Ганц хүний жүжгийн олон улсын наадамд оролцож Гран-При шагналын эзэн болсон Монголын Улсын соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалантай уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө. Монголын түүхэнд мөнхөрсөн эмэгтэй хатны дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр өөрийнхөө ур чадварыг сорих дуртай нэгэн. Тиймдээ ч үеийнхнээсээ урьтаж ганц хүний жүжгийн төрлөөр уран бүтээл туурвисан. Тэр дундаа Францын дуут шувуухай Эдип Пиафын дүрийг тайзнаа мөнхөлж чамгүй дуучин гэдгээ харуулаад амжсан билээ.
-Та Францын алдарт дуучин Эдип Пиафын төрсөн өдрөөр АНУ-д суугаа монголчуудад тоглолтоо сонирхуулаад ирсэн. Үзэгчид уран бүтээлийг тань хэрхэн хүлээн авав?
-“Пакс Монголика” байгууллагын урилгаар АНУ-д тоглолтоо хийгээд ирлээ. Намайг очиход “Мэдисон Стрийт” театрт тоглолт хийх гэрээ байгуулсан байв. Улмаар Эдип Пиафын төрсөн өдрөөр АНУ-д суугаа монголчуудад тоглолтоо толилуулсан. Мөн тоглолтын үеэр“Тэнгэрийн аялгуу” жүжгээ тоглосон. АНУ-д тоглолт хийхэдP3 виз олгодог юм билээ. Энэ виз их хатуу журамтай. Өөрөөр хэлбэл, хоёр хоногийн хугацаатай виз надад дарж өгсөн. Тоглолтын дараа АНУ-д суугаа монголчууд өөр хотуудад тоглолт зохион байгуулах бодолтой байсан ч амжаагүй. Тэд хүүхдүүддээ“Тэнгэрийн аялгуу” жүжгийг үзүүлэх хүсэлтэй байсан юм билээ. Гэсэн ч виз сунгуулах боломжгүй байснаас тоглолтоо дуусгаад ирлээ. Дээр нь УДЭТ-аас надад цөөн хоногийн чөлөө өгсөн.
-АНУ-д суугаа монголчуудтай тухтай уулзаж чадаагүй гэсэн үг үү?
-АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд нэг өдөр гэрээсээ гарах, ажлаасаа чөлөө авах гэсэн асуудал бараг байдаггүй юм шиг санагдсан. Ажил гэдэг тэдний хувьд амьдрал нь учраас өдөр битгий хэл цагийн чөлөө авахад амаргүй юм билээ. Дээр нь миний АНУ явах виз гарах эсэх нь мэдэгдэхгүй байснаас тоглолтын цаг тодорхойгүй байсан. Гэсэн хэдий ч намайг ирсэн сургаар тоглолт үзэх хүсэлтэй хүмүүс ирсэн. Ер нь Монголоос очдог дуучид, хошин урлагийн продакшнууд ихэвчлэн мэргэжлийн бус тайзан дээр тоглолтоо сонирхуулдаг байсан гэсэн. Тиймээс миний тоглолтод ирсэн монголчууд мэргэжлийн театрт тоглолт үзэж буйгаа онцолж байв. Тэд мэргэжлийн урлагаар“цангаж” байгаагаа хэлсэн. Драмын урлагийнхныг очиж тоглолтоо хийхийг тэсэн ядан хүлээж байгаагаа ч дуулгасан.
-АНУ-д дахин тоглолт хийх бодол бий юү?
-Би ирээд театрынхандаа энэ талаар дуулгасан. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй ч, ирэх зунаас АНУ-д суугаа монголчууддаа тоглолтоо толилуулахаар зорих байх. Ер нь “Би Эдип Пиаф байна”, “Тэнгэрийн аялгуу” жүжгийг АНУ-д тоглооч гэсэн хүсэлтийг надад олон хүн тавьсан. Үүний дагуу АНУ-д суугаа монголчууддаа дахин тоглолтоо хүргэх боломж надад олдох байх.
-АНУ-д тоглосон нэг хүний жүжгийг тус улсын мэргэжлийн уран бүтээлчдээс ирж сонирхов уу?
-Үгүй. Гэхдээ “Мэдисон Стрийт” театрын захиргааныхан “Сайхан тоглолт боллоо. Олон улсын уран бүтээлчдээс манай театраар дамжин амжилтад хүрсэн тохиолдол олон бий. Тиймээс энэ удаагийн үзэгчдийг цөөхөн гэж битгий голоорой. Бүгдийнх нь уран бүтээлийн гараа ингэж эхэлдэг юм” гэж байв. Ер нь америкууд жилийн өмнөөс үзэх үзвэрээ сонгоод захиалдаг юм билээ.
-Өнгөрсөн жил та ур чадвараа сорьсон олон уралдаанд оролцсон. Тэр дундаас Косовод болсон нэг хүний жүжгийн олон улсын наадмыг онцлон асуумаар байна. Тухайн үед өөрийгөө Гран-При шагналыг нь авна чинээ бодож байв уу?
-Тэр талаар бодоогүй. Гран-При авсан нь миний хувьд гэнэтийн зүйл болсон. Олон улсын уралдааны Гран-При хүртсэн гээд улсаас надад65 сая төгрөг өгөхөөр болсон. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод шагналыг баталсан юм. Нэг хүний жүжиг гэдэг нь аль ч орны хувьд улсаа сурталчлах гарц болдгийг ойлгосон. Тиймээс ийм үүд хаалгыг нээсэндээ баяртай байна. Ингэж олон улсын уралдаанд оролцохдоо гадаад хэл сурах хэрэгтэйг ч ойлгосон. Мөн Монголд нэг хүний жүжгийг, театрыг хөгжүүлэх хэрэгтэйг ойлгосон учраас ирэх аравдугаар сарын эхний долоо хоногт Монголд нэг хүний жүжгийн олон улсын наадмыг зохион байгуулахаар боллоо. Энэ наадам “Гэгээн Муза”-аас өөр. “Гэгээн Муза” бол тэмцээн. Харин зохион байгуулахаар болсон наадам бол нэг хүний жүжгийг сурталчилсан олон улсын наадам юм. Энэхүү наадамд ЮНЕСКО-оос төлөөлөгч ирнэ. Тэр төлөөлөгч нь нэг хүний жүжгийн талаар долоо хоногийн сургалт зохион байгуулах юм. Дээр нь наадамд Герман, Польш, Косово, Киргиз, Швед, ОХУ-ын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчид ирж, уран бүтээлээ толилуулна. Наадам зохион байгуулж буй орны хувьд бид өөрийнхөө жүжгээр наадмыг нээх ёстой. Тиймээс наадам бол охоос өмнө Монголын жүжигчдийн дунд шалгаруулалт зохион байгуулж олон улсын наадмыг нээх уран бүтээл, жүжигчнийг сонгон шалгаруулна.
-Таныг олон улсын наадамд оролцоод 65 сая төгрөгөөр шагнууллаа гэсэн. Гэтэл та шагналаа аваагүй байжээ?
-Аваагүй. Өгсөн үед нь “Авлаа” гэе. Одоохондоо энэ талаар яриад хэрэггүй байх.
-Косовогийн наадамд оролцож өөрийнхөө бүтээлийг толилуулснаас гадна бусад улсын жүжигчдээс туршлага судлах сайхан боломж олдсон байх. Наадамд оролцоод уран бүтээлийн шинэ санаа төрсөн үү?
-Косовогийн наадамд олон орны жүжигчин бүтээлээ толилуулсан. Тэднээс их зүйл сурлаа. Тиймээс сурах, мэдэх хүсэл надад их байна. Бас Монголд нэг хүний жүжгийг хөгжүүлмээр байна.
-Олон улсын наадам зохион байгуулахын тулд эртнээс бэлтгэх шаардлагатай. Гэтэл хариуцсан яам нь татан буугдчихлаа шүү дээ?
-Энэхүү наадмыг зохион байгуулах талаар ярилцаж аман тохиролцоонд хүрчихээд яамандаа танилцуулсан. Яамны ажилчид сайхан хүлээж авсан. Даанч ССАЖЯ татан буугдчихлаа. Гэхдээ нэгэнт олон улсын наадам зохион байгуулахаар болсон учраас ажил хэрэг болно гэж найдаж байна. Дээр нь улсаас дэмжих учраас зохион байгуулах газрыг нь зохицуулаад өгөх байх
-Ковосогийн нэг хүний жүжгийн наадамд толилуулсан бүтээлүүдээс таны бүтээлийг сонгож олон улсын уралдаанд оролцуулахаар болсон гэсэн. Ямар уралдаанд оролцохоор болсон бэ?
