Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн, 25 настай, эрэгтэй Е нь энэ сарын 17-ны өдрөөс толгой нь эргэн халуурч, нүдний угаар хүчтэй өвдөж, биеэр улаан тууралт гарсны улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ.
Өвчтөн өнгөрсөн оны 10 дугаар сард мал нядалж байх үедээ баруун гарын дунд хурууг гэмтээж эмнэлэгт 10 хоног эмчлүүлж байгаад гарсан байна. Эмчлүүлсэн хуруундаа дахин гэмтэл учруулсан тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ч өөрийн хүсэлтээр оточ гэгдэх Х.Аблайханд хандан гэрээр өдөрт хоёр удаа гурав хоног мөнгөн усны эмчилгээ хийлгэжээ. Гэсэн ч биеийн байдал нь улам дордон сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн байна. 13 настай, эрэгтэй Н нь ахынхаа эмчилгээ хийлгэж байсан өрөөнд орж гарсан өдрөөс хойш бөөлжиж халууран, толгой нь өвдөж, бүх биеэр нь улаан тууралт гаран, хоолонд дургүй болж аюулхай, гэдсээр хүчтэй өвдөж сэхээний тасагт эмчлүүлж байна.
Эмчийн үзлэгээр дээрх хоёр хүн мөнгөн усны хордлого авсан нь тогтоогдсон учир эмийн эрчимтэй эмчилгээ хийх, Улаанбаатар хотын Хордлогын төвд эмчлүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ сарын 21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд оточ гэгдэх Х.Аблайханы гэрт очиж төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийсэн байна.
Х.Аблайхан нь 1985 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн, сувилах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, 1992 онд нөхөн сэргээх эмчилгээний сувилагч мэргэжил эзэмшсэн үнэмлэхтэй.
Тэрбээр мөнгөн усны эмчилгээ хийх аргыг удмаасаа өвлөн авч 10 орчим жил эмчилгээ хийж байгаа. Нэг сард дунджаар таван хүнд ясны идээт үрэвслийн эсрэг эмчилгээг мөнгөн ус ашиглан хийдэг гэнэ. Иргэдийн хүсэлтээр эмчилгээ хийдэг гэх боловч эмчлүүлсэн хүмүүсийн бүртгэл, тэмдэглэл байхгүй байжээ.
Сувилагч мэргэжилтэй хэрнээ зөвшөөрөлгүйгээр эмчилгээ хийж хүний эрүүл мэндийг хохироосон, тодорхой хаяг, шошгогүй, гарал үүсэл, зориулалт нь тодорхой бус, хувь хүнээс авсан гэх мөнгөн ус, химийн бодис, тосоор эмчилгээ хийсэн үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгаж байна.