Ж.Жамсран: Аюулт өвчинтэй тэмцэхэд араатан жигүүртэн, таван хошуу малаас гардаг зүйл онцгой нөлөөлдөг

Хүн өвчинтэйгээ тэмцэхдээ шинжлэх ухааны эмнэлэг, дорно дахины болоод, монголын уламжлалт анагаах ухаан аль алийг нь хэрэглэж байж амжилт олох болов уу хэмээн мөхөс би бээр бодож байна. Ямар ч хүн үхэхийг хүсдэггүй тул өөрт буй бүх бололцоогоо дайчлан “эрлэгийн элч”-тэй үзээд алдах хэрэгтэйг 100 насны өндөрлөг өөд алхаж яваа Ж.Жамсран гуайн эмчилгээний олон жилийн туршлага харуулж байна.

 

-Таныг хүмүүс үхээд боссон хүн гэлцэх юм. Үхлийг хүртэл хойшлуулж чадсан нууц жорынхоо тухай сонирхуулаач?

-За олон зүйл бий дээ. Тэр олон шидэт эмийн дотор хүдрийн заар онцгой ач холбогдолтой гэж би үздэг. Элдэв төрлийн хорт хавдар, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, тэмцэхэд араатан жигүүр, хорхой шавьж, таван хошуу малаас гардаг эрдэмт зүйл онцгой нөлөөлдөг. Өнөөгийн зуунд химийн гаралтай эм бага багаар шахагдан  оронд нь амьтан ургамал, эрдэс бодисын гаралтай бэлдмэлүүд түрэн гарч эхэллээ. Хортой эмээр бус, тэжээллэг бэлдмэлүүдээр өвчнөө илааршуулах мөч ойртож байгаа шиг санагдах болов. Хүдэр бол буга гөрөөсний язгуурт амьтан юм. Монгол орны туурайтан амьтны хамгийн жижиг нь. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсын хуш, шинэсэн ойд амьдардаг. Халуун өвчнөөр болон саа өвчнөөр манарахад хэрэглэдэг. Жирэмсэн эмэгтэй хэрэглэж болохгүй. Эм зүйн судалгаанаас үзвэл төв мэдрэлийн систем, зүрхэн тамирт нөлөөлдөг онцлогтой. Миний хувьд хүдрийн заар орсон олон чухал эм өөрөө найруулан хэрэглэж мэдэгдэм амжилт олж явлаа. Чийгийн улаан хорхойг олныг идсэн дээ. Надад олон янзын амьтдын мах идэхэд амаргүй л байлаа. Хээр ийм махыг залгиж, зажилж, шимж идэх гээд олон арга хэрэглэсэн. Өт хорхойг идэхэд  аймаар сэжиглэмээр боловч аяыг нь олоод залгих нь хялбар байдаг юм. Шархны улмаас цус алдаж, арьс үхжиж эхлэнгүүт аргаа бараад өт идсэн. Миний энэ амь булаалдсан үед өт идэхэд сэдрээд эдгэхгүй байсан шарх түргэн аньж эдгэсэн шүү. Өтөөр эмчлэх аргыг эртний Мая овгийнхон хэрэглэж байсан. Францын цэргийн жанжин Наполеон цэргүүдийнхээ цус алдалтыг өтөөр эмчилж байсан түүхэн баримт байдаг юм билээ. Би өглөө бүр уух цайндаа говьд ургадаг гоёо, мөн загасгал, боролзгоны шар цэцэг, гишүүний үндэс хийж уудаг юм.

    Намайг зовиурлаж хэвтэхэд нохой минь дэргэдээс холддоггүй байлаа

-Үнэнч нөхөр тань болж явсан Тигр нохой, Цагаадай морь надад их сонирхолтой санагдаад байна л даа. Таныг тэд олон таагүй зүйлээс аварсан гэсэн?

-Тийм ээ. Тэд миний хамгийн үнэнч дотно нөхөр байсан юм. Цагаадай морио өртөөний хүнээс худалдаж, харин Тигр нохойгоо сайн анчнаас авсан. Би нохойтойгоо явахдаа юунаас ч айдаггүй байлаа. Тигрийг дагуулаад ойн хөвчөөр хэсдэг байлаа. Морио тэр болгон нэг их унахгүй. Зэлүүд газарт орхихдоо дэргэд нь айгуул босгон хамгаалдаг. Эзнээ үгүйд адгуус ч гэсэн ихэд ганцаарддаг юм билээ. Намайг нохойтойгоо ирэх чимээг хаа холоос мэдчихээд чихээ хулмалзуулан үүрсэж тайвширдаг байв. Нэг удаа би ой дотор мориноосоо буун тэмээний хорголын чинээ үхрийн нүд байхаар нь түүж, саваа дүүргэх гээд хол явснаа мэдэлгүй төөрчихжээ. Тэгтэл нар ч жаргах ойртов. Морио олох янзгүй боллоо. Айдас хүрч мориндоо санаа зовж, аргаа барахдаа дараалан хэд хашгираад чагнав. Тэгтэл нэлээд хол морь минь үүрсэх чимээ өгснөөр би морио олжих баярлаж билээ. Тигр тун ухаантай нохой. Надтай бүр дасаж, миний царай ямар байгааг, ядарсан эсэхийг хүртэл мэддэг байв. “Үнэнч шударгыг нохойноос сур” гэдэг  үг үнэхээр үнэн юм билээ. Нохой 200 төрлийн авиагаар харилцдаг гэж бичсэнээс тун олноор нь бид бодол санаагаа ойлголцдог байсан даа. Хэнтий аймгийн Өндөрдэлгэр сумын Хангал нуурын дэргэд оромжиндоо ороод унтах гэтэл нохой маань гиншигнэн майхнаа тойрон газар маажлан, үүдээр шагайн гунигтайгаар гаслав. Аюултай золгүй юм болоход ингэдгийг би мэдэх учир гайхан гэгээ гаргатал майхны ар нуруу өөд нэг том могой мурилзан авирч харагдав. Миний бие тааруу, орондоо зовиуртай хэвтэхэд нохой минь дэргэдээс ер холддоггүй нүднээс нь нулимс хамар руу нь урсдаг байв. Нэг халуун өдөр асганы хөл даган ширэнгэ дунд салхи сөрөн явтал өмнө минь явсан соотон шар маань гэнэт гаслан сүүлээ хавчиж, араа харан харан  зүгээ буруулж шогшив. Мориныхоо амыг татан түр зогстол дахин дахин нааш цааш гүйж намайг түргэн хойноос яв гэсэн мэт болоход араас нь даган цохио хадны шилд очиж, мориноосоо буун харуулдав. Тэр үед бидний явж байсан газраар нэгэн том шармаахай /эр баавгай/ залхуутай нь аргагүй явж өнгөрөв. Нохой маань ингэж туслаагүй бол би түүнтэй яг халз тулгарах байсан шүү.

-Сурвалжлагч аа танд нохой маань намайг хэрхэн эмнэсэн талаар ярьж болох уу?

-Бололгүй яахав. Нохой чинь таны өвчнийг илааршихад тэгтэл их нөлөөлсөн гэж үү?

-Намайг аюулт өвчнөөс аварсан гол зүйл бол баавгайн цус. Дараа нь нохой минь намайг эмнэсэн. Цамцыг минь сөхөж байгаад өдөрт гурван удаа хэвлий хөндий долооно. Нэг мундаг эрдэмтэн “Нохой шиг мэдрэмжтэй амьтан ховор. Нохой бол рак өвчнийг тодорхойлж, анагаах чадвартай” гэж бичсэн байсан.

 

Би хүмүүст “Үхэхгүй тулд хонины мах ид” гэж зөвлөдөг

-Та ч хоол хүнсэндээ хонины мах хэрэглэж байх тухай их зөвлөдөг хүн дээ. Сүүлийн үед хүмүүс хонины махыг өвчний эх суурь болдог хэмээн ярих болж?

