Төрийн албаны хүн суртал хэрээс хэтэрч, авилгал хээл хахууль “цэцэглэсэн” талаар иргэдийн зүгээс байнга гомдол ирдэг.
Харин төрийн албаныхан энэ бүгдийн хариуд бүгд өөрсдийгөө өмгөөлж, хамгаалж өөртэй нь холбосон болгоныг булзааруулж өөр хэн нэгэн руу бурууг “чихэж” суудаг сонин хүмүүс. Тэгвэл өчигдөр Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын шударга байдлын төвшинг үнэлж иргэдэд хүнд сурталтай ханддаг эсэхийг нь дүгнэсэн байна. Энэхүү судалгаагаа тэд төрийн нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба зэрэг 10 байгууллагаар үйлчлүүлсэн иргэдээс авсан судалгаагаар дүгнэжээ.
Судалгааны дүнгээр улсын бүртгэлийн байгууллага бусдаасаа дээгүүр үнэлгээ авсан бол гааль, татвар, газрын алба болон нийгмийн даатгалын байгууллагууд иргэдэд хүнд суртал үзүүлдэг, авлигад өртөх эрсдэл өндөртэй хэмээн тогтоогджээ. Дээрх судалгаанаас харахад хамгийн их хүн үйлчлүүлдэг, мөнгө эргэлдэж байдаг салбарыг хүмүүс авилгад өртөх магадлалтай, хүнд сурталтай хэмээн дүгнүүлэв.
Гаалийнханы талаар иргэдээс гаргасан гомдол санал хэзээ ч тасарч байгаагүй. Замын-Үүдээс авахуулаад бараг бүх хилийн боомтуудаар хил гаалийнханы хүнд сурталыг “шагсан” үйлчлүүлж байдаг. Вагоны тасалбар авахаас эхлээд л иргэдийн стресс эхэлнэ. Тасалбарын олдоц муу, танил талдаа аль гайгүй суудлыг өгдөг. Тэр ч бүү хэл иргэдийн авч яваа хоол, хүнс, эд бараанд хайхарамжгүй хандаж авч явахаар багласан ачааг барааг нь хайр найргүй хутгаар сийчин онгойлгодог гэх гомдол бараг байнга сонсогдоно. Ер нь хүнд суртал авилгал маш их цэцэглэсэн газар. Энэ нь ч судалгаагаар тогтоогдсон байна. Тэдний үйлчилгээний соёлыг өндөр хөгжилтэй Япон, Солонгостой харьцуулах юм бол тэнгэр, газраас ч хол зөрүүтэй. Ядаж хэдэн киллометрийн цаана байгаа Эрээний хил гаалийнханы талд нь хүрдэггүй нь үнэн.
Судалгаанд муу талаараа толгой цохисон дараагийн төрийн байгууллаг бол татварынхан. Татварын байцаагч гэх ууртай, ааштай хүмүүсийн учрыг олоход маш хүнд. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй хэдэн хувийн хэвшлийнхэнийг ёстой л үйлийг нь үздэг ганц газар. Татварын хэлтэс гэж аж ахуйн нэгжүүдийг дарамталсан газар байна. Сүүлдээ байгууллагын касснаас мөнгө булаагаад авдаг болсон. Төрийн нэр барьж авсан мөнгөнөөсөө дарга нар нь өөрсдийгөө хэдэн саяаар нь шагнаж суудаг. Эдийн засаг хүндэрсэн энэ үед татварынхан зөвхөн хянана, шалгана гээд сууж байх юм. Түүний оронд хураадаг нь биш, хураалгадаг нь шагнуулмаарсан уг нь. Дээр нь нэмээд хэлэхэд татварынханд ямар ч ёс зүй байхгүй. Тиймдээ ч иргэдээс авсан санал асуулгад толгой цохисон байна.
Нийгмийн даатгалынхан хамгийн хүнд сурталтай, авилгалжсан хэмээн иргэд дүгнэжээ. Тэднийг ажлаа хэрхэн хийдэг болохыг жирэмсэн болон хөхүүл ээжүүдийн халамжийн мөнгийг хэрхэн өгдөг вэ гэсэн ганцхан зүйлээр дүгнэж болно. Энэхүү тэтгэлгийг хугацаа нь хэтэрсэн ч нөхөж олгодог журамтай. Олгохдоо харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын газарт өгсөн материалын бүртгүүлсэн хугацаанаас эхэлж бодож олгодог байна. Ингэхдээ бүртгүүлсэнээс өмнөх хугацааг бодож олгодоггүй болохоор асарсаны тэтгэлэгийг маш эртнээс хөөцөлдөж эхлэх хэрэгтэй болдог. Бичиг баримтаа эртнээс цуглуулаад, эртнээс хөөцөлдчихсөн эхчүүд энэхүү тэтгэмжийг хэзээ ч авч болно. Гэхдээ эдгээр мөнгийг авахын тулд тулгар биетэй эхчүүд цайны цаг гэж нэг хаалгаа барих, дутуу бичиг баримттай хэмээн буцаах зэрэг даатгал, халамжийнхны хүнд суртлыг даван гарах ёстой болдог. Тэтгэлэгийн мөнгийг төрөхөөс өмнө 60 хоног, төрсний дараах 60 хоногоор тооцож олгодог бөгөөд төрөхөөсөө 60 хоногийн өмнө харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын болон халамж үйлчилгээнд өргөдөл өгч 28 хоногийн дараа авдаг байна. Ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд тэтгэлгийн мөнгийг нөхөж олгодоггүй болохоор ямар нэгэн аргаар хөөцөлдөж авах нь бас л дараагийн нэг хүндхэн даваа болдог ажээ.
Монголчууд биднийг хамгийн их чирэгдүүлдэг газар бол яах аргагүй Газрын албаныхан байдаг. Тэд АТГ-аас явуулдаг уг судалгаанд жил бүр толгой цохиж, төрийн байгууллагуудаа муу талаараа манлайлдаг газар бол Газрын албаныхан. Газрын наймаа гэгч зүйл дэлгэрсэн цагаас хойш энэ салбараас маш олон баячууд төрсөн бөгөөд авилгал хээл хахуулийн үүр уурхай болсон хэмээн иргэд шүүмжлэх нь цөөнгүй. Ажилчид нь гадуур, дотуур ажилтай нэрийн дор ажлын байрандаа байдаггүй. Түүнчлэн байгууллагаас тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллах ёстой атал өөрсдийнхөө дураар цагийн хуваариа зохицуулдаг. Ирсэн санал, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэдэггүй. Иргэдийг алагчилж үздэг зэрэг гомдол тасарах нь үгүй. Хамгийн ноцтой нь Газрын албаныханы дарга, цэрэг нар жил бүр өөрсдийгөө өмгөөлж, хамгаалж иргэдэд бүх буруу байдаг гэж тайлбарладаг. Жишээлбэл өчигдөр тус байгууллагын дарга энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл мэдээлэл өгөхдөө. “Төлөвлөлтгүй газар олгодог. Төлөвлөлтгүй учир баталгаагүй болчихдог. Баталгаагүй юм чинь хэдэн мянган зөрчил маргаан үүсдэг. Өөрөөр хэлбэл шүүх дээр байгаа маргааны бараг 30 хувь нь газрын маргаан байдаг. Үүнээс болоод Газрын албаныхан авилга авдаг гээд ойлгочихдог. Өөрөөр хэлбэл энэ бүхэн хиймлээр хийгдсэн зүйл” гэх мэтээр ярьсан байх юм. Түүний хэлснээр бол иргэд өөрсдөө зөвшөөрөлгүй газар авсан. Эсвэл өөрсдөө нэг газарт хоёр гурван эзэмшигчтэй болчихоод маргаанаар хууль, хяналтынханаар шийдүүлдэг. Үүнээс л болоод Газрын албаныханыг туйлын муу хэмээн дүгнээд байгаа ажээ. Ер нь газрыг төвлөлтгүйгээр олгосон нь тэдний буруу. Тэд эхнээсээ ийм маргаан үүсгэхгүйгээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр нь газруудаа ялгаж салгах хэрэгтэй. Нэг хүний газрыг ар өврийн хаалгаар өөр нэгэнд дахин эзэмших эрх олгодог шударга бус явдлаа л засах ёстой. Ер нь газрын албаны хүмүүсээс үндэсний хэмжээний тэрбумтнууд төрдөг нь үнэн. Ажилдаа хариуцлагагүй. Иргэдэд маш их чирэгдэл учруулж, хүнд суртал гаргадаг нь үнэн.
Жил бүр муу гэсэн сэтэр зүүж, нийгэмд адлуулдаг дээрх салбарынхан өнөөдрөөс эхлэж ажлаа өөр төвшинд хийхгүй бол монголчууд бид тэнд этгэх итгэл алдарч гүйцлээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдгийг санах нь зүйтэй. Нөгөө талаас АТГ-ын эрхмүүд жил бүр шалгардаг дээрх хүнд суртал, авилга хээл хахуулийн үүр, уурхай болсон төрийн байгууллагууддаа маш сайн анхаарал тавьж үйл ажиллагааг нь хянах шаардлагатай байна. Ер нь төрийн ажил бол төрийн л ажил байх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн нийгмийн даатгалын газрын даргын халааснаас жирэмсэн эхчүүд мөнгө авах гэж зүтгээгүй. Хэн нэгэн газрын албаны мэргэжилтний эзэмшлийн газраас 0.7 га газар тасдаж авахаагүй гэдгийг л анхаарч, ёс зүйг нарийн чандалж сахих хэрэгтэй. Та бүхэн бол төрийн үйлчилгээг иргэдэд хүргэгч үйлчилгээний байгууллагын ажилтнууд гэдгийг цаг ямагт санах хэрэгтэй.
Эх сурвалж: www.24tsag.mn