Ю.Н.Кручкин: Би ном уншдаггүй хүнтэй харьцахыг хүсдэггүй, танай дээд зиндааныхан дунд ном уншдаггүй сайд ч бий
Аюур саяхан Москвагаас иржээ. Ээж, дүү нь тэндээ амьдарч буй юм байна. Энэ гэр бүлийнхэн бүгдээрээ шахам Монголд ирж байсан түүхтэй. “Би залуудаа их томоотой байсан. Орос охинтой үерхэж ч амжаагүй Монголд ирсэн. Тэгээд монгол эхнэр авсан даа” гэхээс өөрөөр хувийн амьдралынхаа талаар ганц үг ганхийх дургүй тэрээр 1958 оны нохой жил ОХУ-ын Саратов мужийн 6000 хүнтэй жижигхэн тосгонд төржээ. Нэрт монгол судлаач Ю.Н.Кручкин тэр тосгонд 17 нас хүртлээ амьдарч, арван жилээ алтан медальтай төгссөн байна.
ДИПЛОМАТ АЛБАНААС “УРВАСАН” МОНГОЛ СУДЛААЧ
Түүний төрж өссөн тосгонд Халх голын дайнд оролцож байсан дайчид амьдардаг байжээ. Тэд Г.К.Жуков, А.И.Плиев генералын тухай сонирхолтой дурсамж хүүрнэдэг, сонин зүйл их ярьдаг байж. Мөн тухайн үед нэр алдартай судлаач эрдэмтдийн Монголын тухай бичсэн баримт материалуудыг их уншдаг байсан нь ирээдүйн ажил мэргэжлээ сонгох хөрс суурь нь болсон болов уу. Магадгүй хувь тавилангаа ч гэж хэлж болно байх. Тэр үед хамгийн сонирхолтой нь эгэл жирийн хувь хүмүүс байжээ. И.В.Сталин, Х.Чойбалсангийн үед Монголд ажиллаж амьдарч байсан хүн ч олон байж. Харин одоо тухайн үеийн нэр алдартай, сонин содон зүйл их ярьдаг хүмүүсээс асууж амжаагүй зүйл олон байдагт харамсдаг аж.
Уг нь тэрээр 1975-1981 онд Москвад Олон улсын харилцааны дээд сургуулийн олон улсын харилцааны ангид суралцаж дээд боловсрол эзэмшжээ. Ингээд 1981 оны сүүлчээр Монголд ирээд Эрдэнэтэд ЗХУ-ын Ерөнхий консулын газарт 1983 он хүртэл ажилласан. Дараа нь Улаанбаатарт 1992 он хүртэл ОХУ-ын ЭСЯ-нд ажилласан байна. Өөрөөр хэлбэл, дипломат албанд 10 жил ажилласан туршлагатай тэрээр өөр нэг улс дахь ЭСЯ-нд ч ажиллаж болохоор байсан санагдана, хөндлөнгийн нүдээр харахад. Харин мань эр тэгсэнгүй тэс хөндлөн замыг сонгожээ. Магадгүй зарим хүний хувьд ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй монгол судлаачийн жимийг өөртөө нээж, 20 гаруй жилийн турш энэ ажилдаа чин үнэнчээр зүтгэж явна. Түүний гол бүтээлийг дурдвал “Монголын тухай нэвтэрхий толь бичиг” юм. Үүнийгээ ч сүүлийн үед маш идэвхтэйгээр шинэчилж байгаа. Мөн Ялалтын баярын 70 жилийн ойд зориулж чамлахааргүй их ажлыг амжуулжээ. Тухайлбал, Монголын нутаг дэвсгэрээс цэрэгт мордож, Эх орны аугаа их дайнд оролцсон орос, буриад, монгол 3000 хүний тухай баримтат номыг бичсэн байна. Үүнээс гадна “Монгол-Орос толь бичиг”, “Орос-Монгол толь бичиг” нь 15 удаа Улаанбаатар, Москва, Сөүл, Хөх хотод хэвлэгдсэн байдаг. Орчуулгын олон бүтээл бий. Ер нь энэ хүний автортай 60 гаруй ном байдаг юм билээ.
