Сүүлийн үед эдийн засгийн онол ярих хүн ховордож, эдийн засгийн факт ярих нь олшров. Зүгээр нэг факт хэлэх биш, харин “тоогоор зовлон тоочихоо” эдийн засаг гэдэг болов. Эдийн засгийн тулхтай анализ бүр оргүй алга болов. Ийм арчаагүй байж яаж эдийн засгаа хөгжүүлэх юм ?!
Эдийн засгийн онолгүйгээр эдийн засаг ярих бол гэмт хэрэг юм. Ингээд манай эдийн засгийн онол хийгээд сэтгэлгээ ямар түвшинд байгаа талаар зарим зүйлийг товч өгүүлэх гэсэн юм. Цаашдаа эдийн засгийн суурь онолын талаар хэд хэдэн цуврал өгүүлэл бичих санаатай. Гэхдээ загнаад солиороод байвал заавал бичих албагүй. Зүй нь үүнийг үргэлжлүүлээд, өлгөж аваад өргөн хэлэлцүүлэг болговол нэн сайнсан. Өөрснөө юу ч мэдэхгүй, хүнийг юу ч хийлгэхгүй адгийн монгол зангаа татвал зүгээр гэдгийг монголын эдийн засагчид хийгээд сэхээтнүүдэд сануулж байна.
Харрод -Домарын загвар
Рой Харрод (Roy Forbes Harrod 1900-1978) хэмээх английн нэг том эдийн засагч байх. Оксфордын Их Сургууль төгсөөд тэндээ багшаар үлдэж. Ингээд 1947-1950 онуудад НҮБ-ын ажил эрхлэлт, хөгжлийн тогтвортой байдлын дэд комиссийн гишүүн, 1952-1953 онд ОУВС-гийн эдийн засгийн зөвлөхөөр ажилажээ. 1966 онд Хармсийн нэрэмжит шагнал хүртжээ.
1956 онд “Эдийн засгийн динамикийн онол: эдийн засгийн онолын шинэ гаргалгаа хийгээд түүнийг эдийн засгийн бодлогод хэрэглэх нь” (“Towards a Dynamic Economics: Some Recent Developments of Economic Theory and Their Application to Policy”) ном бичсэн нь түүнийг дэлхий дахинаа алдаршуулжээ.
Р.Харродын “Эдийн засгийн динамик”-ыг дайны дараах кейнсийн сонгодог ажлын нэг гэж үздэг юм. Энэ бүтээлд өсөлтийн орчин үеийн онол, цикл хөгжлийн үзэл баримтлал, циклийн эсрэг зохицуулалтын онолын асуудлын үндсийг тавьсан байна. Энэ онолыг 1950-1960-аад оны практикт хэрэглэсэн нь хэсэгчилсэн амжилтад хүргэсэн гэж зарим нь үздэг.
Харрод динамик гэдэгтээ бүтээгдэхүүн гаргалтын түвшин үе үе биш, цикл биш, харин удаан хугацаанд өөрчлөгдөж байгаа эдийн засгийн төлөв байдлыг ойлгож байсан. Эндээсээ Харрод өсөлтийн баталгаатай ба жам ёсны хурдац гэсэн ойлголт гаргаж ирсэн юм. Өсөлтийн баталгаатай хурдац гэдэг бол дээд зэргийн ашиг өгөх боломжтой бүтээгдэхүүн гаргалтын тийм хурдац бөгөөд өөрөөр хэлбэл динамик тэнцвэрт байдал юм.
Харродын онолоо бүтээхдээ капиталын байнга өсөн нэмэгдэж буй хэмжээг бүрэн ашиглахад шаардлагатай орлогын өсөлтийн хурдцад гол анхаарлаа хандуулсан юм. Харрод өсөлтийн хурдац тогтмол эсэх, хэрэв жам ёсны өсөлтийн хурдац баталгаат хурдцаас хазайвал ямар засварлагч хүчин зүйлүүд байхав гэдэгт хамаг анхаарлаа хандуулсан.
Эдийн засгийн өсөлтийг яг ингэж үзсэн өөр нэг хүн нь америкийн эрдэмтэн Евсей Домар (1914) байсан юм. Энэ хоёр үндэсний орлогын өсөлт хуримтлалын норм хийгээд үндэсний орлогын капитал багтаамжаас хамаарна гэж үзэж байлаа. Ингээд тэдний онолын үндсэн дээр хийсэн эдийн засгийн загварыг Харрод-Домарын загвар гэж нэрлэж заншжээ.
Харрод-Домарын загварт эдийн засгийн өсөлтийн цорын ганц хүчин зүйл нь капитал гэж авч үзсэн ба бусад хүчин зүйлүүдийн үйлчлэл нь капиталд зангидагдана гэж үзсэн. Эндээсээ эрэлтийн өсөлт нийлүүлэлтийн өсөлттэй тэнцүү гэсэн анхдагч үндэслэл гарган тооцоогоо хийсэн.
Загварын гол санааг товчлон өгүүлбэл: цэвэр хуримтлалын хэмжээ, ялангуяа хөрөнгө оруулалтын хэмжээ их байх тутам өсөлтийн хурдац өндөр байна. Харин капитал багтаамж их байх тутам эдийн засгийн өсөлтийн хурдац бага байна.
Энэхүү загварыг байнгын, харьцангуй жигд өсөлтийг дэмжих гэж гаргасан гэдгийг зохиогчид дурдсан. Ингээд энэ загвар “өсөлтийн онол”-ын үндэс болж дэлхий дахинаа тархаж нэр алдар нь цуурайтаж, эдийн засгийн ном сурах бичгийн гол үндэс болжээ. Улмаар цаашдын бүх онол, загварууд эндээс эх үндсээ авах болсон аж. Энэ нь одоо болтол үргэлжилж байна.
Солоу-гийн загвар
Америкийн эдийн засагч Роберт Мертон Солоу (Robert Merton Solow. 1924.08.23.) мөн энэ үед өсөлтийн эдийн засгийн онол хийгээд загвар бүтээжээ. Түүнийг “эдийн засгийн өсөлтийн онолын салбар дахь суурь судалгаа” хийсний учир 1987 онд Нобелийн шагналаар шагнажээ. Массачусетийн технологийн Их Сургуулийн профессор, Гарвардад суралцаж философийн докторын зэрэг хамгаалсан, мөн Колумбийн Их Сургууль төгссөн. 1964 онд Эконометрийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, 1979 онд Америкийн Эдийн засгийн холбооны Ерөнхийлөгч, 1999-2002 онд Олон улсын Эдийн засгийн Холбооны Ерөнхийлөгч байсан. Жон Бейтс Кларкын медаль (1961), “Эдийн засаг дахь амжилтын төлөө” В.Леонтьевын медаль (2006), Ф.Сайдманы шагнал (1983), А.Смитын шагнал (1985) тус тус хүртсэн.
Солоу эдийн засгийн өсөлтөд технологийн параметрийн хувь нэмрийг харгалзсан макро эдийн засгийн загварыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл Солоу өмнөх Харрод-Домарын загвар дээр шинжлэх ухаан технологийн хүчин зүйлийг харгалзсан боловсронгуй загвар бүтээсэн юм.
Энэ нь эдийн засгийн онолд Солоугийн загвар гэж алдаршсан. Гэхдээ Роберт Солоу алдарт загвараа 1950-1969 оны хооронд бүтээсэн юм.
Эдийн засагт үүнээс арай өөр Рамсай-Касс-Купманы загвар, Мэнкюй Ромерын загвар, Вэйлийн загварууд байдаг боловч Солоугийн загвар суурь үндэс нь болдог юм.
Эдгээр бүх загварууд, түүний дотор Солоугийн загвар дэлхийн эдийн засгийн өсөлтийн шалтгааныг тайлбарлаж чаддаггүйг нь бүрэн нотлогдсон юм.
Учир нь эдгээр загваруудад хөдөлмөрийн үр ашгийн параметрийг байнга өсөх нөхцөл болгон авсан тохиолдолд л эдийн засгийн өсөлт гардаг. Бодит байдалд ийм зүйл байнга болдоггүй
“Өсөлтийн онолд” тулгуурласан америкийн эдийн засагч Э.Фелпс 1961 онд хуримтлалын алтан дүрэм боловсруулсан юм. Тэр нь: “Капиталын хуримтлалын алтан түвшин гэж нэрлэж болох нийгмийн хамгийн дээд хэрэглээ хийгээд эдийн засгийн тогтвортой төлөв байдлыг хангагч капиталын хуримтлалын түвшинд, өөрөөр хэлбэл эдийн засгийн зохистой тэнцвэртэй түвшинд капиталын орлогоос бүрэн хөрөнгө оруулсан нөхцөлд л хүрч болно” гэж сургадаг.
Онол мухардав
Онол загварууд ч яахав, ингээд хөгжөөд байж. Гэтэл практик…
Практик яг үүний эсрэгээр явсныг хүн төрөлхтөн олон жил анзаарсангүй. Хөгжингүй орнуудад ч хүн биширмээр эдийн засгийн өсөлт гарсангүй, хөгжиж буй орнуудад ч олигтой дэвшил гарсангүй. Асар их чармайлт гаргаж амжилт олсон хуруу дарам цөөн орныг эс тооцвол гайхуулах юмаар бага аж.
Эдийн засгийн өсөлт динамик биш, харин үе үе, цикл байдлаар явагдаж байгаа нь илт ажиглагдах болов. Хамгийн хачирхалтай нь баян орнууд баяжаад, ядуу орнууд ядуураад, тэр тусмаа ядуу орны тоо ихсээд байгаа зүй тогтол илт болов. Үүнийг өсөлтийн онол хийгээд загварууд яагаад ч тайлбарлаж чадахгүй болов.
Энэ талаар дэвшилтэт эдийн засагчид бодож эрэгцүүлэх болжээ. Эхэн үедээ барууны биш эдийн засагчид шүүмжлэв. Энэ нь “уламжлалт” шинжтэй байсан учраас огт тоосонгүй. Мэдээж ш дээ, муусайн социалист, коммунистууд эдийн засаг мэдэхгүй. Гэтэл байдал бишдэж, барууны эдийн засагчид гараад ирэв.
Тэдний нэг нь америкийн эдийн засагч, эдийн засгийн өсөлт хийгээд гадаад дэмжлэгийн асуудлын мэргэжилтэн Ульям Истерли (William Russell, Easterly) юм. Энэ хүн одоо Нью-Йоркын Их Сургуульд эдийн засгийн профессор, мөн энэ Их Сургуулийн дэргэдэх Судалгааны Институтыг (Development Research Institute) удирддаг. Истерли 16 настайдаа Дэлхийн Банкны судлаач-эдийн засагчийн ажилд орохын хамт Пол Нитце-гийн нэрэмжит Олон улсын Судалгааны Төвд адъюнкт профессороор давхар ажиллаж эхэлсэн гээд л бодчих.
Истерли Дэлхийн Банкинд 1985-2001 онуудад ажиллахдаа макро эдийн засгийн болон хөгжлийн онолын асуудлын зөвлөх (консультант) болж чадсан байна. Дараа нь Истерли Олон улсын Эдийн засгийн Институт (Institute for International Economics) болон Даяар Хөгжлийн Төвд (Center for Global Development) ажиллах болжээ. 2003 оноос Нью-Йоркийн Их Сургуульд ажиллаж, багшлах болжээ. Африк, Латин Америк, Оросоор нэлээд явжээ.
Ингээд 2001 онд “Өсөлтийн эрэлд: Жим дундах эдийн засагчдын адал явдал” (“The Elusive Quest for Growth: Economists’ Adventures and Misadventures in the Tropics’”) хэмээх алдарт номоо бичжээ. Энэхүү ном барууны тусламж, түүний дотор хөрөнгө оруулалт тусалж буй орондоо ч, туслуулж буй орондоо ч үр ашиггүй гэдгийг бүрэн нотолсон юм.
Үүнээс 5 жилийн дараа Истерли өөрийн онолыг улам үргэлжлүүлж “Цагаан хүний ачаа: Яагаад Барууны бусдад туслах гэсэн бүх оролдлого ийм их гай, ийм бага тус авчирдаг вэ” (“The White Man’s Burden: Why the West’s Efforts to Aid the Rest Have Done So Much Ill and So Little Good”)
Түүний эдгээр номууд Баруунд жинхэнэ шуугиан дэгдээсэн юм.
Истерли “Өсөлтийн эрэлд” номдоо гуравдахь ертөнцийн орнууд Барууны дэмжлэг байлаа ч гэсэн эдийн засгийн өсөлтөд хүрээгүй, заримдаа Барууны дэмжлэгээс болж эдийн засгийн уналтад хүрсэн гэсэн дүгнэлт хийсэн юм. Өөрөөр хэлбэл Дэлхийн II дайнаас хойш эдийн засгийн жинхэнэ шидэт эм гэж үзэж байсан эдийн засгийн олон хэрэгслүүдийн үр ашгийг тэр шүүмжилсэн юм.
“Монгол загвар”
Алдарт Харрод-Домарын загварыг бүтээсэн хоёр хүний нэг Евсей Домар 1959 онд энэ загвараасаа татгалзсан юм. Эдүгээ Харрод нь нас барж Домар үлдээд байгаа юм. Шалтгаан нь буруу, үр бүтээл багатай, бодит байдалд нийцэхгүй гэж зохиогчид нь өөрсдөө үзжээ.
Гэсэн хэдий ч бодож сэтгэх хэлэлцүүлэг, нэн ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагын практикт, мөн төлөвлөлтийн практикт одоо болтол ашигладаг байна. Шалтгаан нь орлуулах ямар ч онол байхгүй. Гэхдээ 1945 онд Харрод-Домарын загвар гарснаас хойш эдүгээ 70 жил болж байна.
Бидний ойлголтоор дэлхий ертөнц дайнаас хойш асар их өөрчлөгдсөн. Түүний дотор эдийн засаг маш их өөрчлөгдсөн. Гэтэл онол нь хуучнаараа байгаад байдаг.
Истерли дүгнэн бичиж байна: “Дэлхийн II дайны дараа эдийн засгийн шинжлэх ухаан янз бүрийн шалтгааны улмаас, түүний дотор нийгэм-эдийн засгийн хоёр системийн сөргөлдөөний улмаас хоцрогдсон улсуудын өсөлтийн асуудалд санаа тавьж эхэлсэн юм. Түүнээс хойш янз бүрийн жор туршиж, олон янзийн онол дэвшүүлж үзсэн боловч эдгээр нь бүгдээрээ практик дээр ажиллах чадваргүй байсан юм”.
Дэлхийн эдийн засгийн бодит байдлыг үзвэл өнөөдөр эсвэл баян, эсвэл ядуу орнууд олширч, дундаж орон гэж бараг алга болж байна. Өөрөөр хэлбэл “өсөлтийн онолын” амласан конвергенц (ойртох, ижилсэх үйл явц- Х.Д.Г.) явагдсангүй.
Харрод-Домарын “өсөлтийн” загвар даяар загвар учраас Зөвлөлт болон социалист бусад орнууд өргөн хэрэглэж байсан юм. Мэдээж нэрийг нь хэлэхгүй л дээ. Ингэхлээр Монголын эдийн засагчдын бүхэл бүтэн үе 1950-иад оны энэ загвараар хүмүүжжээ. Хөгшчүүд нь Харрод-Домарын загвараар, залуучууд нь Солоугийн загвараар гэвэл арай ойлгомжтой болох байх. Хамгийн инээдэмтэй нь залуучууд нь хөгшчүүдээ хоцрогдсон гэж загнаж байна. Таарсан таар шуудайнууд байж…
Ухаандаа манай Засгийн Газарт 20 мянган хувьсагч бодож загвар хийдэг баагий байдаг ш дээ. Тэр нөхөр 1950-иад оны Харрод-Домарын загварыг хэтэрхий хөгжүүлчихсэн бололтой. Хэрэв тэр нөхөр 20 мянган хувьсагч үнэхээр бодсон бол Нобелийн шагнал авах ёстой л доо. Гэхдээ Монголын эдийн засгийг унагасан гэж шагнах бол арай л сэрүүднэ…
Ийм балай эдийн засагч, улс төрчид дүүрэн болоод л Монгол Улс өрөнд ороод байхгүй юу. Ийм болохоор нь би зориуд шарыг нь гозойлгохын тулд “Монголд ганц ч эдийн засагч байхгүй” гэж байн байн хэлдэг юм. Тэгэхлээр олон хүний уур нь хүрч, уушиг нь сагсайдаг юм. Надад уурлаад яахийм ?! Наад навсайчихсан эдийн засгаа харахгүй юу ?!
Хэрэв намайг худал гэж мэтгэх хүн байвал Монголын Засгийн Газар, Сангийн Яам, Монголбанк, Эдийн засгийн гол гол байгууллагууд эдийн засгийн ямар онол, загвар баримталдаг юм бэ гээд асуу л даа. (Чшшш. Цаадуул чинь 1950-иад оны Харрод-Домарын загварыг ашигладаг юм. Бас тэрнийхээ нэрийг ч мэддэггүй юм…Х.Д.Г.)
Энэ асуултад хариу өгөх эдийн засагч, улс төрч сэхээтэн Монголоос тун цөөн гарна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ асуултад шинэ үеийн шинэ эдийн засагч, улс төрчид хариулна. Тэд эдүгээ боловсорч бэлэн болоод байна…
Одоо Та Монголын эдийн засаг яагаад хөгждөггүй вэ гэсэн асуултад хариулж чадах боллоо…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 03 дугаар сарын 15
Эх сурвалж: ganaa.mn