Оддоор хооллогч

Нар хэмээх од маань чимээгүйхэн бөхнө.  Бидний Нар оддын дотроос дундаж масстайд тооцогддог. Таван тэрбум жилийн дараа устөрөгчийн түлш нь дуусахад гаднах бүрхэвч нь сарнин одож, цөм нь агшсаар цагаан одой хэмээх дэлхий шиг хэмжээтэй улайсмал цог болж хувирна.

Нарнаас арав дахин том одод бүр ч сүртэй бөхнө. Супернова тэсрэлтээр гаднах нь огторгуйд сарниж, хэдэн долоо хоногийн турш сансарт тодоос тод биетүүд гэрэлтэж харагддаг. Энэ үед татах хүчний нөлөөгөөр агшсан цөм 29 километрийн диаметртэй цөм од хэмээх эргэлдэгч бөмбөлөг болж хувирна. Энэ цөм одны ёотон шиг хэмжээтэй хэлтэрхий л гэхэд дэлхийд тэрбум тоннд хүрнэ. Татах хүч нь бүр аймшигтай. Ганц ширхэг хөөсөн боов газарт унахад цохилтын хүч нь цөмийн бөмбөг хаясантай дүйнэ гээд төсөөл дөө.

Гэхдээ Hарнаас 20 дахин их масстай одны мөхөж буй тарчлааны дэргэд энэ бол юу ч биш. Орчлон оршин тогтнох нийт хугацааны миллисекунд тутамд Хирошимад хаясан шиг бөмбөг тэслээд байсан ч аварга од зад үсрэх үеийн хүчтэй харьцуулшгүй. Одны цөм нягтарсаар цельсийн 55 тэрбум хэмд хүрнэ. Бүхнийг няцлах таталцлын агуу хүчийг юу ч торгоож дийлэхгүй. Эверест уулнаас том төмөр хоромхон зуур л элсний ширхэг мэт агшина. Атомын хэмжээнд электрон, протон, нейтронууд болон задарч, тэр нь цааш жижгэрсээр кварк, лептон, глюонууд болно. Ийм маягаар улам жижиг, улам нягт болсоор…

black_holes_opener_cmyk_v4

Асар халуун хий манай галактикийн төвийн Sagittarius A* хар нүхийг тойрон хуйларна.

Ийнхүү од хар нүх болж хувирна. Тэгвэл чухам юу хар нүхийг орчлонгийн хамгийн гүн харанхуй болгодог юм бол? Энэ бол түүний татах хүчээс тасрах хэт өндөр хурд юм. Дэлхийн татах хүчээс мултрахад 11 км/секундын хурдатгал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бууны сумнаас 6 дахин илүү хурд хэрэгтэй. 1959 оноос хойш хүмүүний бүтээсэн пуужин энэ хурдыг давсан. Гэсэн ч орчлонгийн хурдны дээд хязгаар болох 299,792 км/сек буюу гэрлийн хурд ч хар нүхнээс тасарч үл чадна. Өөрөөр хэлбэл хар нүхнээс юу ч, гэрлийн хурд ч гарч амжихгүй.

Чухам энэ их татах хүчний жигтэй нөлөөнөөс болоод түүний дотор юу байгааг мэдэх ямар ч боломж алга. Хар нүхний гадар, дотрыг зааглаж байдаг event horizon буюу оршихуйн хязгаарыг давсан од, гараг, өөр юу ч бай үүрд алга болно.

 

Физикийн ухааны түүхнээ суут сэтгэгчдийн нэг Альберт Эйнштейн хүртэл хар нүх байдаг гэдэгт итгэдэггүй байж. Түүний гаргасан томьёо хар нүх оршдог гэдгийг баталдаг ч орчлонд ийм зүйл байж боломгүй хэмээн Эйнштейн өөрөө итгэдэггүй байсан юм. Түүний хувьд хүчирхэг гэгдэж байсан цахилгаан соронзон болон цөмийн хүчийг давахуйц хүч, тэр дундаа сансар хорвоогийн цар хүрээний аварга одны цөм Дэвид Копперфилдийн илбэ лугаа орчлонгоос алга болно гэдэг байж боломгүй зүйл байлаа.

 

Үнэндээ хэн ч, хэзээ ч хар нүхийг хараагүй, харах ч үгүй. Харагдах юм ч байхгүй. Энэ бол сансар дахь хоосон цэг, физикчдийн хэлдгээр баахан хий хоосон. Ийм нүх байдгийг орчиндоо үзүүлж буй нөлөөгөөр нь л олж танина. Моддын орой нэг тийш нахийж байгаагаар үл үзэгдэгч салхи буйг мэддэг шиг. Гэхдээ хар нүх бодитой эсэхийг шинжээчдээс асуувал ихэнх нь 99.99 хувь гэж хэлнэ. “Хэрэв энэ олон галактик хар нүхгүй бол хачин замбараагүй юм болно” гэдэг. Юутай ч энэ бүх эргэлзээг тайлахад ердөө цөөн сар үлджээ. Одон орончид хар нүхний од залгих үйл явцыг тандахаар зэхэж байна.

Эх сурвалж : national geographic

index

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …