Өр. Энэ үгнээс болж олон хүн шаналж, зарим нь бухимдаж яваа байх. Гэртээ хоол хүнс авахын тулд ажлынхаа хүнээс зээлсэн өр, даарахгүй гэж гутал авсан мөнгө, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн, орон сууцтай болох гэсэн байрны зээл, хэрэгцээгээ хангах гэсэн цалингийн зээл гээд энэ олон өрөн дунд монголчууд бид амьдарч байна. Өөрийнхөө төлж барагдуулах өрийн тухай бодох хангалттай асуудал өмнө минь байхад төр засгийг удирдаж буй хүмүүс Засгийн газрын өрийн хэмжээний талаар маргаж сууна. Мэдээж үүнд анхаарал хандуулахгүй байж чадахгүй нь. Учир нь энэ өрнөөс иргэн бүр татвараараа дамжуулан төлөлцөх болохоор тэр. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 58.3-д хүрээд байна. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар энэ хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр хуульд зааснаасаа хэтрээд явчихлаа. Одоо яах вэ. Энэ хэний алдаа, хэний буруу вэ. Хэрхэн засах вэ гэх олон асуулт, асуудал дунд улстөрчид маргаан мэтгэлцээнээ өрнүүлсээр байна.
Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажиллахдаа Чингис, Самурай бондыг босгож, тодорхой ажлуудад хөрөнгө оруулалт хийсэн. Эдгээр мөнгөнүүд нь улсын төсөвт оролгүй, төсвөөс гадуур үлдсэн. Долоон их наяд төгрөгтэй тэнцэх улсын нэгдсэн төсвийн хажуугаар хоёр дахь төсөв болж бондуудын мөнгө орж ирсэн нь хууль зөрчсөн гэж тухайн үед сөрөг хүчнийхэн байсан Ардын намынхан ярьцгааж байв. Харин тэд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахдаа Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгох, өрийн хэмжээг хуульд нийцүүлэх, бодит төсвийг оруулж ирэх зэрэг асуудлыг ярьсан. Энэ дагуу ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны төсвийн тодотголыг бодитойгоор нь тусгаж, өрийн хэмжээг бодит байдал дээр хэд байгааг нь ил тод тайлагналаа. Өмнөх засгийн үед өрийн тааз 58.3 хувьд хүрч, хуульд заасан хэмжээнээс нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан “Монгол Улсын өрийн ДНБ эзлэх хэмжээ 49.9 хувьтай байсан. Энэ нь 2012 оны дүн юм. Манай улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээг тооцож гаргадаг. Монгол Улсын өрийн хэмжээ хуулийн хүрээнд байгаа. Нэрлэсэн үнээр 11.3 их наяд төгрөгийн өртэй байгаа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлж байж. Харин түүний ярьснаас хэдэн сарын дараах байдал эрс өөрчлөгджээ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өргөн барьсан тодотголд нэрлэсэн үнээрээ Монгол Улсын өрийн хэмжээ 15 их наяд 959 тэрбум төгрөг байна. Өнөөгийн үндсэн дээр тооцвол 13 их наяд 980 тэрбум төгрөг болохоор байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Өрийн таазыг хуульд зааснаас нэмэгдүүлэх, улсын төсвөөс гадуурх төсөвтэй болгосон гээд олон асуудлыг дагуулсан өмнөх Засгийн газрыг удирдаж байсан Н.Алтанхуяг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сэтгүүлчидтэй хийдэг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтынхаа үеэр өрийн талаар ийн ярьж байжээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өрийн тухайд “Хууль зөрчинө гэж байхгүй, ийм зөрчил үүссэн үү гэвэл үүссэн. Учир нь УИХ Засгийн газарт 5 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгосон. Тэр дагуу Засгийн газар 1:5 их наядыг гаргасан. Одоо 3.5 их наядыг гаргах ёстой. Засгийн газар ажлаа хийх ёстой. Нөгөө талд нь Монгол Улсын өр ДНБ-ий 40 хувиас хэтрэх ёсгүй гэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бий. Үүнтэй л зөрчилдөж байгаа болохоос биш өөр зөрчилдсөн зүйл байхгүй. Тийм болохоор үүнийг нэг мөр болгоод шийдвэрлэх ёстой. Үүний тулд өрийг ДНБ-ий 60 хувьтай тэнцэхээр болгоод зээлээ аваад ажлаа хийчихье. Тэгвэл илүү ирээдүй, хөгжил цэцэглэлт харагдаж байгаа” гэж хэлж байжээ.
Хуульд заасан хэмжээнээс давчихаад байхад үүнээс өөр зөрчил үүсээгүй ээ гээд л ярьж байж. Харин үүнийг нь Шийдлийн Засгийн газар нэгтгэж, бодитойгоор нь өрийн хэмжээ 58.3 хувьд хүрсэн гэж байна. Энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүд мэдээж маргалдаж байгаа. УИХ дахь Ардчилсан нам, Ардын намын хувьд өрийн хэмжээг 58.3 хувьд хүрснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Өр ингэж нэмэгдэх болсон нь өмнөх засгийн үед бий болсон хоёр төсвийг нэгтгэснээс болж байгаа гэж тэд тайлбарлаж байна. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 60 хувиас хэтрүүлэхгүй /энэ нь одоо үүсээд байгаа нөхцөлдөө тааруулсан/, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар оруулж ирээд байгаа. Үүнийг нь УИХ дахь Ардын намын бүлгийнхэн заавал 2018 оныг хүлээхгүйгээр хуульдаа нийцүүлэн өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байлгах ёстой гэсэн юм. Ямартай ч улстөрчид одоо үүсээд байгаа өрийн хэмжээг хүлээн зөвшөөрч, харин цаашид Засгийн газар нэмж өр тавих ёсгүй гэдэг дээр ойлголцолд хүрч байна.
Ц.Гэрэл /Uls.mn/