-Ирэх дөрөвдүгээр сард Германы Ханноверын фестивальд оролцоно. Косовод тоглосон жүжгийг наадмыг зохион байгуулагчид үзээд манай уран бүтээлийг тоглуулахаар сонгосон юм. Энэ фестиваль уралдаан биш, үзэгчдэд зориулсан наадам.
-Сүүлийн үед та нэг хүний жүжигт түлхүү тоглох болсон. Ялангуяа “Тэнгэрийн аялгуу”-г та өөрөө захиалж зохиолыг нь бичүүлсэн. Чухам яагаад ийм бүтээл хийлгэх санаа төрсөн юм бэ?
-“Тэнгэрийн аялгуу”-г сайн бүтээл болсон гэж бодож байна. Энэ бүтээлдээ их хайртай. Учир нь ийм жүжиг хийхийг мөрөөдөж, үйл явдлыг нь нүдэндээ харж Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридад захиалж бичүүлсэн. Энэ жүжгээр эх дэлхийгээ ээж шигээ хайрлах ёстойг ойлгуулахыг зорьсон. Мөн “Бүүвэйн дууны домог”-ийг уран сайхны аргаар бичсэнээрээ онцлогтой бүтээл болсон. Тиймээс хүүхдүүдэд энэ жүжгийг тоглож үзүүлмээр санагддаг боловч төдийлөн цаг зав гарахгүй юм.
-Энэ жүжгээ та дэлгэцийн бүтээл болгоно гэсэн. Тэгвэл ойрмогхон“Тэнгэрийн аялгуу” нэртэй кино нээлтээ хийх нь ээ?
-Төлөвлөж байгаа. Маш сайн кино болно гэж бодож байна. Одооноос л кино хийх талаар хүмүүстэй ярилцаж, санал бодлоо хуваалцаж байна даа.
-Энэрэн хайрлах ухааныг мэдрүүлсэн жүжгээ ээждээ үзүүлж амжсан уу?
-Ээж, хүү хоёр маань үзсэн. Гэхдээ тэд миний тоглосон жүжгүүдийг үзэхээрээ “Алдчих вий дээ” гээд л айгаад байдаг гэсэн. “Тэнгэрийн аялгуу”-г дүү нар үзээд “Үнэхээр сайн бүтээл болсон байна” гэсэн. Мөн энэ жүжгийг үзсэн ээжүүдийн сэтгэл их хөдөлсөн тухай сонссон.
-Та өмнө нь франц хэл сурч байгаа талаар ярьсан. Одоо ч гэсэн гадаад хэлээ судалж байгаа юу?
-Франц хэлээ түр орхисон. Ажлын хажуугаар гадаад хэл судлах амаргүй юм. Харин одоо англи хэл судлах сонирхолтой байгаа. Дараа нь амралт авахаараа франц хэлээ үргэлжлүүлэн судална.
-Сүүлийн үед драмын театрын жүжигчид өрх тусгаарлах боллоо. Танд тэдэн шиг чөлөөт уран бүтээлч болох бодол бий юү?
-Надад өөрийн гэсэн бодол бий. Би мундаг олны танил уран бүтээлч биш. Од ч биш. Би зүгээр л, тайзны урлагаар хүмүүжиж, ажиллаж яваа жирийн нэгэн жүжигчин. Ер нь драмын урлагаараа би хоолоо олж идэж, тайзны урлагаараа амьдралаа залгуулж байгаа. Тийм болохоор би драмын урлагт хайртай, тайзны урлагт дуртай. Драмын урлагтаа ч үнэнч байдаг. Театртаа ажиллахын хажуугаар хувийн уран бүтээл хийх боломжтой байгаа учраас театртаас гарах хэрэг надад алга. Театрынхан ч гэсэн шаардлагатай үед чөлөө өгдөг. Театраас гарч байгаа хүмүүст олон шалтгаан байгаа байх. Тиймээс тэднийг буруутгахад бас хэцүү юм. Театр жүжигчнээр дутдаггүй, хэн нэгэн гарсан ч араас нь сайн уран бүтээлчид төрж тоглолт хэвийн үргэлжилж байна.
Б.Сэлэнгэ