“АРАВДУГААР ЗЭРГИЙН ХҮН”
Хоёр орны харилцаа болон монгол судлалыг хөгжүүлэх, түүх, соёлыг сэргээх, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон жил ажиллаж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан тэрээр “Монгол судлал маш хэцүү байна. Хамгийн доод цэгтээ хүрлээ” хэмээн жинхэнээсээ санаа зовнидог цөөхөн хүний нэг. Заримдаа эгдүү нь хүрэхээрээ “Үүнээс өөрөөр доошоо унах боломжгүй тул одоо санаа зовох хэрэггүй” хэмээн ёж үг шидчихдэг гэж байгаа.
Орост ч бай, Монголд ч бай ер нь хаана ч зарим хүнийг өргөмжлөөд нэгдүгээр зэргийн монгол судлаач гэж ярьдаг. Харин тэрээр өөрийгөө “Би хоёр, гуравдугаар зэргийн хүн” гэнэ. Хүмүүс үүнийг яагаад гэж лавлах нь ойлгомжтой. Гэтэл тэрээр “Нэгдүгээр зэргийн хүн олон байгаа шүү дээ. Өөрсдийгөө ингэж бодож байгаа болон бодуулж байгаа хүмүүс бий. Тэдэнтэй зууралдаад яахав. Хамаагүй, би аравдугаар зэргийн ч хүн байж болно” хэмээн тайлбарладаг юм билээ.
Харин тэрээр “Монголчууд хэн нэгэнд хөшөө босгох хэрэгтэй гэж үзвэл би хамгийн түрүүнд Л.Н.Гумилевийг нэрлэнэ. Мөн И.А.Ефремов, тэгээд А.И.Плиев генерал байна даа. Энэ хүмүүс маш богино хугацаанд дэлхийн хэмжээний гавьяа байгуулсан. Тухайлбал, манай академи ирэх онд Иван Ефремовийн судалгааны экспедицийн 70 жилийн ойг тэмдэглэхэд хувь нэмрээ оруулна. Одоо хүмүүс зарим нь мэдэхгүй, нөгөө нь ойлгохгүй байж магадгүй. Гэтэл өнгөрсөн зуунд хүн төрөлхтөний сэтгэлгээнд хамгийн ихээр нөлөөлсөн гурван хүний нэг нь И.А.Ефремов. Өөрөөр хэлбэл, энэ хүн бас Монголтой холбогдсон байна. 1936-1949 онд энд палентологийн шинжилгээ судалгаа хийсэн. Өмнөговийн үлэг гүрвэлийн ясыг анх И.А.Ефремов илрүүлсэн шүү дээ. Дараа нь хэд хэдэн алдартай ном зохиол бичсэнийг эрдэмтэн судлаачид андахгүй” гэв.
“АРТЕК”-Т АМРАГЧДЫН ХАЙРЛАСАН НЭР
Ю.Н.Кручкин “Артек” зусланд гурван жил монгол хүүхдүүдтэй ажиллаж байсан бөгөөд Монголоос 1000 гаруй хүүхэд амарчээ. Дашрамд өгүүлэхэд, 1922-1937 онд Монголд ажиллаж байсан П.Н.Шастин эмч ч “Артек”-д ажиллаж байжээ. Тэрээр Монголоос шууд “Артек” руу очоод 15 жил буюу бурхан болтлоо ерөнхий эмч хийсэн юм билээ. Харин нийтлэлийн маань баатар ““Артек”-т амарч байсан хүүхдүүд эхлээд Юра сүүлдээ амарханаар нь Аюур гээд дууддаг болчихсон” хэмээн монгол нэрийнхээ тухай гэгээн дурсамж сөхлөө.
Түүний хувьд Москвад сургуульд төгсөөд хэдхэн сар Гадаад яаманд ажиллаад шууд наашаа иржээ. Ажил нь ч маш сонирхолтой санагддаг байж. Ер нь Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн дунд нэр алдартай олон хүн байсан нь цэл залуухан Юрад ч нөлөөлсөн биз.
