Их хөлгөний оргил судруудын нэг “Жадамба”-ыг шинэ цагийн монгол хэлнээ дуун хөрвүүллээ гэж орчуулагч Л.Алтангэрэлийн хөдөлмөрийн монголын ард түмэн, тэр дундаа модернист зохиолч Г.Аюурзана их л баяр болж, өмнөтгөлийг нь хүртэл бичиж байсан цаг саяхан.
Тэгвэл, энэ хөлгөн судрын эх хувь, хар цаасан дээр алтан үсгээр өрж, есэн эрдэнээр чимэглэсэн түүх, соёлын их өв маань АНУ-ын онлайн худалдааны e-Bay.com дээр зарагдаж байгаа тухай цахим ертөнцөд шуугиан тариад байна.
Тодруулбал, өчигдөр e-Bay онлайн дэлгүүрт 29 мянган ам.доллараар зарахаар Жадамба судар хууль бус аргаар хил давсан хэмээн энэ төрлийн өв соёлын тухай мэдээлэл цуглуулдаг нэгэн эрхэм Фэйсбүүк хуудастаа бичжээ.
Монгол лам нарын гараар бичиж, зохиосон хар цаасан дээр алтаар бичигдсэн хуучны судар маш ховор байдаг төдийгүй зарим эх сурвалжийн хэлснээр 20 гаруй жил иймэрхүү судрыг гадагшаа зөөх болсон аж. Эдгээр ном, судрыг төвд судлаач, төвд эрдэмтэд гадагшаа зөөдөг гэх сураг байна. Тэдний хилийн чанад руу гаргасан судрын тоонд ганцхан хувь барлагдсан байдаг монгол ламын Чойрын номууд байх магадлал тун өндөр байгаа тул үүнд анхаарлаа хандуулахыг холбогдох газруудаас хүссэн байна.
Тэгвэл, төрийн удирдлагууд маань тамхины цэг мэтийн зүйлд 300 сая төгрөгөөр ашиглагддаггүй цэг байгуулж байхаар өв соёлын үнэт өвдөө анхаарлаа хандуулж эхний ээлжинд “Жадамба” судраа худалдаж авах, мөн яаж тэнд хүртэл очсоныг тодруулж, нөхөн төлбөр авах, дараагийн ээлжинд ийм түүхийн үнэт өвөө бүртгэлжүүлэх, хадгалж хамгаалах ажлыг шуурхайлах шаардлагатай байна.
Б.Хишигдэлгэр