УИХ-ын гишүүн асан, Эдийн засагч Р.Амаржаргалтай нийгэм эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар давж чадлаа гэж тайлбарлаж байна. Та нийгэм эдийн засгийн байдлыг юу гэж харж байна бэ?
Оны эхэнд гадаадын хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулаад болж байна бүтэж байна гээд эдийн засаг сэргэх нь гэдэг ойлголт өгсөн. Эхний хагас жилийн дүн гайгүй гарсан. Аж үйлдвэр, үйлдвэржилтийн өсөлт нь дажгүй гарсан харагдана. Гэхдээ бидний хүсэл зоригоос хамааралгүйгээр өссөн зүйл байна. Тухайлбал, нүүрсний үнэ өслөө. Хойд Солонгост пуужингуудаа туршаад, түүний эсрэг НҮБ хориг арга хэмжээ тавьсан. Тэр хориг арга хэмжээг нь хаа байгаа Хятад очиж дэмжээд, Хойд Солонгосоос нүүрс авахаа болиулсан. Энэ нь Монголын эдийн засагт шаанс гаргаж ирж байгаа юм. Үүнийг бид тооцоогүй. Ийм эдийн засгийн өсөлтийг тооцоолоогүй ч ерөнхийдөө эдийн засгийн өсөлт гарсан. Аж үйлдвэр дээр 5.3 хувийн өсөлт гарсан гэж байна. Тэр бол аягүй сайн зүйл. Одоо төрийн тогтворгүй байдал гээд шуугиан гараад ирэхээр дахиад нөгөө хөрөнгө оруулагч нар чинь болгоомжлол бий болно. Тэгээд хөрөнгө оруулагч нар чинь болгоомжлоод суучихна. Энэ нь мэдээж хэнд нөлөөлөх үү гэдэг нь ойлгомжтой. Жижиг дунд үйлдвэрлэгчид, том бизнес эрхлэгч дээр ч ялгаа байхгүй хүнд цохилт ирнэ. Тийм учраас болгоомжтой хандах ёстой.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдлаа. Энэ үйл явцыг хэрхэн дүгнэж харж байна бэ. Эдийн засаг нь аж үйлдвэрийн салбарт гэхэд 5.3 хувь өсч байгаа улсад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байсан юм уу?
Манай улсын эдийн засаг жижигхэн, унах нь амархан, мөн сэргэхээ болохоор амархан байдаг. Тэгэхээр тэр өнцгөөс нь харах ёстой. Манай улсад 5.3 хувь гэдэг өнөөдрийн хувьд том үзүүлэлт бас биш. Өслөө гээд эдийн засгийн өсөлт 2013 оных шиг түвшинд хүрч чадах уу, үгүй юу. Одоо бол хүрэхгүй л байгаа. Өнгөрсөн жил эдийн засгийн өсөлт муу гарсан. Энэ жил ч гэсэн эхний улирлын дүн муу байсан. Хагас жилээс арай дээр дүр зураг харагдаж байна.
ОУВС-ийн хөтөлбөрийн өөрийнх нь хөрөнгө оруулалт бол жаахан шүү дээ. 400 сая гаруй доллар л байгаа. Дээр нь нэмэгдээд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын банк, Хятад, Япон, Солонгосоос орж ирж байгаа. Тэр дотроос Хятадын свот гэрээгээр арай түлхүү юм орж ирж байгаа байх. Тэр орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа гурван жилд хуваачхаар аягүй жаахан мөнгө орж ирж байна. Түүнээс 400 сая доллар орж ирээд хэн ч мэдэхээргүй бага хөрөнгө оруулалт. Түүнийг нь гурван жилд хуваахаар нэг их тоож авахаар их хэмжээний хөрөнгө оруулалт биш. Бараг нэг аж ахуйн эдийн засагтай тэнцэх хэмжээний мөнгө болчхоод байгаа юм.
ОУВС-гийнхан Монголд ажиллалаа. Зарим тал дээр шүүмжлэлтэй хандсан?
Нэг сонин юм ажиглагдсан. Тэгэхээр ОУВС “Хүүхдийн мөнгийг өгөхгүй шүү” гээд үнэхээр гэрээндээ биччихсэн юм байна. Манайх түүнийг нь зөрчсөн. Зөрчсөн учир шалтгаан нь сонгуультай холбоотой. Болж өгвөл оноо авчих санаатай эрх баригч нам хүүхдийн мөнгө өгсөн. Гэтэл тэр нь тус болоогүй. Ер нь тэгээд сүүлийн хэдэн жилийн сонгууль юмыг ажиглаад байхад сонгуульд эдийн засгийн асуудал нэг их нөлөөлөөд байгаа юм алга байна. Ялангуяа сонгуулийн өмнө элдэв янзын арга хэмжээ аваад хүний саналыг худалдаад авчихна гэж худлаа юм байна.
