БНСУ–д суугаа Монгол Улсын ЭСЯ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд “Солонгос хэлний орчуулагчдын семинар”-ыг энэ 1 дүгээр сарын 17-нд зохион байгуулав. Сүүлийн жилүүдэд Солонгост эмчилгээ оношлогоо хийлгэх, бизнесийн болон аялал жуулчлалын зорилгоор ирж буй манай иргэд, мөн тус улсад оршин сууж байгаа монголчуудад солонгос хэлний орчуулга хийлгэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж буйн зэрэгцээ орчуулгын чанарын асуудал чухлаар тавигдаж буйг харгалзан ЭСЯ-наас дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна.
Семинарт Солонгосын эмнэлэг, шүүх, цагдаагийн байгууллагад хувиараа болон гэрээгээр орчуулга хийдэг 30 гаруй орчуулагч, мөн оюутнууд, иргэд оролцов. Семинарт БНСУ-ын Данкүкийн их сургуулийн багш, МУИС-ын Монгол хэлний тэнхимийн багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор Ю.Мөнх-Амгалан, БНСУ-ын Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч профессор Ким Ги Сон нар гадаад хэл дээр аман болон бичгийн орчуулгыг хийх, орчуулгад анхаарах нь сэдвээр гол илтгэл тавив. Мөн Самсунг эмнэлэгийн ажилтан К.Өнербек, Сөүлийн их сургуулийн докторант С.Отгонбаяр нар эмнэлэгийн болон хууль эрхзүйн орчуулга хийх асуудлаар мэдээлэл хийж өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцав.
Семинарт оролцогчид өнөөдрийн арга хэмжээ цаг үеэ олсон болохыг тэмдэглэж, ЭСЯ-тай хамтран орчуулагчдын сүлжээ байгуулах, тодорхой салбар, чиглэлээр ийм төрлийн семинар, сургалтыг зохион байгуулах, монгол хүүхдүүдэд болон солонгосчуудад монгол хэлний сургалтыг системтэйгээр заадаг болох, монгол хэлийг мэргэжлийн багш, тухайн салбарын боловсон хүчин заалгаж байх зэрэг санал хүсэлтийг тавив. ЭСЯ-наас зохион байгуулсан энэ удаагийн семинар орчуулгын талаар орчуулагчдад онол, практикийн ойлголт өгч, харилцан мэдээлэл солилцсоны зэрэгцээ тэдний үүрэг хариуцлагыг ухамсарлуулсан ач холбогдолтой үйл хэрэг боллоо.
Ugluu.mn