-Энэ яриатай санал нийлэхгүй байна. Би хонины мах хэрэглэх дуртай. Сүүлийн үед эмч нар өвчтөнүүдэд “Үхье гэвэл хонины мах ид” гэж хэлдэг болсон байх юм. Надтай уулзахаар ирсэн хүмүүст “Үхэхгүйн тулд хонины мах ид” гэж зөвлөдөг. Өнгөрсөн жил Увс аймгийн нэг эмгэн надтай утсаар холбогдож “Таны зөвлөснөөр хусны онгол уусан чинь шээс задгайраад, нойр хулжиж эхэллээ. Одоо яавал дээр вэ” гэхээр нь “Та хонины махаар шөл хийж уу” гэж хариуллаа. Тэгтэл “Манай эндхийн эмч хонины мах идэх танд хориотой гэж хэлсэн” гэж байна. Тэгэхээр нь “Та тэгвэл эмчийнхээ зөвлөснөөр яв” гээд утсаа салгасан. Тэгтэл 14 хоногийн дараа дахин холбогдоод “Уучлаарай, би тантай буруу ярьсан байна. Таны зөвлөснөөр хонины махаар шөл хийгээд идтэл бие маань хэвийн байдалдаа орлоо, их баярлалаа” гэж талархсан даа. Би олон жилийн өмнө гадаад ажлын шугамаар явж байхдаа Болгар хүнтэй танилцаж, анд болсон юм. Тэрбээр монголд үе үе ирдэг. Нэг удаа надтай уулзаад “Олон орны сайн гэсэн эмнэлэгт хүүхдээ үзүүлж эмчлүүллээ. Бие нь нэг их сайжрахгүй юм. Би Монголоос юу авч явах вэ” гэж асуухад “Монгол хонины маханд өвчин анагаах олон зүйл бий. Чи аваад нутаг руугаа яв” гэж хэлсэн. Тэгтэл сар шинийн өмнөхөн “Жамсран чамд баяр хүргэе. Чиний зөвлөснөөр би хонины мах аваад хүүхэддээ хоол хийж өглөө. Одоо бие нь дээрдэж эхэлсэн шүү” гэж ярьсан. Миний хувьд хонины мах, баавгайн цөс, баавгайн цусыг эмийн дээд гэж боддог. Туслаач гээд арга нь барагдаад ирсэн хүмүүст өөрийн чадах зүйлээрээ зөвлөгөө өгдөг. Би өдгөө үр хүүхэд, ач гуч нар нарынхаа халуун сэтгэлийн ач тусаар 100 насны босго алхаж энх тунх амьдарч байна.

Та өвчнөө эдгээхийн тулд ямар амьтны мах хэрэглэж байсан тухайгаа хүмүүст зөвлөж яриач. Зөвхөн элэг гэлтгүй янз бүрийн өвчинд өртөж аврал эрэн шаналж буй олон хүн тус нэмэр болох ч юм бил үү?

-Би өөрөө элгээ эмчлэхийн тулд биеэ судалж шинжлэн дүгнэлт хийсэн юм. Товчхон хэлбэл ганц элэгтэй тэмцэх нь учир дутагдалтай байсан тул бусад согогтой эрхтэн рүүгээ хандаж, тэмцэл явуулсан нь зөв болсон. Тэр үед ходоод, чих, нүд бас л сайнгүй байсан. Тиймээс бүгдийг нь тэгшитгэж эмчлэх асуудалтай тулгарсан. Надад далд мэдрэмж хөгжсөн гэж боддог. Хүн биеэ өвчлөөд ирэхээр гэдэргээ харан хэвтэж “үхэх” тухай бодоод байх бус оюун санаагаа тэгш тавьж, бие организмаа амар тайван байлгаж, сайн бодож сэтгэж чадсан нөхцөлд аяндаа зөн совин татаад ирдэг юм байна лээ. Би далд мэдрэмжтэй. Түүндээ итгэж ирсэн. Энэ бүхнээс үндэслэж эмчилгээ+хөдөлгөөн+сэтгэлзүй гурвыг салгалгүй хэрэглэж өдийг хүргэлээ. Ингээд амьтны махыг өвчнөө эдгээхийн тулд яаж хэрэглэж болох талаар зөвлөе.

Бүргэд

Тамир тэнхээ доройтсон, этгээд өвчин, ухаан сэхээ алдах, яс бэртэж хугарсан, аюулхайн бэтэг, хоолойд яс тээглэснийг засахын тулд бүргэдийн мах бага багаар чанаж, шөлтэй нь ууж хэрэглэнэ. Өдөрт нэг цэнгээр гурван удаа буцалсан усаар даруулж хэрэглээрэй. Би идэж амжилт олсон.

Тас

Нүд бүрэлзэхийг зогсоож саруулжуулна, нүдний өвчин арилгана. Хоолой зангирах өвчнийг засдаг. Мах нь хоолны шингэц сайжруулж шарх анагаан, уушигны халууныг дарна. Ходоод нь бэтгийг эвдэж, ходоодны элч үүсгэнэ. Яс нь шээс хоригдсоныг, зүрх нь зүрх өвчнийг засна.

Шаазгай

Тамир тэнхээ муудаж халуурах, ундаашихыг засахад шаазгайн мах давсгүй чанаж иднэ. Уушигны сүрьеэ өвчин засахад шаазгай нэг, хөгшин эмэгчин тахиа хоёрыг авч, хоёулангийн гэдэс дотрыг авч цэвэрлээд давсгүй чанаж иднэ. Хүүхдийн шээрэн өвчинд мөн махыг нь чанаж идүүвэл засардаг. Нүдний хараа муудахад хэрэглэвэл үр дүнтэй. Тархи мэдрэлийн өвчинд шаазгайн тархийг хатааж уулгана.

Тарвага

Тарвагыг долоо, наймдугаар сард зөвхөн эмчилгээний журмаар хэрэглэх гэж байвал гурав, дөрөвдүгээр сард ичээнээсээ гарсны дараа өвчин тахлыг нь тодорхойлж байгаад авбал сайн. Мах нь бүлээн чанартай, амтлаг, тослог байдаг. Мах нь ходоодны шингэлт муудсан, биеийн элч буурсан, хий өвчин бүхнийг засна. Яс ба шүд нь яс хугарсныг барилдуулна. Зүрх нь зүрхний халууныг засна. Давсаг нь давсагны болон шижин өвчинг засна. Мах, судас, арьсны шархыг эмчлэхэд тарваганы цөсийг удаа бүр нэг цэнгээр өдөрт хоёр удаа чанаж уулгана. Бага зэрэг усаар шингэлэн хэрэглэж болно. Миний хувьд мөн ч олон удаа хэрэглэсэн дээ.

 Адуу

Зүрх, яс, туурай нь халуун чанартай, бөөр, цөс, дэлүү, хоолой, сэрүүн чанартай, сүү, өөх нь тэгш чанартай. Халуун чанартай хэсэг нь илчийг задруулан үүсгэж, хий тарааж тэгшлэх чадалтай. Сүү нь голдуу уушиг сэлбэж, үе гишүүний хийг дарна. Зүрх нь үе гишүүнд тархсан хор өвчнийг анагаана. Бөөр нь бөөрний халуун болоод үрэвслийг арилгана. Хоолой нь ангина болоод бамбайнд тустай. Яс нь ууц нуруу, үе гишүүний өвчин, бага хүүхдийн бие толгойд гарсан яр зэргийг засна. Ундааших өвчин, эрэгтэй хүний эвэрхий, эмэгтэй хүний хурмал өвчин засахад шээсийг зэс саванд хийж уулгана. Цагаан морины хярзан нь эрэгтэй хүний тамир доройтож судас зогсох, биеийн ерөнхий тамир, эр бэлгийн эс чадваргүйтэхийг сэргээнэ. Морины толгойн яс нойр ихтэй хүнийг нойр багатай болгодог. Тархи нь архинд донтохыг эмчилнэ.