Тэгэхээр ОУВС “Уг нь ч та нар гэрээгээ зөрчсөн л дөө. Гэхдээ одоо яахав” гээд илүү мөнгө гарвал яах байсан талаар яриагүй учраас чимээгүй өнгөрөөж байгаа байхгүй юу. Хамгийн онцгүй нь ADB (Азийн хөгжлийн банк) юу гэсэн гэхээр “Та нар зөрчсөн учраас бид хөрөнгө оруулалтаа өгөхгүй” шүү гэсэн. Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк бүгд нэг байгууллага шүү дээ. Түүнээс би юу гэж бодсон гэхээр, тэд рояалтаа хувиарлаад авчихсан юм болов уу гэж. IMF (ОУВС) ерөнхийдөө иймэрхүү мэдэн будилсан царай гаргадаг. Дэлхийн банк нь болохоор үгүй гээд суучихдаг. Тэгээд хоёр талдаа маневрлах талбай гаргаад. Цаашдаа Засгийн газар нь ямар үйл ажиллагаа явуулах нь уу, түүнээс хамаараад IMF шигээ мэдэн будлисан царай гаргаад явна. Үгүй бол Дэлхийн банк хатуу байна гээд хөтөлбөрийг зогсооё гэж магадгүй. Ийм зүйл рүү орж магадгүй гэж болгоомжлол надад төрсөн.
Мөн хоёр дахь том асуудал нь манай арилжааны банкнууд дахь активын ангиллууд дахиж хийгдэж байгаа. Чамд байгаа бүх юмнуудыг сайн муу гэдгээр нь ялгаад, хэрвээ хангалтгүй байвал татан буулгах, эсвэл дампууруулах, бүрэн эрхт төлөөлөгчөө томилох гээд ямар арга хэмжээ авч болох уу, тэр бүх арга хэмжээг авна.
БАНКНУУД БҮГД МАНАЙ УЛС ТӨРЧИДТЭЙ АДИЛХАН ЛУЙВРАА ХИЙДЭГ
Банкууд ОУВС-ийн шалгалтыг даахгүй гэж үү?
Манай арилжааны банкнуудыг шалгаад үзэхээр яг стандартыг даваад гарах банк үндсэндээ байхгүй. Бүгд манай улс төрчидтэй адилхан луйвраа хийдэг. Чамаас авсан зээлээ найдваргүй зээл байхад найдвартай гээд биччихсэн. Дүрмийн сангаасаа 20 хувь хэтрэхгүй зээлийг нэг байгууллагад олгох ёсгүй гэдэг шаардлагыг хэрэгжүүлэхгүй л явж байгаа. Танил тал, найз нөхөд, албан тушаалаараа дамжуулан активын 20 хувийг давуулан зээл олгодог. Манай арилжааны банкнууд байж болох хууль журмуудыг бүгдийг зөрччихсөн байгаа юм. Үүнийг нь цэгцлээд аваад явъя гэхээр бүх банкнууд чинь явчих гээд байгаа юм. Тэгэхээр манай банкныхан ямар асуудал гаргаж тавьдаг гэхээр “Наад шалгуур чинь буруу байна. Монголын нөхцөлд тохироогүй шалгуур” гээд өмнөөс нь тайлбарладаг. Сонгон шалгаруулалтаар активын чанарын үнэлгээ хийхээр Чех улсын “Pricewater house Coopers Česká” орж ирж байх шиг байна. Гэвч явсаар байгаад Монголын нөхцөлд тохирсон хувилбараар чанарын үнэлгээ хийлгэх байх. Одоо банкуудад хийх шалгалтыг есөн сард эхлэе гэж байгаад хойшлуулж байх шиг байна. Одоо хийхээр статистик үзүүлэлт нь муу гарчих гээд байгаа юм байна лээ. Би зөв ойлгосон бол оны эцэст шалгалт, хяналтаа хийхээр болж байгаа. Оны эцсээр санхүү тайлангаа гаргаад ирэхээд арилжааны банкнуудын үзүүлэлт арай гайгүй гараад ирэх байх. Түүн дээр нь тулгуурлаж шалгалт хийх болов уу. Яг өнөөдөр шалгалт, үнэлгээг хийчих юм бол хэцүү. Ер нь энэ чанарын үнэлгээ хийх шалгалт нь банкнуудыг цэгцэлж авах гэж байгаа бол хэрэгтэй. Гэвч өөр зорилготой, бололцоо гаргаж ирж хардаг хүмүүс байна шүү дээ.
Ямар бололцоо гаргаж ирнэ гэж?
Өнгөн талдаа банкуудыг шалгах, чанарын үнэлгээ хийх гэж байгаа юм шиг мөртлөө цаана нь юу байж болох бэ. “Энэ банк дампуурах юм байна. Энэ дээр нь орж ирчихэж болох юм байна. Надтай нэг Хятад уулзаад банкны лиценз хайгаад байсан. Энийг ашиглаж болох юм” гэж харах нэгэн байгаа. Тийм учраас маш болгоомжтой хандах ёстой.
Банкны салбар 27 жил янз бүр болсоор өнөөдрийн дүр төрхөө олчхоод байна шүү дээ. Банкны салбарыг бужигнуулаад эргээд өмч нь хэн байх юм. Хэн эзэмших гээд байгаа юм. Бизнес, улс төрийн группүүдын эрх ашигт нийцэж байгаа юм уу, үгүй юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр банкнуудад активын чанарын үнэлгээ, шалгалтыг далимдуулаад хөрөнгийн дахин хуваарилалт хийх юм руу яваад байна уу даа гэж бодол төрөөд байгаа. Одоо эрх мэдэлтэй болсон зарим нөхөд булааж авах гэсэн хүсэл байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ тийм юм болох гэж байгаа бол их хэцүү. Ер нь банкны салбарыг бужигнуулаад байх нь ашиггүй, байж болохгүй зүйл. Ялангуяа систем бүрдүүлдэг банкнуудаар оролдож огт болохгүй. Хэдий арилжааны банкнууд хууль зөрчиж байгаа ч банкнуудаар хамаагүй оролдох нь аюултай.
Гадаадын банк Монголд орж ирэхийг зөв, буруу гэж хоёр өөр байр суурь илэрхийлдэг. Маргадаг. Гаднын банк орж ирэх нь Монголын арилжааны банкуудын хүүг буулгах, санхүүгийн системийг эрүүлжүүлэх сайн талтай юм биш үү?
Улс төрийн шийдвэр дээр зөв, буруу гэсэн юм байдаггүй. Тухайн нөхцөл байдал дээрээ хүчний харьцаа хэн нь илүү байна тэр нь шийдвэр гаргаад явдаг. Улс төр дээр хэний эрх ашиг илүү давж байна тэр нь шийдвэрээ гаргаад явдаг шүү дээ.
Та өөрөө гаднын банк оруулж ирэхийг зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна уу?
Би өөрөө энэ дээр шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Ямар нэгэн байр суурь хэлэхэд хэцүү байна. Логикоор нь бодохоор нэг өөр, академик байдлаар болохоор бас нэг өөр. Тэгэхээр яг судсыг нь барьж байгаа хүмүүс өнөөгийн нөхцөлд судалгаатай шийдвэр гаргах ёстой болов уу. Түүнээс гадна популизм их явж байна. Зөв шийдвэр гаргалаа ч популизмыг давж гарах сэтгэлийн тэнхээ байна уу, үгүй юу гэдэг чинь чухал шүү дээ. Миний одоо хүсэж байгаа зүйл бол тогтвортой засаглал хэрэгтэй байна. Засаглаж байгаа бол засагласан шиг ажиллах хэрэгтэй. Тэгээд нэг эргэж буцсан биш.
Монгол Улсын Эдийн засгийг урт хугацаанд өсгөх ямар боломж байна бэ?
Урт хугацаанд эдийн засгийг харж, ямар ямар факторууд нөлөөлж байна вэ гэдэг дээр тодорхой хэдэн хариулт байдаг шүү дээ. Боловсрол мэдлэг, эрүүл мэндээ дээшлүүлэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Хоёрдугаар гол фактор нь юу вэ гэхээр бидний тод харж байгаа асуудал нь улс төрийн тогтвортой байдал. Манайх шиг оронд төрийн тогтворгүй байдал дэндүү хүчтэй цохилт өгөөд байгаа юм. Төрийн алба нь төлөвшсөн улсад Засгийн газар нь мянга солигдоход ч яадаг юм. Сайд нь ирж, явж л байхад төрийн албаны хүмүүс нь байж л байдаг. Манайд тийм юм байдаггүй. Ардчилсан нам өнгөрсөн жилүүдэд Засгийн эрхийг барьж байхад Хөдөө аж ахуйн яаманд дөрвөн сайд очиход ажилтнууд нь дөрвөн удаа солигдсон. Ямар сайндаа “Хөдөө аж ахуйн салбарт ийм бодлого баримталж байсан шүү” гэж гаднынхан ирж манайханд хэлж өгч байсан. Тэр бол нэг бодлоо инээдтэй, нөгөө талдаа гунигтай түүх. Хоёрдугаарт би нэг зүйлийг бодоод байна. Далайд гарцтай орон, гарцгүй орон гэж ярьдаг. Далайд гарцтай орон далайгаар хаашаагаа явдаг юм. Хятад руу л наймаа хийх гэж явдаг байхгүй юу. Манайд тийм шаардлага алга, хажууд байна. Энэ нэг шаансаа ашиглах юм уу, ашиглахгүй юм уу. Энийг давхар бодмоор юм шиг байгаа юм.
Нөгөө нэг сайн харах зүйл нь өмчийн эрх гэдэг асуудал байна. Өмчийн эрх гэдэг асуудлыг манайхан ерөөсөө ярьдаггүй. Чиний өмчийг хэн ч авах, булаах ёс байхгүй. Үүнийг баталгаажуулах ёстой. Өнөөдөр манайд өмчтэй байгаад жаахан өнгө ороод ирэхээр түүнийг нь төр нь ч юм уу булаагаад авчихдаг.
Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал байна?
Тийм шүү дээ. Цэвэр төрөөр далимдуулж булааж авч байгаа байхгүй юу. Хоёр субъект гэрээ байгууллаа, тэр дагуу гэрээгээ л биелүүлэх ёстой. Гадаадын байгууллагатай манай хувийн компани гэрээ байгуулсан. Гэрээнийхээ үүргийг л сайн биелүүлээд явах ёстой. Гэтэл төр нэг субъекттэй нь нийлээд булааж авч болохгүй шүү дээ.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд өсгөх, авч явах гол хүчин зүйл нь үйлдвэржилт. Монгол Улс үйлдвэржсэн орон болох ёстой. Гэтэл Манай Засгийн газар, УИХ-ын гишүүд энэ талаар ярьдаггүй. Мэргэжлийн Засгийн газар гэж байгуулагдахын оронд Үйлдвэржсэн Засгийн газар гэж байгуулаад түүнийхээ төлөө ажиллаж болдоггүй юм уу?
Үйлдвэржилт гэдэг юмыг бид юу гэж ойлгоод байгаа юм. Манайхан саяхныг хүртэл төмөрлөгийн үйлдвэр, хүнд үйлдвэрээ бариад түүнийгээ үйлдвэржилт гэж ойлгож ирсэн. Миний мэдэх хүмүүсийн бараг 99 хувь нь үйлдвэржилт гэдэг асуудлыг энэ өнцгөөс харж ярьдаг юм билээ. Нөгөө талдаа индустр гэж ойлголт байна. Аялал жуулчлалын салбар гэхэд индустр байхгүй юу. Монголд жуулчин орж ирээд билетийг нь гардуулж өглөө, хооллож ундлаад, аялуулаад хамгийн сүүлд нь сэтгэл ханамжтай нөхөр гарч ирлээ. Энэ бол үйлдвэржилт, индустр. Тэр утгаар нь ойлгож байгаа бол би хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин зөвхөн үйлдвэр, хүнд үйлдвэр, төмөрлөгийн үйлдвэрээр ойлговол буруу юм. Тэгэхээр тэнд нэг парк байгуулаад, энд нэг бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол 18-р зууны ойлголт юм. Үйлдвэрлэлийн хэрэглэлийг үйлдвэрлэх нэгдүгээр салбар, хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёрдугаар салбар гээд хоёр, гурван зуун жилийн өмнөх категориудаар манайхан одоо төсөөлөөд байгаа юм. Тэр биш. Индустр гэдэг ойлголтоор ойлгох юм бол зөв болно.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг та хэрхэн харж байна бэ?
Үндсэн хуулийн өөрчлөлтийг би хийх ёстой гэж үздэг хүн. Амьдрал дээр хараад байхад болохгүй юм бий. Гэтэл паналны юмнууд яриад байгаа байхгүй юу. “Ард түмнээсээ асууна шүү. Зөвлөлдөнө шүү” гээд. Мэдээж тэгж таараа. Тэрийг бол сүрхий ажил гэж хүний тархи угааж байгаа юм шиг ярьж хэрэггүй. Миний харж байгаагаар бол парламентын засаглалаа л бэхжүүлэх ёстой. Ерөнхий сайд нь хүчтэй, парламентын засаглалтай байх ёстой. Би энэ байр суурин дээр байж ирсэн.
Т.Амараа