхнийг тайлбарласаар өрөөний мухарт очоод босоо хүний дайтай шүүгээг нээвэл дотор нь өнөөх золгүй ноёны бүтэн арьс дэлгээстэй байх нь тэр. Би айсан гайхсандаа өөрийн эрхгүй маань уншиж эхэлсэн. Яалт ч үгүй л бидний мах цусны тасархай гэдэг нь нүүрнийх нь хэлбэр төрхөөс илт нэгэн монгол эр, ийнхүү гаж харгис донтны гайгаар хорвоод ховор, аймшигт үзмэр болчихсон холын Чех орны музейд хадалгагдаж байдаг юм байна. Ум маа ни бад ми хум. Ахин бүү давтагдаг.
Б. Мянганбаяр
Эх сурвалж: Тэргүүлэгч ком