Сүүлийн үед Дэлхийн II дайны холбогдолтой түүхэн баримтууд дээр нэлээд ажиллаж байгаа. Энэ нь олон улсын хэмжээний ажил болох шинжтэй. Түүний анх удаа тэмдэглэсэн цагаан сар 1982 онд “Нэгдэлчдийн баяр” нэртэй байлаа. Хөдөөний хүмүүсийн хувьд энэ нь байж болох, ямар нэгэн хохирол дагуулах баяр биш. Тэрээр “Нутгийн хүмүүс жилдээ нэг удаа уулзах нь хэн хэндээ хэрэгтэй. Би шүүмжилж байгаа юм биш шүү. Монголчууд дээд, доодгүй бүгдээрээ л мэдэж байгаа. Хоёр, гурван сарын цалингаа аваад Эрээний худалдаачдыг л баяжуулдаг. Үүнийг бүгдээрээ эргэж нэг бодох цаг болсон. Монголд ямар нэг суурин хот тосгон байхгүй байх үед энэ баяр гарч ирсэн. Гэтэл одоо цагаан сарын үеэр гадагшаа нисэх онгоцны билет олдохоо байчихдаг. Томчууд, баячууд бүгдээрээ зугатаачихдаг гэдгийг та бид бүгдээрээ л мэдэж байгаа. Дараа нь Хайнаньд, Хонкгонкд ажилтай байлаа гэж цайруулдаг. Энэ нь тэдний ч буруу биш” хэмээн үзэл бодлоо хуваалцав. Монголчууд өөрсдөө үүнийгээ шударгаар тунгаах хэрэгтэй. Хэр тааруухан байсныг нь хорголоо тооллоо, хэт өгөөмөр загнавал баярхлаа гээд л эхэлдэг шүү дээ, үнэндээ.
АЮУРЫН ФИЛОСОФИ
Англи, Герман, Америкийн судлаач ч юм уу эсвэл Монголыг сонирхож яваа европын жуулчид “Би наадамд дуртай”, “Бөхийн барилдаан үзэх дуртай”, “Монголын үндэсний хөгжим тоглох дуртай”, “Би Монголд хайртай” гэх мэтээр ярьдаг. Харин тэр ингэж ярьдаггүй. Гэхдээ бөхчүүдийг маш сайн мэддэг юм билээ. Үндэсний бөхийн аваргууд төдийгүй сумод нэр алдраа дуурсгасан монголчуудыг ч таньдаг. Гэхдээ бөхийн хорхойтой биш. Үүнийгээ ч “Би манж үг хэлэхгүй” хэмээн ил тод тайлбарладаг.
Монголчууд уламжлалын хувьд маш олон зүйлээ хадгалан үлдэж чадсан. Үүнийг ч тэрээр анзаарч мэдэрдэг юм билээ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудтай харьцуулбал монголчууд бүгдээрээ монгол хэлтэй. Ю.Н.Кручкин гучин жилийн турш Монгол Улсын иргэн байж монгол хэлээ мэдэхгүй хоёрхон хүнтэй таарсан гэнэ. Харин Казахстан, Узбекстанд хүн амын тал хувь нь эх хэлээ мэддэггүй аж. Гэхдээ санаа зовох зүйл байгаа нь мэдээж. Тухайлбал, залуучууд англи хэлтэй гэж ярьдаг. Гэтэл тэрээр монголчуудыг мундаг сайн гадаад хэлтэй болсон гэж боддоггүй юм байна. Залуучууд англи хэл сурч байгаа нь сайн зүйл ч үнэндээ ойр зуурын хэрэглээнд амиа аргацаах төдий нь үнэн. Яагаад гэвэл өнөөдөр орос, англи хэлний сайн орчуулагч олддоггүй.
Интернэттэй болсноос хойш хүмүүсийн боловсрол, мэдлэгийн хүрээ маш сонин хөтөлбөр, өөрчлөлтөд орсон. Цахимжихаас өмнөх үеийнхэн нэг мэдээллийг олж авахын тулд номын санд очоод хэдэн цагаар суух хэрэгтэй болдог байсан. Харин одоо ганцхан минутын дотор л интернэтээс өөрт хэрэгтэй мэдээллийг татчихаж байна. Энэ нь хэлбичгийн алдаа гарахад нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр дэлхийн хаа сайгүй л ийм асуудалтай тулгарч байна. Тиймээс нийгэмд мэдлэг, туршлагатай хүмүүс хэрэгтэй.
Студневын аав Халх голын дайнд амь үрэгджээ
Тэрээр “Орчуулагчдын хөдөлмөрийг үнэлж чадахгүй байна. Орчуулгын номнуудыг авч үзэхэд социализмийн үед боловсрол эзэмшсэн орчуулагчдаа гүйцэхгүй л байна шүү дээ. Тухайн үед яруу найргийг ямар сайхан орчуулдаг байлаа. Одоо 10-аад хүн л ном орчуулж байна. Шуудхан хэлэхэд жаахан болхи талдаа. Иймэрхүү байдлаар цааш явах нь аюултай. Албан ёсны арга хэмжээнд 1-2 удаа буруу орчуулахад маш том хохиролд хүргэдэг. Жишээлбэл, “Алтан Дорнот” компанийн С.В.Паушокийн олон асуудал юунаас болж үүссэн бэ. Дандаа л орчуулгын алдаа шүү дээ. Заамарын алтны уурхайд нутгийн хүмүүстэй зодоон, мөргөлдөөн болж байсан нь Ашигт малтмалын тухай хуулийг буруу, тэгээд дутуу орчуулж өгсөнөөс л болсон. Өөрөөр хэлбэл, хэдэн зуун ам.доллар өгөөд янз бүрийн хүмүүсээр газар дээр нь орчуулга хийлгэсэн болдог. Нөгөөдүүл нь салбараа ч мэдэхгүй, учраа ч олохгүй, бушуухан хэдэн төгрөг аваад зугатаахаа бодох юм. Түүнээс биш хожим хойно ямар асуудал үүсэх вэ гэдэгт тэд хариуцлага хүлээдэггүй. Одоо гэхэд л Тавантолгой дээр яг ийм асуудал үүсчихээд байгаа. Англи, монгол хэл дээрхи текстүүд хоорондоо зөрчилтэй байна шүү дээ” хэмээн нөхөрсөгөөр сануулав.
Мөн “Өнөөдөр Монголын дээд зиндааны хүмүүс буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод тэдний үеийнхэн тодорхой хэмжээгээр гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс байдаг л даа. Одоо тэднээс хойшхи үеийн арай нас залуу хүмүүс хамарт ч үгүй, аманд ч үгүй боловсрол, мэдлэгтэй байгааг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь дээд зиндаанд очсон тодорхой мэдлэг, боловсрол, мэргэжилтэй болсон хүмүүс залуучуудаа жаахан хөгжүүлж додомдох ёстой” гэж тэр үздэг.
Оросууд II Николайг ямар дайнд оролцож, ямар ордон бариулсан тухайг нь биш огт өөр нэг л зүйлийг маш сайн мэдэж, дурсан санадаг. Тэр насаараа хэдэн зохиолчдод одоогийн хэлээр санхүүжүүлэлт хийдэг байжээ. Жишээлбэл, зохиолч Н.В.Гоголь насаараа цагаан хаанаас тэтгэлэг авчээ. А.С.Пушкиний бүх өрийг тэглэж төлсөн түүхтэй юм байна. Хүмүүс түүнийг нь үеийн үед дурсан санаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын олигархиуд, баячууд өнөөдөр хурдан адуу худалдаж авч, өндөр зэрэглэлийн хаус бариулдаг ч 5-10 жилийн дараа түүнийг чинь хэн ч санахгүй. Харин ямар нэгэн байдлаар оюуны салбарт хөрөнгө оруулалт хийвэл тэр хүмүүс чинь эргэн дурсах болно гэсэн “шпи”-г өглөө дөө, Аюур.
Түүнд нэг сонин зуршил бий. Айлд орохоороо номын шүүгээ хайгаад байдаг. Үүнийгээ “Би ном уншдаггүй хүнтэй харьцахыг хүсдэггүй. Юугаа ярих юм бэ. Танай дээд зиндааныхан дунд ном уншдаггүй сайд хүртэл бий шүү дээ. Тийм хүнийг би шууд л орхиод гардаг. Гэхдээ бүгдээрээ тийм биш. Зарим нь маш сайн уншигчид байдаг” гэж тайлбарлана билээ.
Орост болсон престройка Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлж ардчилсан нийгэмд шилжих үед хоёр улсын харилцаа сэвтэж, хоорондоо таагүй болсон гэж үздэг хүмүүс бий. Гэтэл тэрээр үүнийг улс төрийн асуудал байсан. Түүнээс биш орос хүмүүсийн эсрэг, тэднийг үзэн ядсан турхиралт байгаагүй. Иймэрхүү зүйлийг ч мэдрээгүй өнгөрсөн гэдгээ хэлдэг. Харин хамгийн том дутагдал, бараг нүгэл ч гэж хэлж болох зүйл нь “Бид бие биеэ танихаа больсон явдал” гэж тэрээр ярьж байна. Ялангуяа 18 орчим жил визтэй байсан нь Монгол, Оросын эгэл жирийн хүмүүсийн харилцаанд нөлөөлсөн. Үүн дээр Оросын талаас ч, Монголын талаас ч хэн ч хариуцлага хүлээгээгүй. Гэтэл визтэй болсоноор зөвхөн эдийн засгийн томьёогоор ярьвал хэдэн тэрбум ам.доллар алдсан. Хэрэв харилцаа сайн хэвээрээ байсан бол Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс хамаагүй дээр байх байжээ. Энэ бол хоосон яриан дээрээс гарсан таамаглал биш юм. Монгол, Оросын том эрдэмтдийн гаргасан судалгаа аж.
Ю.Н.КРУЧКИНИЙ ГАРГАСАН “ЗУРХАЙ”
Үүнээс гадна Монголд ойрын 2-3 жилд маш сонин үйл явдлууд болно. Үе залгамжлах уу, үгүй юу гэдэг асуудал үүснэ. Одоогоор Монгол Улсын дээд зиндаанд бизнес, улс төр болоод бусад салбарт дандаа ардчилсан хувьсгалын үед гарч ирсэн хүмүүс байгаа. Үүнд нам хамаагүй. Ардын нам, Ардчилсан нам, Иргэний зориг намд ч тэр бүгдээрээ ойролцоо насны нэг үеийнхэн байна. Хүссэн ч, хүсээгүй ч хэдэн жилийн дараа зарим нь тэтгэвэрт гарч, зарим нь яваад өгөхөөр цоо шинэ үеийнхэн гарч ирнэ. Тэд одоогийн УИХ-ыг яаж эмхлэх вэ. Ард түмэн яаж хүлээж авах вэ гэдэг нь сэтгэлгээ, эдийн засгийн хувьд ч гэсэн маш том үйл явдал болно гэж тэрээр хардаг. Түүний гаргадаг гол номын нэг “Монголын тухай нэвтэрхий толь бичиг”-т газар ус, томоохон үйл явдал, хэдэн мянган хүний намтар ордог. Гэхдээ түүнд нэг зарчим бий. Одоо өндөр албан тушаал хашиж байгаа хүний намтрыг бичих биш харин ирээдүйд Монголд хэрэгтэй хүмүүсийн тухай, ялангуяа залуучуудын тухай нэлээд материал оруулдаг юм билээ. Хамгийн гол нь саяхан Засгийн газар солигдоход шинээр гарч ирсэн сайд нь бүгд түүний номд багтсан байх юм. Ном бичиж байх үед тэд сайд болоогүй байсан. Гэхдээ тэрээр энэ залуусыг ирээдүйд Монголд хэрэгтэй хүмүүс юм болов уу гэж бодоод намтарыг нь номдоо оруулжээ.
