Энэ явдал Өмнөгөвь аймгийн өмнө хэсэгт болжээ. Өвөл маш хүйтэн болж, газар дэлхий цасанд дарагдан өвс ногоо муу хэдэн мал нь идэх юмгуй айл хунар байж суухын аргагуй зутарч эхэллээ. Бүл чадал сайтай айлууд нь нүүдэл хийж газрын харыг бараадан нүүсэн ба нэгэн залуу жирэмсэн эхнэрийн хамт хэдэн малтайгаа хоцрохоос өөр аргагүйд хүрсэн байв. Цаг хугацаа өнгөрч эхнэр нь ч төрөн хүүтэй болж, хүйтний эрч арай зөөлөрч хаврын сартай золгоход цөөхөн хэдхэн мал үлдсэн байсан ба зуданд ихэнхийг нь тавиад туусан байлаа.
Нэгэн өдөр гэрийн эзэн тэнгэр гайгуй болохоор ойр хавийнхаа газрыг сониучлан гэрээс нэлээд хол дов толгодоо тойрон явж нэгэн уулын ам өгссөн хавцлын эхэнд ирэв. Хавцлыг даган өгстөл ам нь нэлээд нарийслаа. Гэтэл яг тэр нарийссан хэсэгт хэдэн бэлтрэг байсан ба тэд маш туранхай үнэхээр өлссөн хоолгуй удсан бололтой байжээ. Өлөгчин эх чоно нь тэр үед байсангуй. Залуу гэртээ эргэн ирж эхнэртээ энэ тухай сонирхуулан ярьтал Эхнэр нь амьтан хүн ялгаа юун тэр өлссөн бэлтрэгнүүдэд гадаа буй зуднаар үхсэн мальн сэгнүүдийг хэсэглэн хувааж аваачиж өгөхийг санал болгожээ. Залуу ч сэгээ даахаараа шуудайнд хийж бэлтрэгнүүдийн ойролцоо хавцал руу аваачиж хаядаг болов. Цаг хугацаа ч арай наашилж гаднах сэгээ ч зөөж дуусах үед бэлтрэгнүүд ч сүрхий хөдөлгөөнд оржээ. Нэг өдөр хавцал руу дөхөөд очтол нөгөө хэдэн бэлтрэг эх чоно бүгд байхгүй болсон байлаа.
Нэлээд хэдэн хоногийн дараа шөнө дунд унтаж байтал гэнэт л гэрийнх нь гадаа эргэн тойронд нь чоно улилдан, хашаан дахь зуднаас үлдсэн хэдэн хонь ямаа нь үргэж, эхнэр нөхөр хоер гарахаас ч айн хэзээ хаалга зад онгойн чононууд ороод ирэх бол гэхээс сүнс нь зайлах дөхжээ.Нөхөр нь эхнэртээ уурлан чамаас л боллоо, хэдэн малын сэг аваачиж үхэх гэж байсан хэдэн бэлтрэг тэжээж, өөрсдөө сүүлдээ бариулдаг байжээ хэмээн үглэн эхнэр хүүхдээ тас тэврэн орж ирэхийг нь хүлээн хэвтэнэ. Гэтэл чононууд гэр тойрч баахан улилдан байснаа чимээгүй болчихов. Гарч харахаас айн хэвтсээр нэг мэдэхэд нам унтаж өглөө болсон байлаа.
Шөнө болсон явдлаа санан эхнэр нөхөр хоер нөгөө хэдэн хонь ямаа ч дууссан байх аа гэсээр гэрээсээ хамтдаа гартал хэдэн мал нь хашаандаа бүрэн байна гэнэ. Тэгтэл хашааны баруун өнцөгт нэгэн хар нүдэн шинэ гарсан охин хурга байхыг хараад мэл гайхав. Өөрсдийнх нь биш.Чононууд л хурга зууж ирсэн болж таарлаа. Чоно ингэж Мөнхтэнгэрийн хишгээр хариу барьсныг залуу тэр үедээ ойлгосонгүй. Урин цаг ч ирж ингэж хөглөсөн нэгэн өвөл өнгөрлөө. Гэтэл дараа жилээс нь өнөөх хар нүдэн хурга ихэрлэж, жил өнгөрөх тусам тэр залуугийнх нь хар нүдэн хурганы удмууд ихэрлэн хотондоо хонь нь дүүрчээ.
Тийм л орчлон ертөнцтэйгээ нэгдсэн ухамсрын түвшинд хүрсэн учраас л би чоныг тэнгэрлэг, хийморьлог гэдэг гэж ойлгодог. Амьдралын төлөө эцсээ хvртэл тэмцэж дуусдаг. Ингэхдээ эр бяр, ов залиас авахуулаад байгалиас заяасан бvхнээ дайчилдаг амьтан бол чоно. Хvнээс дутамгvй арга ухаан сийлж, vнэгнээс ч илvv ов заль гаргадаг гээд чоно гэдэг амьтны талаар мэдэхгүй хүн бараг байхгүй. Бурхан амьтдад хүссэн нэг зүйлийг нь өгч байхад Чоно ухаан гуйж авсан гэдэг. Дараа нь хүн ирээд арга гэдэг зүйлийг авсан гэдэг домог ч бий.