Тэмээ

Сүү нь сэрүүн чанартай амтлаг хоргүй. Энэ бүхэн нь шээс хоригдсон, чих дүлийрсэн зэргийг засдаг. Сүү, хоормог нь чийг бам өвчинд тустай. Мах нь салхи, чийгийг хөөж, яс шөрмөсийг чийрэгжүүлнэ. Ботгоны шинэ мах шараас болсон солио өвчин, шээс хоригдсоныг илааршуулна. Өөх нь загатнах өвчин, хорт яраар булчин нь мах үхжилд орсон, арьс шөрмөсний мэдрэл таталдах зэргийг эмчилнэ. Тэмээний гиван бол элдэв төрлийн салхин халуунаас болсон өвчин эмгэг анагаана.

Үхэр

Сүү нь амтлаг бөгөөд бага зэрэг сэрүүн чанартай. Харин мах, өөх, чөмөг, тархи, ходоод яс зэрэг нь бүлээн чанартай амтлаг юм. Сүүг нь буцалгаж уувал, ялангуяа настануудад шим өгнө. Нойр сайтай болгож, уушигны өвчин, хуучирсан хижиг өвчин, шижин, агсаа ханиалга, толгой өвдөх зэргийг засаж, цог жавхланг бадруулна. Үхрийн шинэ мах хий шарын халууныг дарах чадалтай. Тэр дундаа жил өнжсөн мах борц шарын халууныг  хоцроолгүй засна. Чөмөг нь дуслыг нөхвөрлөж, уушгийг тунгалагжуулж, дэлүүний тамир сайжруулна. Тархи нь толгойн өвчин эмчилнэ. Цөс нь хий бадгана, шарын өвчин анагааж, боом хавдрыг арилган, нүдэнд унасан хор тайлна. Дэлүү нь дэлүүний үйл ажиллагааг сайжруулна. Зүрх нь зүрхийг сайжруулж, тархины мартамхай өвчнийг зогсооно. Хуучирсан тос нь хий өвчинд тустай. Буурны орооны үеийн бохь өвчин бүхэнд сайн.

Хонь

Монгол хонь голдуу борог өвс иддэг. Цаг уурын аль ч нөхцөлд тэвчээртэй, цэвэр агаар амьсгалж, цэнгэг ус ууж байдаг тул олон өвчин анагаах шидтэй. Хонины тойг, далны толгой, охор сүүл зэрэг дөрвөн шимт бол биеэ даасан эм байдаг. Охор сүүл нь ид шидтэй эм болно. Шүдлэн хонины яс нь хийн эрдэмтэй. Өвчинд хэрэглэвэл бөөрийг нь найм, есдүгээр сард, сэвсийг нь сөд өвс муудахаас өмнө авах учиртай. Элгийг элгэн халуун болоод элгэний өвчинд иднэ. Цөс нь ганц хуруудах өвчин болоод шарх бүхнийг анагаана. Гавал нь эмэгтэйн аливаа өвчинд сайн, хонины биеэс гарах дөрвөн шимт болоод шимт шөл байн байн уух нь сайн. Хонины толгойн Шаз-ын шөлөөр толгойн хийг лавтай эмчилж болно. Нэг үгээр хэлбэл монгол хонины мах дэлхийд ховор эм юм.

Ямаа

Сүү,  мах нь сэрүүн чанартай. Иймд халуун бүхний хорыг тайлж, амьсгаадахыг зогсоох, хүүхэд хэлд орохыг түргэсгэх, нүдний цагаа болон нулимс гоожихыг зогсооно. Яргуй ургах цагаар саасан сүү нь тамир оруулдаг. Харин өнжсөн хүйтэн сүү нь сэрүүн чанартай болохоор хий халуун дарах боловч бадгана үүсэхээс болгоомжлох хэрэгтэй. Буцалсан сүү бол бүлээн чанартай болохоор бадгана хүйтнийг арилгаж бие чийрэг болгоно. Ширгэтэл буцалгасан сүү нь хүнд чанартай боловч сэтгэл тайвшруулах, цусны өндөр даралт буулгана. Хөх ямааны сахал нь усан хаван, элдэв өвчин засна. Ямааны шинэ нойтон арьс бол хорхой болоод яр эмчилнэ. Цагаан ямааны сүү элгэнд, хар ямааны мах тамир, тэнхээ оруулахад тустай.

Гахай

Гахай тэжээвэр, зэрлэг гэж ялгагдана. Ердийн гахайны биеэс гарах эмийн эрдэм гэж бий. Мах нь амтлаг, сэрүүн, тослог, хөнгөн чанартай. Гол төлөв дэлүүний тамирыг сайжруулдаг. Цөс нь халууны хорыг тайлж, ходоодны үйл ажиллагаа, нүдний хараа сайжруулна. Элэг дэлүүний халуун, элэгний үрэвсэл, өтгөн хатахад сайн үр дүн үзүүлнэ. Гавал нь усан хаван, багалзуур өвдөх зэргийг анагаана. Өөх нь хор сарнисныг хурааж, шар ус хурахаас хамгаална. Хамгийн чухал нь унасан үсийг ургуулдаг. Чөмөг нь хүйс хавдах, сугын илд зэргийг засна. Бөөр нь бөөр, давсагны үйл ажиллагаа сайжруулж, дүлий болохыг эмчилж, бөөр нуруу  өвдөх, зүүдэндээ орондоо шээх, төрсний дараа шээрэнг болох өвчин эмчилнэ. Засрахгүй байгаа хөхүүл ханиадыг засахад гахай, үхэр, ямаа, тахианы цөсөнд бага зэрэг цагаан чихэр холиод өдөрт хоёроос гурван удаа өгнө. Муу хорт хавдрыг засахад гахайн цөсийг устай найруулаад гэдсийг нь угааж өгнө. Хорт хавдрыг засахад гахайн цөсийг сонгины цагаантай нухаж, хавдар дээр нь түрхэнэ.

Зэрлэг гахай

Зэрлэг гахай нь ууланд ургадаг цэцэг ногоо төрөл бүрийн ургамал үндэс түүж иддэг тул тэжээвэр гахайнаас олон талаар давуу юм. Цөс нь өнгө зүс сайжруулахаас гадна хорт хавдар, хаван, хүүхдийн элэгний тамир муудсан, ходоодны өвчин, халуурах, манарах өвчинд тустай. Архаг чанартай шамбарамд зэрлэг гахайн мах хоёр жинг чацарганатай хольж, хуурч идэх, мөн шөл гаргаж идвэл тустай. Зэрлэг гахайн мах нь өвчинд тустай. Тиймээс жижиглэж чанаад уулгана. Элгийг нь зөв хатааж, нунтаглан буцалсан усанд хийж, элэгний өвчин анагаахад ашиглана.

Баавгайн цөс

Хүрэн баавгайн зөв хатаасан цөс  асар их эрдэмтэй гэж ярьдаг. Цөс нь дээд хэсгээрээ нарийнхан бөгөөд хөндий голтой. Доод хэсэг нь бөндгөр бүдүүн. 10-20 см урт. 5-10 см өргөн. Зарим нь хавтгай хэлбэртэй. 0,5-1,5 см зузаан, өнгөн тал нь буурал хүрэн, харавтар хүрэн буюу улбар шар өнгөтэй, өчүүхэн үрчлээстэй. Цөсийг  нь өнгө байдлаас нь үндэслэж зэс цөс, алтлаг цөс гэж ярих нь бий. Бас төмөрлөг ногоовтор эрээн цөс гэж нэрлэнэ. Хэрэв агнаж авбал цөсний уутыг тэр даруйд нь огтлож аваад амсрыг нь чанга боож, гадар өөхийг нь хусаж янзлаад, салхи нэвтрэх сүүдэр газар өлгөн хатааж, цөсний уутыг модон хавчуураар хавчиж хавтгай болгон хатаана.

Өвчин анагаах эрдэм нь

Судасны сүвийг боож, цусыг зогсоох шар дарах хараа сайжруулах шинэ мах түрүүлэх тул хамраас цус гарах, цусаар суулгах, нүдний дотор цус хурах өвчнийг эмчлэхэд тустай. Ходоод элгэнд бэтгэ тогтож, цөс гадагшаа цалгиж, цөсний ам алдран шараар бөөлжих, суулгах зэрэг өвчинд хэрэглэнэ. Цөс өвс, цагаан дэгд, алтан цэцгийн үр, цагаан жалцав зэрэгтэй хавсруулж баавгайн цөс 7-д голлогч эм болгож хэрэглэнэ. Заар, манчин, барагшуун, шар гаа зэрэгтэй хавсруулж цөс судсанд гүйсэнд хэрэглэнэ. Хар гавар-10 дээр үүнийг нэмж, цөсний ам цалгисан хүйтэн шарын өвчинд хэрэглэнэ. Шарыг дарж, хараа сайжруулах үүрэгтэй тул шараас болж нүдний цагаа, нүдний үүл, нүд бүрэлзэж бүрхсэн зэрэгт их тустай.  Эргэсэн мах, судас тасарсан шарх, шархны ам хөндийрөх зэрэгт сайн. Шар дарах, таслал суулгахыг зогсоох үйлдэлтэй тул гэдэс олгойд нян халуун дэлгэрч өвдөж хатгуулах, усаар суулгаад байвал тэмээ, хөх, улаан үндэс, мэхээр балгитай хавсарч хэрэглэнэ.

Шар дарах үйлдэлтэй тул элэг муудсан, элэг том болсон, сувагт унасан элгэний өвчин, гол хөших элэгний өвчинд барагшуун, гоёо башгатай хавсарган барагшуун 5-д хөл болгож, барагшуун, зараатай найруулж хадан Хайлмал-9-д хөл болгож ашиглана. Баавгайн цөсөнд хүчил, давсны төрөл, цөсний будагч  эд агуулагдаж байдаг. Эм зүйн талаас үзвэл баавгайн цөс нь зууралтыг тавиулах үйлдэлтэй бүтээгдэхүүн юм. Миний хувьд элэгний Их Тан-25 зохих хэмжээний хольж ууж амжилт олсон.

Баавгайн доньд буюу зэрлэг гахайн донид, эсвэл хүдрийн заарын аль нэгээс 10 пун буюу нэг цэнг хонины сүүл, шар тосонд уусгаж хүйсний нүхэнд хийнэ. Өдөрт нэг удаа буюу долоон удаа хэрэглэж болно. Баавгайн буюу зэрлэг гахайн цөсний аль нэгийг буцалгаад хөргөсөн усанд цагаан будааны хэмжээгээр хийж, уусгаад өвчний байдлаас шалтгаалан уух хэмжээг  тогтооно. Тухайлбал, элэгний судасны өргөсөлттэй бол эхний гурван өдөр дараалан хэрэглэж, цаашид гурав хоногт нэг удаа, долоо хоногт нэг удаа, 14 хоногт, сард, улиралд, жилд нэг удаа хэрэглэнэ. Дээрх арга нь аливаа аюулт өвчний хорыг авах, өвчний нянг эвдэх талд тусална.

Сойр

Биеийн тамир тэнхээ алдагдсан, удаан хугацаагаар өвдөөд тамиргүй болсныг засахад сойр хоёр гурвыг бариад махыг нь давсгүй чанаад шөлийг нь ууна. Эсвэл махыг нь хатааж байгаад хэрэглэнэ. Шар усан өвчин эмэгтэйн өвчнийг засахад сойрын хатаасан махыг удаа бүрт нэг цэнгээр өдөрт хоёр удаа буцалгасан усаар даруулан уулгавал их сайн. Хатиг, хавдрыг сойрын баасаар шавж эдгээдэг.

Эх сурвалж: hiub.mn

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …