Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор гавж Ш.Сонинбаяр ламын ярьсан түүх.
Лам нарын артельд Өлзий гэдэг нэгэн тогооч эмэгтэй байлаа. Артелийн лам нар бүдүүн Өлзий гэж дууддаг байсан. Манай артелийн ганц эмэгтэй тэр байлаа. 1938 оны өвлийн эхэн сарын зулын 25-ны өдөр боллоо. Урьд жил нь бүрээ бишгүүрийн дуу хангинаж, хурал ном хурж байсан дуган сүм эл хуль байв. Гэтэл манай тогооч Өлзий маань том сиян хувин дүүрэн тарагтай будаа хийгээд иржээ.
Тэгээд “Манайх жил бүрийн зулын 25-нд Ганданд цав (хоол) барьдаг байсан юм. Энэ жил тэр маань тасрах нээ. Түүнийгээ таслахгүйн тулд та нартаа барьчихяа” гэж хэлээд бид нарт будаагаа аягалж барьсан юм. Хүний чин сүсэг гэдэг ямар ч үед алдардаггүй юм байна лээ гэж Лувсан гуай хэлж билээ.
эх сурвалж: budda.mn