Мөн түүний эрхлэн гаргадаг, монгол хэлээр ч хэвлүүлсэн “Дэлхийн улс орнууд”-д сонирхолтой судалгаа бий. Нэг хуудсан дээр нь дэлхийн хамгийн сайхан амьдарч байгаа улс орнууд, нөгөө хуудсан дээр нь дэлхийн хамгийн их ном уншдаг улс орнуудын жагсаалтыг гаргаж, харьцуулж үзээд өөрөө ч гайхжээ. Хамгийн сайхан амьдарч байгаа Норвеги хамгийн их ном уншдаг юм байна. Дараа нь хамгийн сайхан амьдарч байгаа Шинэ Зеланд бас хамгийн их ном уншдаг юм байна. Яг үүнтэй адилхан хамгийн муухай буюу ядуу амьдарч байгаа улс орнууд хамгийн бага ном уншдаг. Тиймээс Монголын залуучуудыг ийм л судалгааны баримтыг сонирхон үзэж, үүнд тулгуурлан дүгнэлт хийж амьдараасай гэж хүсч байгаагаа нуусангүй. Бүх зүйлийг интернэтээс татаж, хуулбарлаж болохгүй гээд л сануулаад байв. Өөрөөр хэлбэл, тархиа яаж хөгжүүлэх вэ гэдгээ бодолцох хэрэгтэй гэсэн үг.
АШИГТ МАЛТМАЛ БИШ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ
Жуулчид, ялангуяа европынхон манж үг хэлэх дуртайг дээр дурдсан. Тэдэнд сайн гэдэг үг байхгүй. Гайхамшигтай, тэгээд сонирхолтой л гэж хэлнэ. Гэхдээ энэ нь жуулчны үйлчилгээний тухай ярих, эргэж харах асуудал олон байгааг далдалж чадахгүй. Гэтэл Монголд маш их боломж бий. Тэрээр энэ үзэл бодлоо 10-аад жилийн өмнөөс л бусадтай хуваалцаж ирсэн байдаг. Ашигт малтмалаа бодож байж болно. Гэхдээ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд илүү анхаарал тавьж, санаачлагатай хандах хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, Хятадад жилд 50-60 сая гадаадын жуулчид очдог. Тэднээс ядаж нэг сая нь Монголд орж ирээд сонирхсон зүйлээ үзэж хараг л дээ. Ингэвэл танай эдийн засагт нэмэртэй. Би хуучин Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хүмүүсээс асууж байлаа гээд л энэ сэдвээр ам халвал цаашаа явж өгнө. “Та нар ямар хүнийг жуулчин гэж үзэж байна вэ” гэж асууж л дээ. Тэднээс нэг нь “Монголын нутаг дэвсгэр дээр 30-аас илүү цаг байсан хүнийг жуулчин гэнэ” гэж хэлжээ. Наушикаас Замын-Үүд хүртэл галт тэрэг 30 цаг явж байгаа. Өөрөөр хэлбэл, Бээжингээс Москва, Москвагаас Бээжин рүү явж байгаа бүх хүнийг та нар автоматаар жуулчин гэж тооцдог. Гэтэл тэд жуулчид биш зорчигчид. Галт тэрэг, вагоноосоо огт буугаагүй хүн Монголоор яаж аялсан байх вэ. Сайндаа 40 минут вокзал дээр буугаад мордоно. Хэрэв ийм сэтгэлгээтэй байвал Монголд жинхэнээсээ жуулчид орж ирэх үү, үгүй юу гээд л.
Гадаад хэл дээр олон ном товхимол, сонин сэтгүүл гаргах хэрэгтэй. Ямар ч мөнгөн дүнтэй байсан хамаагүй үүн дээр эхэлж зардал гаргавал зохино хэмээн үргэлжлүүлнэ дээ. Монголтой хүн амаар ойролцоо жижигхэн Гүрж, Эстони улс гадаадын 30 гаруй хэлээр сэтгүүл, товхимол, толь бичиг гаргадаг. Өөрсдийгөө дэлхий дахинд танилцуулж сурталчлахын тулд улсын зардлаар энэ бүгдийг хийдэг аж.
Ноднин жил есдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч В.В.Путинийг дагалдаж ирсэн 42 сэтгүүлчтэй Ю.Н.Кручкин уулзаж танилцуулах ярилцлага хийжээ. Уг нь тэд бүгдээрээ маш сайн бэлтгэл, мэдлэгтэй байх ёстой. Гэтэл Монголд хөл тавиад нэлээд гайхширсан байдалтай байжээ. Тэдний авсан мэдээлэл, төсөөлөл нүдээрээ харсан зүйлүүд хоорондоо шал өөр, газар тэнгэр шиг байсан аж. Жишээлбэл, наад зах нь Монголд таван давхараас дээш байшин байгаа гэж огт төсөөлөөгүй байсан гэнэ. Интернэтээс нэлээд зүйлийг мэдэж авах боломжтой ч тэд залхуурсан юм уу, тийм цаг байгаагүй ч юм уу, мэдэхгүй. Аль ч улс орных байлаа хэвлэл мэдээллийн хүмүүс маш их мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл ийм нөхцөлд бид жирийн хүмүүсийн тухай юу ярих вэ. Одоог хүртэл Оросоос хүмүүс түүн рүү утасдаад “Монгол руу явах гэж байна аа, виз яаж авах вэ” гээд асуугаад байдаг гэнэ. Ноднин жилээс визгүй болсныг хүмүүс мэдэхгүй байна л гэсэн үг. Энэ хэний буруу вэ. Үүнийг хэн мэдээлэх ёстой вэ. Иймэрхүү асуудал зөндөө гардаг нь нууц биш. Гадаадад амьдарч, сурч байгаа монголчууд үүнийг маш сайн ойлгож мэдэрдэг. Харин энд байгаа хүмүүс “Бид дэлхийн талыг эзэлсэн Чингисийн монголчууд” гээд суугаад байдаг нь буруу хандлага юм.
ОРОСЫН САЯ ГАРУЙ ИРГЭН ХУВЬ ТАВИЛАНГААРАА МОНГОЛТОЙ ХОЛБОГДДОГ
Хоёрхон сарын дараа Монгол, Оросын талаас бүтэн арми оролцож Квантуны армийн эсрэг тулалдаж Манжуурт бут цохьсоны 70 жилийн ой болно. Оросын талаас командлагч нь А.И.Плиев генерал байсан. Хойт Кавказаас гаралтай учраас нутгийн хүмүүстэй хөшөөг нь босгох талаар тэрээр ярилцаж байгаа аж. Монголын талаас ч оролцож дэмжиж байгаа хүмүүс бий гэнэ. Гэхдээ энэ нь Орос, Монгол төдийгүй олон улсын хэмжээний үйл явдал болно. Яагаад гэвэл, Дэлхийн II дайн албан ёсоор Манжуурт дуусчээ.
Ялалтын баярын 70 жилийн ойд Монгол Улс маш сайн оролцсон гэж оросууд дүгнэж байгааг тэрээр дуулгав. Мөн тэрээр энэ ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын туслалцаатайгаар “Монгол Улс анхдагч байсан” гэдэг номыг орос хэлээр гаргасан юм. Монголын нутаг дэвсгэрт бүр дээр үеэс худалдаа арилжаа хийж, тариа тарьдаг Оросын 10 орчим тосгон суурин байжээ. Эдгээр газраас хүмүүсийг цэрэгт дайчлан татаж дайнд оролцуулсан аж. Эрэгтэйчүүдийн тэн хагасыг нь аваад явсан. Тэд их гавьяа байгуулсан ч тэн хагас нь амь үрэгдэж эргэж ирээгүй. Энэ түүхийг одоо монголчууд сайн мэддэггүй юм байна. Гэхдээ энэ үйл явдлаар бахархаж болно. Тухайн үед эдгээр сууринд амьдарч байсан оросуудад паспорт ч байгаагүй. Тиймээс тэдний төрөл садан, хойч үеийнхэнд их сонирхолтой, ховор содон түүхийн баримт болж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ номын талаар “Өнөөдөр зарим хүний мэдэхгүй сонин түүхийн баримт гарч ирж байна” гэжээ. Яагаад гэвэл, тэр үед Монголын нутаг дэвсгэрт байсан Оросын 10 орчим тосгон суурин одоо бүгд байхгүй болжээ. Зүүнхараад хэдхэн хүн үлдээд байна. Цаг хугацааны эрх, хорвоогийн жамаар тэд ч бас цөөрсөөр байгаа билээ.
Энд цэргийн алба хааж байсан хүмүүсээс Зөвлөлтийн армид 300 генерал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс ОХУ-д нэлээд олон чадалтай, сонирхолтой, өргөн мэдлэгтэй хүмүүсийг бэлтгэж өгсөн гэж хэлж болно. ОХУ-ын Сангийн сайд А.Кудрин багадаа Чойбалсанд бага сургуульд явдаг байсан. Оросын Гадаад хэргийн сайд асан А.Панкин Зүүнхараагийн ойролцоо аав ээжтэйгээ амьдарч байжээ. Барагцаагаар хамгийн багадаа сая гаруй орос хүн Монголд сургуульд сурч, цэргийн алба хааж байсан гээд ажил амьдрал, хувь тавилангаараа холбоотой байна. Тиймээс монголчууд эх орондоо хэрэгтэй ямар нэгэн төслийг хэрэгжүүлэхдээ энэ хүмүүсийг ашиглах хэрэгтэй. Тухайлбал, Монголын төмөр замыг тавихад Оросын Төмөр замын цэргийн бүхэл бүтэн арми ирж байлаа. Гэтэл бусад оронд ганц, хоёрхон л хүн байсан байх жишээтэй. Тухайн үеийн байлдагч, офицер байсан залуус одоо маш том хүмүүс болцгоосон. Монголын бүх нарийн нандин зүйлүүдийг мэддэг. Тиймээс юу ч мэдэхгүй, Монголын талаар ямар ч төсөөлөлгүй гуравдагч орны хүмүүсийг авчирч байхаар энд ажиллаж амьдарч байсан оросуудын мэдлэг чадварыг нь ашиглаж болно. Тэд хэзээ ч татгалзахгүй шүү дээ хэмээн тэрээр халуун сэтгэл гаргах юм.
ХАЙРЛАХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ
Түүний номын садан нөхөд, хамтран ажиллагч, шавь нар нь “Анх орос хүн Монголын талаар дэндүү өргөн дэлгэр, хэт гүнзгий мэдлэгтэй, тэгээд дээр нь шүүмжлээд ч байгаа юм шиг санагдахад жаахан эвгүй байдаг. Бүр бидний мэдэхгүй зүйлийг ч мэдэж байх жишээтэй. Тэгээд бас болоогүй ээ арай гэж хийсэн ажлыг маань эрээн цоохор болтол засахаар эхлээд уур хүрнэ. Сүүлдээ ичиж, айдаг болдог юм. Тэгээд эцэст нь энэ хүнээс их зүйл сурч мэдэж байгаагаараа бахархдаг. Үнэхээр хайрлахгүй байхын аргагүй хүн шүү дээ. Монголд дэндүү элэгтэй” гэж ярьдаг, үнэлдэг юм билээ.
Харин тэрээр эхнэр хүүхдийнхээ талаар ярьж хувийн амьдралаа сонин хэвлэлээр дэлгэх дургүй. Үүнийгээ “Шар, бор аль ч хэвлэлээс би айдаггүй. Эхнэр хүүхдийн маань талаарх мэдээлэл зарим хүнд сонирхолтой санагддаг байж магадгүй. Гэвч сүүлийн үед иймэрхүү зүйл бичих нь хэт задгайрч, арай л дэндлээ шүү дээ. Би энэ талаар одоо биш таван жилийн дараа танай сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгч, хүмүүсийн тэгтлээ их сонирхоод байдаг хувийн амьдралаа дэлгэе” хэмээн эргэн уулзахын болзоо тавив. Монгол, монголжсон орос хүн аль нь ч байлаа гэсэн нялх бага хүүхэдтэй бол хар, цагаан хэл амнаас зугатаах нь гарцаагүй. Ирээдүй гэдэг ирээгүй цагийг тааж мэдэхгүй ч гарцаагүй ирэх нь тодорхой. Тиймээс эргэн уулзахын ерөөл тавин, бас бяцхан охиныг тань хүндэтгэн энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе. Тэр цагт Р.Чойномын шүлэглэсэнчлэн “Дассан, салсан годон гэзэгтүүд”-ийнхээ тухай задгай ярих биз ээ!
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин